Монгол Улс Японоос 60 орчим сая ам.долларын зээл авна

Хуучирсан мэдээ: 2010.11.23-нд нийтлэгдсэн

Монгол Улс Японоос 60 орчим сая ам.долларын зээл авна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн энэ сарын 15-19-ний өдрүүдэд Япон улсад хийсэн төрийн айлчлалын үр дүнгийн талаар Гадаад харилцааны сайд Г.Занданшатар өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Айлчлалын хүрээнд хоёр тал стратегийн түншлэл байгуулах шинэ зорилт дэвшүүлэн ажиллах болсон тухай онцлов.  Стратегийн түншлэл байгуулснаар хоёр улс харилцан ашигтай, бие биенээ нөхсөн харилцааг улам батжуулан хөгжүүлэх төдийгүй Азийн бүс нутаг болон олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө тулгамдаж буй улс төр, эдийн засаг, байгаль орчин зэрэг өргөн хүрээнд хамтран ажиллах боломж бүрдэнэ. Мөн хоёр улсын өндөр дээд хэмжээний яриа хэлэлцээг тогтмолжуулах, хоёр улсын Гадаад харилцааны сайд нарын айлчлалыг жил бүр хийж байхаар тусгажээ. Түүнчлэн эрчим хүч, хөдөө аж ахуй, байгалийн гамшгаас сэргийлэх чиглэлээр Монголын талаас 50 мэргэжилтэнг тус улсад сургахаар болсон байна.  
Япон улс нь Монгол Улсыг зах зээлд шилжсэн үеэс өнөөг хүртэлх хугацаанд тусламж дэмжлэгийг харамгүй өгсөөр иржээ. Монгол Улсад үзүүлсэн хөрөнгө оруулалтын хэмжээгээр эхний байр эзлэхгүй ч, чухал үеүүдэд тусламж хүргэж ирснээрээ үнэтэй хувь нэмэр оруулсаар ирсэн гэдгийг сайд энэ үеэр онцоллоо. Айлчлалын хүрээнд Япон улс нь  Монгол Улсад  60 орчим сая ам.долларын жилийн 0.15 хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээл олгохоор болжээ. Зээлийн хугацаа 40 жил, эхний арван жилд хүүгээс чөлөөлсөн байхаар гэрээнд тусгажээ. Уг зээлийг  Монгол Улсад жижиг, дунд үйлдвэр хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалахад зарцуулах юм байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Япон улсад айлчлахдаа амжуулсан бас нэг чухал ажил нь Японы 200 орчим бизнесийн төлөөллийг оролцуулсан бизнес уулзалт байжээ. Тус улсын бизнес эрхлэгчдийн хувьд Монгол Улсын уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулах сонирхолтойгоо илэрхийлжээ.
Нөгөө талаас төр засгийн хүрээнд хоёр тал  харилцан ашигтай, бие биенээ нөхсөн эдийн засгийн харилцаа хөгжүүлэх нөөц бололцоо байгааг онцолж, түүнийг бодит ажил хэрэг болгоход хоёр орны Засгийн газар, хувийн хэвшлийн нэгдсэн хамтын ажиллагаа чухал гэж үзсэн байна. Тухайлбал, Ерөнхийлөгч   “Монголын тал нүүрс, зэс, уран, ховор метал, газрын ховор элемент зэрэг эрдэс баялгаа ашиглахад тэргүүний технологи, туршлага бүхий Япон улстай хамтран ажиллах чухал шаардлага байгаа”  гэдгийг илэрхийлсэн гэлээ.
Харин Японы тал Монголын талын энэхүү байр суурийг хүлээн авч буйгаа мэдэгдсэн. Гол нь Монгол Улс эрдэс баялаг, ашигт малтмалын хөрөнгө оруулалтын орчноо улам боловсронгуй болгоход анхаарлаа хандуулан ажиллана гэдэгт найдаж буйгаа илэрхийлсэн байна. Түүнчлэн манай талаас уул уурхайн үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд шаардлагатай зам, тээвэр зэрэг дэд бүтцийн бүтээн байгуулалтад Япон улсын хувийн хэвшлийнхнийг оролцуулах сонирхолтойгоо илэрхийлсэн.   Японы тал Монголын талын энэхүү эрмэлзлийг хүлээн авч,  Монголын уул уурхай, дэд бүтцийн хэрэгцээ шаардлагатай уялдуулж, Японы “Шинэ хөгжлийн стратеги”-ийн хүрээнд хувийн хэвшлийнхээ үйл ажиллагааг цогцоор нь хөхиүлэн дэмжихэд анхаарал хандуулж ажиллахаа илэрхийлсэн тухай тэмдэглэлээ.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж