Холимог тогтолцоог авбал эмэгтэйчүүдэд ээлтэй хууль гарна

Хуучирсан мэдээ: 2010.11.23-нд нийтлэгдсэн

Холимог тогтолцоог авбал эмэгтэйчүүдэд ээлтэй хууль гарна

МАН-ын дэргэдэх Нийгмийн ардчилал-Монголын эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Д.Алтайтай ярилцлаа.

-УИХ-аар Сонгуулийн тухай, Жендэрийн тэгш байдлын тухай хуулиудын төслийг хэлэлцэх ёстой ч одоогоор гацаанд ороод байна. Гэтэл парламентын төвшинд эмэгтэй гишүүдийн тоо сонгуулиас сонгуульд цөөрсөөр байгаа. Ямар тогтолцоогоор сонгууль явуулбал энэ байдлаас гарч эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлж болох вэ?
-Монголд эмэгтэйчүүдийн оролцоо яах аргагүй дутагдаж байгаа хоёр гол талбар байгаа юм. Үүний нэг нь улс төр. Нөгөө нь эдийн засгийн эрх мэдлийн талбар. Улс төрийн талбарын хувьд 1992 оноос хойш УИХ-ын таван удаагийн сонгууль боллоо. Энэ бүх хугацаанд мажоритар тогтолцоогоор сонгууль явуулсан. Түүний хоёрт нь буюу 1992, 2008 онд томсгосон 26 тойргоор, гурван удаад нь буюу 1996, 2000, 2004 онд 76 жижиг тойргоор сонгууль хийсэн.
Энэ бүгдээс харахад жижиг 76 тойргоор сонгууль явуулахад эмэгтэй нэр дэвшигчид ялах боломж харьцангуй илүү байсан нь харагддаг. Тэр үед бүрэлдсэн парламентад эмэгтэйчүүдийн эзэлж байсан хувиар үүнийг хэлж болно. УИХ-ын анхны сонгууль 1992 онд болсон. Томсгосон 26 тойргоор санал хураасан энэ сонгуулиар эмэгтэйчүүдийн эзлэх хувь 3,9-хөн болтлоо буурсан. Өмнөх АИХ-ын депутатуудтай харьцуулбал тэр шүү дээ. АИХ-д эмэгтэйчүүд 24 гаруй хувийн төлөөлөлтэй байсан. Энэ тоо 1996 оны УИХ-ын сонгуулиар 10,5 хувь, 2000 онд бүрдсэн УИХ-д 11,8 хувьд хүрч өссөн байдаг. Гэтэл 2004 оны сонгуулиар эмэгтэйчүүдийн төлөөлөл бараг хоёр дахин буурч 6,5 хувь, 2008 оны сонгуулиар 1992 оны байдал руугаа ухарч дахин 3,9 хувь болоод байна. Томсгосон 26 тойргоор сонгууль явуулахад эмэгтэйчүүдийн оролцоо эрс буурч байгаа нь дээрхээс харагдаж байгаа. Ерөнхийдөө эмэгтэйчүүд улс төрийн намуудаас нэр дэвших, сонгуульд ялалт байгуулах нь тухайн сонгуулийг явуулсан тогтолцооноос хамаардаг нь ажиглагдсан.
Дэлхий нийтийн сонгуулийн практикаас харахад холимог тогтолцоогоор санал хураахад эмэгтэйчүүд парламентад илүү орж ирдэг болох нь харагддаг. Холимог тогтолцооны хувь тэнцүүлэх хувилбараар намууд нэр дэвшигчид дотроо эмэгтэйчүүдээ жагсаалтаар байршуулдаг.  Энэ нь эмэгтэйчүүд парламентад ороход арай дөхүү хувилбар юм гэдгийг гадаад орнуудын туршлага харуулдаг. УИХ-ын өнгөрсөн хаврын чуулганаар сонгуулийн хоёр ч хувилбар хэлэлцүүлэгт орж ирсэн. Үүний нэг нь Д.Лүндээжанцан нарын боловсруулсан хуулийн төсөл. Үүгээр улс орныг нэг тойрог болгоод эмэгтэй нэр дэвшигчдэд 15 хувийн квот тавьсан байгаа. Нөгөө хувилбар нь Л.Болд нарын хэсэг гишүүний өргөн барьсан хуулийн төсөл. Түүгээр Монгол Улсыг 8-10 томоохон тойрогт хувааж сонгууль явуулахаар тусгасан байсан. Тэр төсөлд эмэгтэйчүүдийн квотыг тусгаагүй. Гэхдээ тэр хувилбараар эмэгтэйчүүд арай түлхүү орж ирэх магадлалтай гэж хуулийн төсөл санаачлагчид ярьж байсан.

-УИХ дахь Ардчилсан намын бүлгийнхэн холимог тогтолцоог авна гэдэг дээрээ үндсэндээ тохирсон юм шиг байна лээ. Харин МАН-ын бүлгийн хувьд байр суурь сайн тодорхойгүй байх шиг харагддаг?
-Өнгөрсөн хаврын чуулганы сүүлээр МАН Удирдах зөвлөлөөлөөрөө хэлэлцээд, дараа нь УИХ дахь намын бүлгээрээ хэлэлцээд 76 гишүүний 26-г мажоритар тогтолцоогоор, 50-ийг пропорциональ буюу намуудаас нэрсийн жагсаалт гаргаж сонгуулийг холимог хувилбараар явуулъя гэсэн. Түүнийг ч Ардчилсан намын бүлэг зөвшөөрсөн. Гэхдээ яг яаж санал тоолох, намд өгөх санал, хувь нэр дэвшигчид өгөх санал дээр тэр 50 суудлыг яаж хуваарилах тал дээр хоёр нам нэгдмэл байр суурьт хүрч чадаагүй. Тийм шалтгаанаар тэр хуулийн төсөл өнгөрсөн хаврын чуулганы эцэст хэлэлцэгдэх гэж байгаад хойшилсон. Одоо энэ намрын чуулганаар хоёр нам зөвшилцөөд 26:50 гэдэг харьцаан дээрээ тогтож чадах юм бол эмэгтэйчүүдэд ээлтэй сонгуулийн хууль гарна.

-Хэрэв тэгвэл танай намын хувьд жагсаалтаа яаж гаргах бол?
-МАН-ын хувьд пропорционалиар дэвшүүлэх 50 нэр дэвшигчийн жагсаалтад намын дүрэмд байдаг 25 хувийн квотоо баримтлах юм бол  гурван эрэгтэй нэр дэвшигч яваад л дөрөв дэх нь эмэгтэй нэр дэвшигч орж ирнэ. Дахиад гурван эрэгтэй яваад л найм дахь нь эмэгтэй байна. Тэгээд намын нэрээр авсан саналаа нэр дэвшигчдэд хуваахад боломж ихэснэ. Нөгөө өөрийн нэрээр нэр дэвших 26 хүн дотор ч нийтэд танигдсан улстөрч эмэгтэйчүүд өрсөлдөнө. Тэднийг аймаг, нийслэлийн таван мандатад хуваахад мөн гарах магадлалтай. Тэгэхээр холимог хувилбар нь эмэгтэйчүүдэд илүү ээлтэй юм. УИХ-д суудалтай намуудын эмэгтэйчүүдийн байгууллага ч үүн дээр байр сууриа нэгтгэж гишүүддээ нөлөөлөх учиртай.

-Хоёр нам байр сууриа нэгтгэж чадахгүй энэ чигээрээ “унтаад” байвал байдал эвгүйгээр эргэж мэдэх юм гэсэн эргэлзээг төрүүлдэг. Та энэ “чимээгүй” байдлыг юу гэж үзэж байна?
-Хэрвээ ингэж цаг хугацаа сунжруулаад байвал хуучин хууль хэвээрээ үйлчлээд л 2012 оны сонгуулиар хуучин томсгосон 26 тойргоороо санал хураачихна. Тэрбум, тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийчихсэн хүмүүс чинь томсгосон тойргоороо явах сонирхолтой байна шүү дээ.

-Жендэрийн тэгш байдлын хууль яагаад бас чимээгүй болчихов?
-Одоо ярина. УИХ-аар хэлэлцэх нь зүйтэй гэчихсэн учраас улсын нэгдсэн төсвөө баталсны дараа залгуулаад ярих байх гэж бодож байгаа.

-Квот гэхээр манайд л байгаа юм шиг өрөөсгөл ойлгодог тал бий л дээ. Манай эрэгтэй улстөрчид ч үүнээс цааргалж байгаад бултах гэдэг муу талтай. Гадаад орнуудад энэ талын жишиг, туршлага юу байдаг бол?
-Гадаад орнуудад байлгүй яахав. Ардчилалд дөнгөж орж байгаа, хөгжил сул орнуудад 20, 25, 30 хувийн квотыг хэрэгжүүлж байгаа. Жендэрийн тэгш байдал нэлээд хангагдсан, өндөр хөгжилтэй улс орнуудад бол хоёр жендэрт гэсэн 40, 50 хувийн квот байдаг.

-Хоёр жендэрт гэдэг нь ямар учиртай юм бэ. Хоёр хүйст хоёуланд нь квот тогтооно гэсэн үг үү?
-ХБНГУ-ын Социал демократ нам ч гэдэг юм уу, Социнтерний гишүүн олон намд хоёр жендэрт 40,40 хувь гэсэн квот баримталдаг. Энэ юу гэсэн үг вэ гэвэл тухайн сонгуульд 40 хувь нь эрэгтэй, 40 хувь нь эмэгтэй хүн нэр дэвшинэ. Үлдсэн 20 хувьд эрэгтэй, эмэгтэй аль нь ч дэвшиж болно гэсэн үг л дээ. Ингэснээр аль нэг хүйсийн давамгайллыг хязгаарлаж өгч байгаа юм. Цахилгаан товчлуурын зарчим гэж байдаг. Жагсаалтын нэг дэх хүн эрэгтэй бол хоёр дахь нь эмэгтэй гээд ээлжлээд явдаг. Гурав дахь нь эрэгтэй, дөрөв дэх нь эмэгтэй байхад тав дахь нь харин аль ч хүйсийнх байж болно. Ингэж 40:40:20 гэсэн квотыг хангадаг.
Хэрэв эмэгтэйчүүдэд 25-30 гэсэн квотод эрчүүд дургүй байх юм бол хоёр хүйст квот тогтоох хувилбар ч байж болох юм. Төрийн захиргааны байгууллага дээр гэхэд дарга нь эрэгтэй бол дэд дарга нь эмэгтэй байна гэсэн зүйл дээр эрчүүд маань бас эмзэглэнгүй байгаа юм билээ. Жендэрийн тэгш байдал алдагдсан салбарууд манайд нэлээд бий л дээ.

-Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог дээшлүүлэхэд саад болдог олон шалтгаан бий. Уламжлалт зан заншил ч үүнд нөлөөлдөг. Эдгээрийг яаж давж туулах хэрэгтэй вэ?
-Тийм л дээ. Нийгмийн сэтгэл зүйд өнөөдөр ч оршсоор байгаа эмэгтэй хүнд хандах уламжлалт хандлагыг аажмаар өөрчлөх хэрэгтэй юм. Манлайлагч эмэгтэйчүүд Монголд олон бий. Тэднийг улс төрийн намуудын боловсон хүчний бодлого, иргэний нийгмээр дамжуулж олон нийтэд таниулах бодлого хэрэгтэй. Залуу эмэгтэйчүүдийг бодлогоор бэлтгэж таниулах хэрэгтэй байна. Эмэгтэйчүүдийн нэгдсэн хөдөлгөөн хэрэгтэй байна. Хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлчид ч эмэгтэйчүүдэд ханддаг хандлагаа өөрчилж, нийгмийн зүтгэлтэн талаас нь харуулах хэрэгтэй байгаа юм.

-Мянганы хөгжлийн хөтөлбөрт жендэрийн асуудлыг хэдэн хувьд хүргэнэ гэсэн билээ?
-Монгол Улсын мянганы хөгжлийн зорилтод Үндэсний парламентад эмэгтэй гишүүдийн эзлэх хувийг 2015 он гэхэд 30 хувьд хүргэнэ гэсэн стратегийн зорилт дэвшүүлсэн. Өнөөдөр орон нутгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн дарга нарын 16,2 хувь, төлөөлөгчдийн 30,2 хувь эмэгтэйчүүд байгаа. Төрийн үйлчилгээний албан хаагчдын 71,7 хувь, улс төрийн албан хаагчдын 22 хувь эмэгтэй, Засгийн газрын кабинетэд эмэгтэйчүүдийн төлөөлөл 6,6 хувь буюу ганц эмэгтэй сайд байна.

-Та эдийн засгийн талбарт эмэгтэйчүүдийн оролцоо бас дутмаг байна гэлээ. Үүнийг тэр бүр сөхөж ярьдаггүйг сая анзаарлаа…
-Эдийн засгийн эрх мэдлийн талбарт гэсэн үг шүү дээ. Энэ талын асуудлыг бага судалсан тул бид тэр бүр анхаарал хандуулж ярьдаггүй л дээ. Өнөөдөр ажиглаарай. Монголын томоохон компанийн эзэд ихэнх нь эрчүүд байгаа. Гэтэл жижиг, дунд бизнес, худалдаа үйлчилгээ эрхлэх нь эмэгтэйчүүдийн ажил болсон. Уул уурхай зэрэг ихээхэн ашиг олох салбарт эрчүүд илүү санаачлагатай ордог. Харин эмэгтэйчүүдэд шийдвэр гаргах төвшинд оролцоо бага, мэдээлэл хангалтгүйн улмаас үл хөдлөх хөрөнгө, том объектыг өмчлөх боломж бололцоогоор хязгаарлагдмал байдаг. Өөрөөр хэлбэл, улстөрийн талбартай нэгэн адил эдийн засгийн эрх мэдэл буюу өмч хөрөнгө зарцуулах, нийгмийн баялгийг хуваарилахад эрчүд илүү байр суурьтай байна.
Наад зах нь гэхэд уламжлалт монгол гэр бүлд эр нөхрөө гэрийн эзэн, өрхийн тэргүүн гэж хүндэтгэдэг. Тиймээс орон байр, хашаа, сууц, машин тэрэг гээд үнэд хүрэх үл хөдлөх хөрөнгө нөхрийн нэр дээр гэрчилгээтэй, түүний өмчлөлд байдаг. Ингээд гэр бүл салах тохиолдолд үл хөдлөх хөрөнгө нөхөрт үлдэж, эхнэр, хүүхэд нь хохирох, эдийн засгийн баталгаагаа алдах явдал түгээмэл гардаг. Манайд ялангуяа бизнесийн салбар, өмч хөрөнгө эзэмших байдалд статистик судалгаа хараахан хийгдээгүй тул энэ талын асуудлыг шинжлэх ухааны үндэстэй ярих боломж өнөөдөр хомс байна.

-МАН сая болсон ХХYI их хурлаараа женлдэрийн асуудлыг гайгүй шийдэх шиг болсон. Танай холбоо энэ чиглэлээр нэлээд ажилласан уу?
-МАН-ын дүрэмд 2005 онд жендэрийн талаар заалт оруулсан. Эмэгтэйчүүд намын аливаа сонгуульт байгууллагад 25 хувь байна гээд. Түүнийг энэ их хурлаараа МАН хэрэгжүүлмээр байна. Тэгвэл жинхэнээсээ шинэчлэлийн их хурал болно гэдгийг манай холбооны хурлаар өмнө нь яриад байсан. Манай намын удирдлага энэ саналыг хүлээж аваад сая ХХYI их хурлаар баталсан намын Бага хурлын гишүүд дотор яг 25 хувиа барьсан, 57 эмэгтэй орсон.  МАН-ын Удирдах зөвлөлд 21 хувь нь эмэгтэйчүүд боллоо. Дээр нь намын орон тооны болоод орон тооны бус нэг, нэг нарийн бичгийн даргыг эмэгтэй хүнээр сонгохоор боллоо.

-Тэднийг хэзээ сонгох вэ?
-Удахгүй болох МАН-ын Бага хурлаар сонгохоор болсон. Боловсон хүчний асуудлаар тусгай Бага хурал хийх юм. Үүгээрээ эмэгттэйчүүдийн квотыг хэрэгжүүлсэн, эмэгтэйчүүдэд ээлтэй  их хурал болж чадлаа.

                        Д.ОЮУНЦЭЦЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж