Инфляцийг нэг оронтой тоонд байлгахыг дэмжжээ

Хуучирсан мэдээ: 2010.11.24-нд нийтлэгдсэн

Инфляцийг нэг оронтой тоонд байлгахыг дэмжжээ

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан өчигдөр хуралдаж, "Төрөөс мөнгөний бодлогын талаар 2011 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийжээ. Эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхэд хоёр зүйлийг тодруулах санал гаргасныг Эдийн засгийн байнгын хорооноос гаргасан ажлын хэсгийн ахлагч Р.Буд гишүүн танилцуулсан байна. Тэрбээр хэлэхдээ ажлын хэсэг хоёр ч удаа хуралдаж, саналын томъёоллын ‘’Төрөөс мөнгөний бодлогын 2011 онд баримтлах үндсэн чиглэлийн 1.1-д заасан дунд хугацаанд эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах, хэрэглээний үнийн индексээр хэмжигдэх инфляцийг нэг оронтой тооноос хэтрүүлэхгүй байх бодлого баримтлана’’ гэснийг хэвээр нь үлдээнэ гэж тохирсон. Түүнчлэн Монгол банкнаас үзэж байгаагаар мөнгөний тэлэлт нэмэгдэж байгаа, хөрөнгө оруулалтын хэмжэээ ихэсч байгаатай уялдан, гурван зүйлийн аргачлалаар тооцож үзэхэд инфляци 16 хувь байхаар тооцоод байгаа. Гэхдээ УИХ-аас инфляцийг нэг оронтой тоонд байлгахаар санал нэгтэй шийдвэрлэсэн. Хоёрдугаарт нь дээрх тогтоолын 4-ийн Б-д ‘’Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны зах зээлийг бодитойгоор хөгжүүлж, хөрөнгө оруулалтын сан бий болгох, Засгийн газрын үнэт цаасыг дотоодын зах зээлд гаргах, төсвийн алдагдлыг дотоодын эх үүсвэрээс санхүүжүүлна’’ гэсэн заалтыг оруулахаар тусгасанаа тайлбарлалаа. Дээрх хоёр томъёололыг Байнгын хорооны гишүүд санал нэгтэй дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр тогтсон талаар УИХ-ын тамгын газраас мэдээллээ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж