804 тэрбумаар хувцас өмсөх үү, хувьцаа эзэмших үү?

Хуучирсан мэдээ: 2010.11.24-нд нийтлэгдсэн

804 тэрбумаар хувцас өмсөх үү, хувьцаа эзэмших үү?

УИХ-ын гишүүн С.Бямбацогттой ярилц­лаа.

-Ирэх оны төсвийг УИХ батлах гэж байна. Сон­гуулийн өмнөх жилийн төсөв гэдгээрээ нэлээд онцлогтой болж байна л даа. Хүний хөгжил сан­гаас гэхэд 804 тэрбум төгрөгийг бэлнээр та­раах нь. Иргэн бүрт 21 мянган төгрөг тараах энэ саналыг та хувьдаа юу гэж үзэж байгаа вэ?

-Хүний хөгжил сангийн тухай хуулийг бид 2009 онд баталсан. Энэ хуулиар хү­нийг хамгаалах, хөгжүүлэх, халамжлах бодлогыг занги­даж өгсөн. Харамсалтай нь, хү­нийг хөгжүүлэх, хамгаалах бодлого хэрэгжиж чадахгүй байна. Ганцхан  бэлэн мөнгө өгч халамжилж байгаа гэхэд болно. Өөрөөр хэлбэл, сон­гуулийн амлалт болох 1.5 сая төгрөгийг бэлнээр тараая л гэсэн санаа хэрэгжээд байна. Уг нь бид халамжийн өч төч­нөөн хууль хэрэглэж, бэлэн мөнгө ч чамгүй л тарааж бай­сан. Үр дүнд нь бэлэнчлэх сэт­гэлгээг өөгшүүлсэн. Ажил хийхгүй мөртлөө би ядуу байна гэхээр нь л төрөөс тэтгээд, дэмжээд байдаг. Ажил хийе гэсэн хүнийг дэмж­дэггүй, хавтгайрсан халам­жийн бодлого үр дүн муутайг мэддэг шүү дээ, уг нь. Тэгсэн хэрнээ сонгуулийн амлалтаа хэрэгжүүлэхийн тулд иргэн бүрт 21 мянган төгрөг сар бүр тараах гэж байна. Би хувьдаа үүнийг буруу гэж үзэж байгаа. Хавтгайрсан халамжаа зог­соож, бэлэнчлэх сэтгэлгээг өөгшүүлэх биш ажил хийдэг хүнээ дэмжих хэрэгтэй гэж байнга ярьж байгаа. Үр дүн гаргахын төлөө зүтгэж байна.

-Хэрэв 21 мянган төгрөг сар бүр тараавал эдийн засагт ямар өөрчлөлт гарах вэ. 804 тэрбум төгрө­гийг зах зээлд зүгээр л цацах гэж байна шүү дээ?

-Бид цалин, тэтгэвэр, тэтгэмжийг 30 хувь нэмчих­сэн. Дээр нь 804 тэрбум төгрөг тараавал тэр хэмжээ­гээр л эрэлт бий болно. Гэтэл нөгөө талд нь зах зээлд ний­лүүлэлт ямар байгаа билээ. Бараа бүтээгдэхүүн үйлдвэр­лэх, импортыг нэмэхээс өөр арга­гүй болно. Хэрэв ний­лүү­лэлт хомс байхад эрэлт өсвөл инфляц л хөөрөгдөнө. Өнөөдөр төсөв, мөнгөний бодлого хоорондоо уялдаж чадахгүй байгаа шүү дээ. Нийлүүлэлтийг дэмжье, хөрөнгө оруулалтыг нэмье гэхээр Монголбанкны бодло­гын хүү өндөр байгаа боло­хоор аж ахуйн нэгжүүд зээлийн дарамтад орчихсон. Нэг ёсондоо өндөр хүүтэй зээлийн дарамтаас болоод нийлүүлэлтийг дэмжиж чад­даггүй. Үүнтэй нь зэрэг­цээд төсвийн бодлогоороо хөрөнгө оруулалтыг биш иргэдэд өгсөн амлалтаа биелүүлэх гэж эрэлт, хэрэглээг л дэмжсэн бодлого явуулаад байна. Үр дүнд нь мэдээж инфляц өснө.

-Тэгээд таныхаар яах ёстой вэ. Нэгэнт л сон­гуулийн амлалт боло­хоор биелүүлэх ёстой биз дээ?

-804 тэрбум төгрөгийг бэлнээр тараах бус, иргэддээ илүү өөр боломжийг санал болгоё. Үнэхээр мөнгө хэрэг­тэй байгаа, өнөө маргаашийн хоолоо хүчрэхгүй байгаа хүмүүс нь сар бүр 21 мянган төгрөгөө аваг. Харин харь­цангуй боломжтой хэсэг нь энэ мөнгөө нийлүүлээд үйлдвэрлэл эрхлэх хэрэгтэй. Нэг сум 2000 хүнтэй гэж үзвэл 500 мянган төгрөгөө нийлүү­лэхэд нэг тэрбум төгрөг босно. Нэг тэрбум төгрөгөөр суманд хэрэгтэй байгаа талх, нарийн боов, оёдлын цех, эсгийний үйлдвэр гэх мэтчи­лэн шаардлагатай үйлдвэ­рийн хөрөнгө оруулалтыг хийе. Аймаг дунджаар 80 мянган хүнтэй гэвэл 500 мянган төгрөгөө нийлүүлэхэд 40 тэрбум төгрөг болно. Энэ мөнгөөр тухайн аймагтаа хэрэгтэй томоохон үйлдвэр барьж болно шүү дээ. Арьс шир боловсруулах, ноос ноолуур угаах, самнах, хүнс­ний ногоо савлах, алаг салат хийх гээд л, мод модон эдлэл, барилгын материал үйлд­вэрлэх боломж бий. Импор­тыг орлох, экспортыг дэмжих үйлдвэрүүд барьж болно. Энэ үйлдвэрийг байгуулахын тулд иргэд өөрсдийн 500 мянган төгрөгөөрөө л хорших юм. Мэдээж үйлдвэрт хөрөнгө оруу­лалт хийж байгаа боло­хоор хувьцаа эзэмшээд, өмч­тэй болж байгаа хэрэг. Давхар энэ үйлдвэрт хөрөнгө оруулсан хүн эхний ээлжинд ажилтай болно гээд зохицуу­лалт хийе. Ийм үйлдвэр байгууллаа гэхэд хүн өмчтэй, ажилтай, ногдол ашиг авдаг болно. Өөрөөр хэлбэл, ийм байдлаар 804 тэрбум төгрө­гийг хоол, хувцсанд зарцуу­лах бус иргэд өмчтэй, ажил­тай болоход зориулъя. Ингэ­вэл ирээдүйд байнгын орло­гын эх үүсвэртэй болох юм.Өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний бараг 80 гаруй хувийг импортоор авдаг манай улсын хувьд ийм бодлого ач тустай. Дотооддоо үйлдвэрлэдэг, бас экспортолдог болно. Энэ хэмжээгээр ч ажлын байр нэмэгдэнэ. Гаднаас авдаг импорт багасч, гадаад худалдааны алдагдал буурна. Эргээд ажлын байр нэмэгдэж, үйлдвэрлэл эрхэлж байгаа болохоор улсын төсөвт хүн амын орлогын албан татвар, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, НӨАТ гээд орлого нэмэгдэнэ. Тэр мөнгөөр нь улс ч гэсэн төвсийн орлогын дутагдлаа нөхөж болно шүү дээ. Өнөөдөр бид есөн хувийн алдагдалтай төсвийн төсөл батлах болчихоод алдагдлаа хэрхэн нөхөх вэ гэж толгойгоо гашилгаж байна шүү дээ.

-Тэгэхээр Хүний хөгжил сангаас зарцуулах мөнгөнд зөв менежмент хийвэл иргэн ч, улс ч орлогоо нэмэх бололцоотой гэсэн үг үү?

-Мэдээж. Энэ мөнгө буцаад төсвийн орлого бүрдүүлэх эх үүсвэр болно. Нөгөөтэйгүүр, Монгол Улсад хамгийн тулгамдсан асуудал болчихоод буй ажилгүйдэл, ядуурлыг шийдэх юм. Бэлэн мөнгө тарааж инфляцыг хөөрөгдөх үү, эсвэл хөрөнгө оруулалт, нийлүүлэлтийг дэмжиж инфляцыг тогтвортой байлгах уу гэсэн бодлого хэрэгжүүлэх шаардлагатай байна.

-Цаг хугацааны хувьд таны энэ саналыг УИХ дэмжих юм бол хэрэгжүүлэх бололцоо бий юү. Уг нь та энэ саналаа өмнө нь хэлж байсан ч намын бүлэг чинь дэмжээгүй биз дээ?

-Засгийн газар байгуулах үед Үйлдвэржилтийн хөтөлбөр гэж баталсан. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөө гаргасан. Сум, аймаг, бүр улсын хэмжээнд хэрэгтэй байгаа үйлдвэрүүдийн загварыг гаргасан байдаг. Харамсалтай нь, хөрөнгө оруулалтын эх үүсвэргүй болоод энэ ажил зогсчихсон юм.  Бид Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжихээр 2009, 2010 оны төсөвт тус бүр 30 тэрбум төгрөг тусгаж өгсөн. Харин 2011 онд нэг ч төгрөг тусаагүй л байна. Импортыг орлох бүтээгдэхүүнийг жижиг, дунд үйлдвэрлэл л бий болгож чадна гэдэг ч хөрөнгө мөнгө тавьдаггүй. Харин энэ асуудлыг нь Хүний хөгжил сангийн шугамаар шийдэж болох юм. Би энэ саналаа энэ оны нэгдүгээр сард бүлэгтээ тавьсан ч дэмжээгүй. Харин одоо дэмжээд явбал жижиг, дунд үйлдвэрлэлд 500 тэрбумын эх үүсвэр бий болох бололцоо байна. Цаашид өргөн хүрээнд зохион байгуулж ч болно. Яагаад гэвэл, бид иргэн бүрт 1.5 сая төгрөг гээд нийтдээ 4.5 их наяд төгрөг тараах гэж байгаа шүү дээ. Үүнээс 30 хувийг нь л миний санаагаар хэрэгжүүллээ гэхэд 1.5 их наяд төгрөг гэсэн үг. Энэ мөнгөөр жижиг, дунд үйлдвэрлэл Монгол Улсад хөгжих үүд хаалга, импортын хараат байдлыг арилгахад том дэмжлэг болно. Ажлын байр нэмэгдэж, ядуурал ч буурна.

-Та амьдралд хэрэгцээтэй байгаа хүн мөнгөө авч болно гэлээ. Харин хөрөнгө оруулалт болгоод үйлдвэр байгуулсан хүн хэдий хэмжээний ашиг хүртэх вэ?

-Нэг сумаар жишээ татъя. 3000 хүн амтай суманд талхны цех байгууллаа. Энэ цех зургаан сая төгрөгөөр босно. Өөрөөр хэлбэл, 30 хүний 2011 онд авах 252 мянган төгрөг буюу  сумын хүн амын нэг хувийнх нь л дэмжлэгээр босно гэсэн үг. 30 хүн гэдэг нь 7-8 өрх. Гэтэл талхны цехэд 10 ажлын байр бий боллоо гэхэд айл бүрээс нэг хүн ажилтай болж байгаа юм. Ажил хийж байгаа болохоор цалин авна. Сардаа нэг хүн 150 мянган төгрөгөөр бодоход жилдээ хамгийн багадаа 1.8 сая төгрөгийн цалин авна. Бас тухайн үйлдвэр таван сая төгрөгийн ашигтай ажилласан гэж тооцвол жилийн эцэст нэг хүн 170 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх юм. Ерөөсөө сар бүрийн 21 мянган төгрөгөө нийлүүлж үйлдвэр барихад л жилд хоёр сая төгрөгийн цэвэр орлого олох бололцоотой. Нөгөө талд нь, сум аймгаас талх зөөдөг байдал үгүй болж, үнэ нь ч хямдарна. Бас аж ахуйн нэгж ашигтай ажиллаж байгаа болохоор улсад татвар төлнө. Гэтэл тэр суманд ганцхан талхны цех биш оёдлын, эсгийний, арьс ширний гээд олон үйлдвэр хэрэгтэй. Тэр бүрийг иргэд нийлээд байгуулах бололцоотой.

-Таны энэ санал дэмжигдлээ гэхэд 2011 оноос хэрэгжүүлэх бололцоо байгаа юу. Ядаж л зохион байгуулах бүтэц хэрэгтэй болно шүү дээ?

-Аймаг болгонд Жижиг, дунд үйлдвэрийн газар байгуулсан шүү дээ. Энэ бүтэц бэлэн байгаа. Монгол Улсын хэмжээнд хүн амд нь таарсан, шаардлагатай үйлдвэрийн судалгааг ч гаргасан байгаа. Иргэд өөрсдөө сонгон шалгаруулаад л захирал, нягтлан, инженер юу байдаг юм шаардлагатай хүмүүсээ ажилд авчихна. Өөрсдөө ажиллаж байгаа болохоор хяналтаа ч тавина. Тэгэхээр менежментэд нь санаа зовох юмгүй гэсэн үг л дээ.

Ч.ГАНГЭРЭЛ.

Зохиогчийн эрх:
“Монголын мэдээ” сонин
.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж