Төсвийн байнгын хорооны хурал хойшлоод байна

Хуучирсан мэдээ: 2010.11.24-нд нийтлэгдсэн

Төсвийн байнгын хорооны хурал хойшлоод байна

УИХ-ын Төсвийн байнгын хороо өнөөдөр үдээс өмнө хуралдаж, Монгол Улсын 2011 оны нэгдсэн төсвийн төсөл, Хүний хөгжил сангийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийх байсан ч тодорхойгүй хугацаагаар хойшлоод байна. Учир нь УИХ дахь Ардчилсан намын бүлэг өчигдөр хуралдсан УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаас өнөөдөр 10.00 цаг хүртэл Хүний хөгжлийн сангийн тухай хуулийн төсөл дээр завсарлага авчээ. Тус бүлгийн хувьд 2011 оны нэгдүгээр сарын 1-нээс иргэн бүрт олгох 21 мянган төгрөгийг сонголттой болгох ёстой гэсэн байр суурь баримталж байгаа юм. Тухайлбал, бэлнээр 21 мянган төгрөгөө авъя гэсэн иргэнд сар тутамд түүнийгээ авдаг, харин хоршоод жижиг, дунд үйлдвэр байгуулах чиглэлээр тоног төхөөрөмж худалдан авах хүсэлтэй иргэддээ 21 мянган төгрөгийг бөөнд нь ваучер хэлбэрээр олгох боломжтой гэсэн байр суурь барьсан ч УИХ дахь МАН-ын бүлэг “Боломжгүй” гэж үзжээ. “Боломжгүй” гэсэн үндэслэлээ тус намын бүлэг “Хүний хөгжлийн сангийн тухай хуульд иргэддээ бэлнээр нийт 500 мянган төгрөгийг олгохоор заасан. Энэ дагуу явна” гэж үзэж байгаа аж. Тиймээс ирэх оны нэгдсэн төсвийг маргаашийн дотор багтаан УИХ батална гэсэн төлөвлөгөө талаар болж болзошгүй байна.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж