С.Дэмбэрэлийн өрсөлдөгч нар тодорч эхэллээ

Хуучирсан мэдээ: 2010.12.02-нд нийтлэгдсэн

С.Дэмбэрэлийн өрсөлдөгч нар тодорч эхэллээ

МҮХАҮТ-ын ээлжит Их хурал 12 дугаар сарын 08-нд болох талаар өмнө нь бид мэдээлсэн билээ. Тэгвэл тус хурлаар одоогийн удирдлагад итгэл үзүүлэх эсэх талаар сонгууль явуулах аж. Үндэсний зөвлөлийн шинээр сонгогдсон гишүүд, танхимын дарга, орлогч дарга, ерөнхий нарийн бичгийн дарга нарыг сонгон шалгаруулах эрхтэй бөгөөд энэ удаагийн сонгуульд С.Дэмбэрэл даргатай өрсөлдөх магадлалтай хэд хэдэн хүний нэрс тодроод байна.

Тэрбээр гурван удаагийн сонгуулийн хугацаанд ажиллаж байсан бөгөөд энэ удаа дөрөв дэх удаагаа нэр дэвших ажээ. Өмнөх сонгуулиар УИХ-ын гишүүн “молекул” Б.Батбаяр түүнтэй өрсөлдөнө хэмээн сүржигнэж байсан ч ноён С.Дэмбэрэл ногоон гэрлээр суудалдаа үлдсэн билээ. Харин одоогийн сонгуульд “Монгол-999” ХХК-ийн зарим нэг удирдлагууд, түүнчлэн “Урбанек”-ийн Б.Лхагважав нар нэр дэвших тухай дуулдаж байна. Гэтэл тус байгууллагын дүрмэнд зааснаар бол бизнесийн салбарт ашиг сонирхолгүй гэх мэт олон шаардлага бүхий заалт байдаг тул үүнд тохирох хүний тоонд танхимын гишүүн компанийн захирлууд тус байгууллагын орлогч дарга М.Оюунчимэгийг нэр дэвших магадлал өндөр гэж үзэцгээж байна. Тэрээр МҮХАҮТ-д сүүлийн 25 жил гаруйн хугацаанд үр бүтээлтэй ажиллаж байгаа эмэгтэй бөгөөд орос, англи, испани хэлийг төгс эзэмшсэн, гадаад дотоодод нэр хүндтэй, Испанийн өргөмжит консулаар томилогдон ажиллаж байгаа юм. Бизнесийн хүрээнийхэн түүнийг ОУОХ-ны хүндэт гишүүн Ш.Магваны охин гэдгээр нь мэднэ. Тиймээс ноён С.Дэмбэрэл энэ удаад хүчтэй өрсөлдөгч нартай нэгийгээ үзэх аж.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж