FIFA Ballon d’Or хэнд очих вэ?

Хуучирсан мэдээ: 2010.12.07-нд нийтлэгдсэн

FIFA Ballon d’Or хэнд очих вэ?

Хөлбөмбөгийн ертөнцийн оны шилдгүүдийг нэрлэх мөч ойртож байна. FIFA буюу Олон улсын хөлбөмбөгийн холбооноос 2011 оны нэгдүгээр сарын 10-нд Ballon d’Or-ын эзнийг зарлах учиртай. Түүнчлэн FIFA-гийн оны шилдэг эмэгтэй хөлбөмбөгч болон шилдэг дасгалжуулагчийг энэ өдөр Швейцарийн Цюрих хотноо тодруулах юм.

Харин FIFA-гийн удирдах албаны гишүүд Парис хотноо байрлах L’Equipe өдөр тутмын спортын сонины байранд өчигдөр хэвлэлийн бага хурал хийж, 2010 оны FIFA Ballon d’Or шагналын төлөө эцсийн шатанд өрсөлдөх гурван тоглогчийн нэрийг зарласан байна. Тус хэвлэлийн хуралд FIFA-гийн ерөнхий нарийн бичгийн дарга, France Football сэтгүүлийн гүйцэтгэх захирал, FIFA-гийн Хөлбөмбөгийн зөвлөлийн гишүүд оролцжээ.

FIFA-гийн оны шилдэг тоглогч болон Европын шилдэг хөлбөмбөгчид олгодог Ballon d’Or-ыг нэгтгэж, энэ жилээс ердөө ганц тоглогчид энэхүү эрхэм шагналыг гардуулахаар болсон билээ. Харин FIFA Ballon d’Or-ын төлөөх өрсөлдөөний эцсийн шатанд “Барселона” клубын гурван тоглогч тунасан нь Лионель Месси, Шави болоод Андрес Иньеста. Мессигийн хувьд өнгөрсөн жил дээр дурдсан хоёр шагналыг хоёуланг нь хүртэж байсан авьяаслаг хөлбөмбөгч.

Харин Шави, Иньеста нар өнгөрсөн улиралд “Барса”-г Ла лигийн аваргын цом хүртэхэд хувь нэмрээ оруулсан төдийгүй Испанийн шигшээ багийн хамтаар дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд анх удаа түрүүлсэн юм. Финалын тоглолтод нэмэлт цагт Голландын багийг хожиход Иньеста гоолдож, багтаа түүхэн ялалт авчирсан билээ.

Мессигийн тухайд ДАШТ хар дурсамж болон үлдсэн. Од болон гялалзана гэсэн фанатуудынхаа итгэлийг хөсөрдүүлж, ганц ч гоол оруулж чадаагүй тэрбээр шөвгийн наймд аргентинчууд 4:0-ээр Германы багт ялагдсанаар нутаг буцсан юм.
2010 оны шилдэг дасгалжуулагчид нэр дэвшсэн гурван хүний хоёр нь мөн испани мэргэжилтэн байгаа. “Барселона” клубын Пеп Гуардиола, Испанийн шигшээ багийн Висенте дель Боске, “Интер Милан”-ы Жозе Моуриньо нар шигшигдэн үлджээ.

Харин оны шилдэг эмэгтэй тоглогчийн шагналд Бразилийн Марта, Германы Лира болон Биргит Принц нар эцсийн шатанд өрсөлдөж байгаа бол эмэгтэйчүүдийн багийн шилдэг дасгалжуулагчийн шагналд Германы 20-иос доош насныхны шигшээ багийн дасгалжуулагч Марен Майнерт, Германы шигшээ багийн дасгалжуулагч Силвиа Найд, АНУ-ын шигшээ багийн дасгалжуулагч Пия Сандхейж нар өрсөлдөж байна.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж