“Хүний хөгжил сан”-гийн санхүүжилт дуусаагүй гэлээ

Хуучирсан мэдээ: 2010.12.07-нд нийтлэгдсэн

“Хүний хөгжил сан”-гийн санхүүжилт дуусаагүй гэлээ

Иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан иргэд “Хүний хөгжил сан”-гаас олгож буй 50 мянга төг­рөгийг 10 мянгаар нь цувуулж сар бүр саадгүй авах учиртай. Төлөвлөж байс­наар уг мөнгийг энэ сарын сүүлч гэхэд олгож дуусах ёстой. Хол­богдох хүмүүс нь “Бүртгэлээ хийлгэчих юм бол таны мөнгө удлаа гэхэд сарын дараа  дансанд чинь орчихно” хэмээж байсан билээ.  Уг нь энэ бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний дөнгөж 50 хүрэхгүй хувьтай тэнцэх хэмжээний л мөнгө. Гэхдээ Монгол Улсын хоёр сая 600 гаруй мянган /Хүн ам, орон сууцны тоол­логын хариу гараагүй байгаа/ иргэний ихэнх нь энэ мөнгийг авах гэж өдөржин, шөнөжин дугаарлаж, банк­ны үүдээр эргэлдэж байгаа нь хэн бүхний нүдэнд ил зүйл. Одоо­гийн байдлаар манай улсын 16-гаас дээш насны нийт иргэний 83 орчим хувь нь шинэчилсэн бүртгэлд бүртгүүлээд байгаа аж. Тэгэхээр одоо бүртгүүлбэл зохих, бас мөнгөө авах эрх нь нээгдээгүй 300 мянга орчим хүн үлдсэн болж таарч байна. Үүнээс гадна бүртгэлдээ хамрагдсан хүмүүс ч мөнгөө авч чадахгүй байна. Хэрвээ шинэ он гарчихвал энэ онд олгох байсан мөнгөний санхүүжилт хэвээр байх уу гэдэг асуулт бас үүнээс гарч ирнэ. Энэ талаар холбогдох газ­руудаар нь орж сурвалжилсан юм.

Арилжааны банкны салбаруудаар  “Хүний хөгжил сан”-гийн мөнгөө авахаар дугаарлаж буй хүмүүс олон байв. Зарим нь мөнгөө аваад гарч байгаа бол “Таны мөнгө ороогүй байна” гэх хариултыг сонсоод гарч байгаа хүн ч цөөнгүй байх аж. Ямартай ч банкны ажилчид “Манайд санхүүжилт байгаа. Мөнгө авах эрх нь нээгдээгүй хүмүүс олон байна” гэх хариултыг өглөө. Иргэний шинэчилсэн бүртгэлд бүрт­­гүүлсэн иргэдийн нэрсийг хо­­роо­ноос нь Улсын бүртгэлийн ерөнхий газарт өгдөг. Харин Улсын бүртгэлийн ерөнхий газрынхан Хө­дөлмөр, халамж үйлчилгээний газарт хүргүүлдэг билээ. Улмаар нэр нь очсон хүмүүсийн мөнгө сарын дотор дансанд нь орох ёстой юм.

Улсын бүртгэлийн ерөнхий га­зарт очиход урт дараалал үүсгэсэн хүмүүсийн танил дүр зураг угтав. Гэхдээ энэ удаад иргэд бичиг барим­тын лавлагаа авахаар бус  “Мөнгө маань ордоггүй. Яасан юм бол” гэдэг асуултад хариулт авахаар дугаарлаж байлаа. Өчигдөр өглөө 11 цагийн орчимд тус газрын төв байрны ард та­лын “1890 Улсын бүртгэлийн нэгд­сэн лавлагаа” гэсэн хаягтай хаал­га руу орохоор 100 гаруй иргэн ду­гаарлан зогссон байв. Иргэд нэлээд хэд хоногийн өмнөөс ийнхүү дугаарлаж байгаа бөгөөд сүүлийн үед харьцангуй цөөрөөд байгаа нь энэ аж. Уг нь Иргэний шинэчилсэн бүртгэлд ямар нэг бичиг баримтын зөрчилгүй хүнийг бүртгэсэн бай­маар. Гэтэл бүртгүүлээд мөнгөө авах гэхээр “Зөрчилтэй байна. Яасан юм бол” гэх асуултыг эргүүлж асуу­гаад эндээс ч тодруул, тэндээс ч асуу гээд явуулаад байгаа аж. Ямар­тай ч энэ нь иргэний бүртгэлдээ хам­­рагдсан иргэдийн биш, тэднийг бүртгэсэн, нэрсийг нь явуулаагүй төрийн байгууллагын ажилтнуудын алдаа бололтой. УБЕГ-ынхан 1890 дугаарт залган Хөдөлмөр, халамж үйл­чилгээний газар руу явуулсан нэрс болон, өөрийн зөрчлийг лавлаж бол­но хэмээж байгаа ч утасны цаадах мэргэжилтнээс хариулт авсан нэг ч хүн байхгүй бололтой юм би­лээ. Учир нь тэр утас нь залгаад авдаггүй, ав­сан ч утасны нэгж үрээд юу ч дуугардаггүй гэдгийг олон хүн хэлсэн. Тус газраас  гарч ирж буй иргэд “Нэг хүүгийн маань насыг буруу биччихсэн байна. Бусдынхыг нь шивж явуулаагүй байна гэнэ. Овгийн үсгийг нь бу­руу биччихэж. Нэгнийх нь мөнгө 14 хо­ногийн дараа, нөгөөхийнх нь мөн­гө 10-аад хоногийн дараа орно гэнэ” гэх хэдхэн  хариулттай гарч ирж байлаа. Бас иргэд “Сан­хүүжилт нь байгаа байлгүй дээ” гэх аж. УБЕГ-ын Иргэний баримтын архи­ваас лавлагаа авах гэсэн хүний тоо урьдынхаасаа үл мэдэг цөөрсөн харагдсан.

Иргэдийн дунд санхүүжилт нь дуусчихсан юм болов уу, он гарчихвал мөнгийг маань өгөх болов уу гэх хардлага ч байгаа юм билээ. Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын Халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга Д.Чойжилсүрэнгээс энэ талаар тодрууллаа.  

-Одоогийн байдлаар Монгол Улсын хүн амын хэдэн хувь нь 50 мянган төгрөгөө авсан бэ?

-Хамгийн сүүлийн мэдээллээр 52 орчим хувь нь авсан бай­на. Шинэ­чилсэн бүртгэлдээ хамраг­даагүй, зөрч­лөө арилгуулаагүй хүмүүсийн мөнгө авах эрх нээгдээгүй байгаа.

-Уг мөнгийг энэ сард олгож дуус­на гэж байсан. Гэтэл он дуу­сах дөхөж байна. Аваагүй хүмүүсийн мөнгийг яах вэ. Сан­хүүжилт нь дуусчихаад хүмүүсийг явуулаад байгаа юм биш биз дээ?

-“Хүний хөгжил сан”-гийн сан­хүү­жилтийг Засгийн газраас бү­рэн хийчихсэн. Банкуудад байр­шуул­чих­сан байгаа. Он гарсан ч уг мөнгө байх ёстой газраа байж л байна. Тий­мээс санаа зовох хэрэггүй. Хэзээ ч авч болно.

Т.УРАНГЭРЭЛ

Зохиогчийн эрх:
 "Улс төрийн тойм" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж