Х.Цагаанбаатар ганцаараа хүрэл медаль хүртлээ

Хуучирсан мэдээ: 2010.12.11-нд нийтлэгдсэн

Х.Цагаанбаатар ганцаараа хүрэл медаль хүртлээ

Японы нийслэл Токио хотноо болж буй “Их дуулга”-ын тэмцээнд эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд хүрэл медалийн болзол хангаад байсан Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, дэлхийн аварга Х.Цагаанбаатар мөнгөн медалийн төлөөх барилдаанд ялагдлаа.

Эхний тойрогт Финляндын Антти Ринтамакиг цэвэр, дараа нь Японы жүдоч Масаши Кодераг юүко үнэлгээгээр ялснаар хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй болсон манай тамирчин Францын бөх Лоич Корвалийг цэвэр ялж, медалийн болзол хангасан юм. Харин мөнгөн медалийн төлөөх барилдаанд ОХУ-ын жүдоч Муса Могушковт цаг дуусахын өмнөхөн цэвэр ялагдаж, харамсалтай нь, медалийн өнгөө хувиргаж чадсангүй.

"Их дуулга"-ын тэмцээний эхний өдөр буюу өнөөдөр Д.Төмөрхүлэг /60 кг/, Г.Болдбаатар /60 кг/, С.Мияарагчаа /66 кг/, Х.Цагаанбаатар /66 кг/, М.Уранцэцэг /48 кг/, М.Бундмаа /52 кг/ нарын манай зургаан жүдоч Токиогийн татамид гарч, барилдсанаас Х.Цагаанбаатар ганцаараа медалийн тавцанд гарлаа.

Харин маргааш эрэгтэйчүүдийн 73, 81, 90 кг, эмэгтэйчүүдийн 57 ба 63 кг-ын жингийн барилдаан болох бөгөөд Монголын баг тамирчдаас 90 кг-ын жинд Э.Энхбат хүч үзнэ. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт БНСУ-ын Сувон хотноо болсон “Дэлхийн цом”-ын тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн билээ.

Х.Цагаанбаатарын хувьд өнгөрсөн сард болсон “Гуанжоу-2010” Азийн наадам, залгуулаад Абу Дабид болсон гран-при, улмаар Сувоны “Дэлхийн цом”, тэндээсээ шууд Токиогийн “Их дуулга” гээд дөрвөн тэмцээнд дараалан оролцоод байна. Тэрбээр оролцсон тэмцээн болгондоо амжилт гаргаж, медальтай ирж байгаа нь түүнийг IJF-ийн чансааны тэргүүлэгчийн байр сууриа хадгалж үлдэхэд том нөлөө үзүүлж байгаа юм. Сонирхуулахад, IJF буюу Олон улсын жүдо бөхийн холбооноос бөхчүүдийн шинэчилсэн жагсаалтыг энэ сарын 7-нд гаргасан бөгөөд 66 кг-д манай тамирчин Х.Цагаанбаатар 1272 оноогоор тэргүүлж байна. Харин хоёрт эрэмбэлэгдсэн ОХУ-ын шилдэг бөх Алим Гаданов 1146 оноотой байгаа бол Монголын жүдоч С.Мияарагчаа 956 оноотой дөрөвдүгээрт жагсчээ.

С.Цэлмэг
Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж