Дулаанд ажилладаг багажаар утааг бууруулж чадах уу

Хуучирсан мэдээ: 2010.12.13-нд нийтлэгдсэн

Дулаанд ажилладаг багажаар утааг бууруулж чадах уу

Дулааны улиралд ажилладаг багажаар өвлийн утааг бууруулж чадах уу, хотын дарга аа

Гэр хорооллын айлуудын түү­хий нүүрсний хэрэглээг багасгах нийслэлийн Засаг даргын захирамж агаарт утаа шиг замхрав бололтой. Тэрбээр саяхан нийслэлийн дүүргийн Засаг дарга нарыг утаатай гудамжаараа өөрсдөө алхаад үз хэмээн загнасан. Бас нийслэлийн Засаг даргын орлогч Д.Ганболдоор ахлуулсан ажлын хэсгийнхэн “Боловсруулсан түлш хэрэглэ” гэдэг тушаал өгсөн нийслэ­лийн зарим хороодоор орж шал­галт хийсэн билээ.  Гэхдээ хотын мэр өөрийн удирдлага доорхи хүмүүсээ загналаа гээд нийслэлчүүд утаанаас мөддөө салах шинж алга. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн есдүгээр хороо­гоор орж иргэдээс түүхий нүүрс­нийхээ хэрэглээг багасгасан эсэхийг нь тодруулахад “Боловсруулсан түлш бараг зарахгүй байгаа. Тэгээд ч илч муутай, амархан шатдаг болохоор мөнгө их зарцуулах хэрэгтэй болдог” гэсэн хариултыг хэлсэн юм. Мөн тус хорооны Засаг дарга У.Ганцацрал “Нийслэлийн Засаг даргын 368 дугаар захирамжаас шалтгаалж амьжиргааны түвш­нээс доогуур орлоготой айл өрхүү­дийн өвөлжилтийн байдал хүнд­рэх шинжтэй байгаа. Учир нь боловс­руулсан шахмал түлш түүхий нүүрснээс өндөр үнэтэй, амархан шатаад дуусчихдаг, илчгүй байх шиг байна” гэв. 

Дэлхийн улс орнуудад агаарын бохирдлыг автомашины хорт утаа голч­лон үүсгэдэг гэдэг. Харин манай улсад гэр хорооллын айлуудын түлж буй түүхий нүүрс агаарын бохирдлын 70 орчим хувийг, 20 гаруй хувийг  нь авто тээврийн хэрэгслээс ялгардаг хорт утаа үүсгэдэг байна. Түүнчлэн автомашинаас 260 гаруй төрлийн хорт хий, хүнд металл ялгарч байдаг гэсэн эрдэмтдийн судалгаа байдаг аж. Хамгийн хортой бохирдол нь хар тугалга. Уг металл нь хүний эрүүл мэнд, ялангуяа хүүхдийн эрүүл мэнд, оюуны чадамж, тархинд шууд нөлөөлдөг бөгөөд биеийн өсөлтийг нь зогсоодог байна.

 Иймд Нийслэлийн Агаарын чанарын албанаас авто тээврийн хэрэгслээс ялгарч байгаа хорт утааг багасгах зорилгоор бохирдол хэмжих багажийг туршиж эхэлсэн. Тус албаны авто тээврийн бохирдол хариуцсан мэргэжилтэн О.Алтангэрэлээс энэ талаар тодрууллаа.

-Автомашины бохирдол хэмжих багаж туршиж байгаа гэсэн. Хэр үр дүнтэй байгаа бол?

– Нийслэлийн Агаарын чанарын албанаас агаарын бохирдлыг бууруу­лах ажлын хүрээнд хяналт, шал­галт хэмжилтийн ажлыг хийдэг.  Үүний дагуу Англи улсад үйлдвэр­лэ­сэн автомашины угаарын хий буюу дутуу шаталтаас үүсэх нүүрстөрөгчийн дутуу исэл хэмжих “СО” хэмээх гар багажийг оруулж ирсэн. Нийт 18 ширхгийг авснаас 15 ширхгийг нь Замын цагдаагийн газарт хүлээлгэн өгсөн. Хотын төвийн зургаан дүүрэгт тус бүр хоёр ширхэг,  алслагдсан гурван дүүрэгт нэг, нэгийг өг­сөн байгаа. Цагдаа нарт багажийг яаж ажиллуулах талаар завлөгөө өгч, сургалт явуулсан. Одоохондоо хэрэглэж эхлээгүй. Цагдаа нарт дахин нэмж зааварчилгаа өгөх шаардлага  байгаа юм.

-Бохирдлыг яаж шалгаад, хариуцлагыг хэрхэн тооцох юм бэ?

-Автомашины яндангийн утаанд хэмжилт хийгээд Монгол Улсын MNS5013:2009 стандарт дахь угаарын хийн хүлцэх хэмжээтэй харьцуулан үзэж, зөвшөөрөгдөх хэмжээнд байна уу гэдгийг шалгана. Улмаар стандартаас давсан тохиолдолд Замын цагдаагийн газраас арга хэмжээ авна. Гэхдээ манайд арга хэмжээ авах эрх зүйн үндэс байхгүй. Эхний удаад тээврийн хэрэгслийн зөрчлийг арилгах талаар сануулга өгөх байх. Цаашилбал, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн замын хөдөлгөөнд бүрэн техникийн хэрэгсэлтэй оролцох гэсэн заалтыг зөрчсөн гэдэг үндэслэлээр улсын дугаарыг хураах хүртэл арга хэмжээ авна.  Дугаараа хураалгасан жолооч нар зөрчлөө арилгаж, оношлогооны төвөөс бичиг аваад дугаараа авах боломжтой болно.

Тус багажийг оруулж ирэх компа­нийг тендер зарлаж, шалгаруулсан бөгөөд багаж тус бүрийн өртөг нь хоёр сая орчим төгрөг аж. Цагдаа нар эхний ээлжинд бохирдол ихтэй  байх  магадлалтай,  утаа их ялгаруулдаг машинуудад хэмжилт хийх юм байна. Нийслэлийн агаарын чанарын албаны мэргэжилтнүүд “Яг хэзээнээс ашиглаж эхлэхийг сайн мэдэхгүй байна. Цагдаа нарт дахиад бяцхан мэдээлэл хийх хэрэгтэй байгаа” гэсэн юм. Иймд Замын цагдаагийн газрын тасгийн дарга, хурандаа С.Пионероос энэ талаар тодруулахад “Одоогийн байдлаар манайх багажийг ашиглаагүй. Нийслэлийн Агаарын чанарын албанаас 15 ширхэг гар багаж өгсөн. Гэхдээ тэр багаж нь хасах градуст ажилладаггүй юм байна лээ. Нэгэнт хүний эд хогшилд хяналт шалгалт хийж, арга хэмжээ авах гэж байгаа бол үнэн, зөв хариу гаргаж чадахгүй багаж бариад зогсч байж болохгүй. Тиймээс дулааны улиралд л хэмжилт хийх юм шиг байна” гэх хариултыг өглөө. Замын цагдаагийн газраас энэ хариултыг сонссоны дараа нийслэлийн Агаарын чанарын албаны авто тээврийн бохирдол хариуцсан мэргэжилтэн О.Алтангэрэлтэй утсаар  холбогдож хамгийн их агаарын бохирдолтой байдаг өвлийн улиралд ажилладаггүй багажийг яагаад оруулж ирснийг нь асуусан юм. Тэрбээр “Багаж нийлүүлэх компанийг үнэлгээний хорооноос шалгаруулсан. Бусад улс орнууд манайх шиг гадаа хэмжилт хийдэггүй. Тиймээс хүйтэнд хэмжилт хийдэг багаж байдаггүй юм билээ. Тэгээд ч машины бохирдлыг дотроос нь хэмжиж болно” гэсэн юм.

Эндээс утаатай тэмцэх нийслэлийн ЗДТГ-ын дарга, мэргэжилтнүүдийн зүтгэл ерөнхийдөө амжилтгүй байгаа нь тодорхой аж.  Нүүрс түлүүлэхгүй гэхээр боловсруулсан түлш нь байдаггүй, багаж ашиглах замаар утаа бууруулна гэсэн нь зуны улиралд  л ашиглах боломжтой гээд бодоход шүү дээ.

Т.УРАНГЭРЭЛ

Зохиогчийн эрх:
 "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж