Онгоцны осолд цаг агаар нөлөөлсөн үү?

Хуучирсан мэдээ: 2010.12.17-нд нийтлэгдсэн

Онгоцны осолд цаг агаар нөлөөлсөн үү?

Гаитигаас Кубын Сантиагогоор дамжин Кубын төвд буух ёстой байсан Аэрокарибын нислэг арваннэгдүгээр сарын 4-нд осолдсон билээ. Кубын агаарын тээврийн удирдлагууд 68 хүний амийг авч одсон уг онгоцны ослыг цаг агаарын байдал болон хөлгийн багийн гишүүдийн буруутай үйл ажиллагаатай холбож тайлбарлаж байна. Энэхүү осол нь Куба улсад сүүлийн 20 жилд болсон хамгийн том осол, гарз хохирол юм. Зургаан долоо хоногийн шалгалт, мөрдлөгийн дүнд онгоцны хос сэнсэн хөдөлгүүрт ямар нэг гэмтэл, саатал гараагүйг олж тогтоожээ.

“Цаг агаарын нөхцөл муудахаас өмнө онгоц нислэгээ хэвийн үргэлжлүүлж байсан ч далайн төвшнөөс дээш 6100 метрийн өндөрт хүрэхэд их хэмжээний мөстөлт, цан үүсч онгоцны хөдөлгүүрүүд зогссон. Гэвч хөлгийн багийнхан үүссэн нөхцөл байдлыг зохицуулж чадалгүй осол болоход хүргэсэн байна” гэж агаарын тээврийн хэрэг шалгах комиссын тайланд бичжээ. Кубын төв хэсгийн Гуасималын ойролцоох ойд унасан онгоцны ослоос ямар ч хүн амьд гараагүй юм. Аврах албаныхан болон нутгийн оршин суугчид ослын газарт хүрэхэд ихээхэн бэрхшээлтэй байсан тул бульдозер ашигласан байна. 

Б.Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж