Шинэ түүхийн тууз хайчилсан айлчлал

Хуучирсан мэдээ: 2010.12.20-нд нийтлэгдсэн

Шинэ түүхийн тууз хайчилсан айлчлал

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    ОХУ-ын Засгийн газрын тэргүүн Владимир Путины урилгаар тус улсад хийсэн Ерөнхий сайд С.Батболдын айлчлал богино хугацаанд их зүйлийг амжуулсан, хамгийн үр дүнтэй айлчлалуудын нэгэн болж өнгөрсөн юм. Энэ айлчлалын үеэр хоёр орны харилцаа хамтын ажиллагааны өнөөгийн төвшинг эрс дээшлүүлсэн арваад гэрээг батлан хоёр тал гарын үсэг зурцгаалаа.
    Хэд хэдэн хэлээр чөлөөтэй ярьдгаараа гайхагддаг ОХУ-ын Засгийн газрын тэргүүн  В.Путин  Ерөнхий сайд С.Батболд болон монголын төлөөлөгчдөөс зориуд асууж байж “Тохирлоо” гэсэн монгол үгийг сурч авсан билээ.

    Тэрээр энэ үгийг зүгээр ч нэг сонирхож сурах гэсэнгүй. Харин уламжлалт сайн хөршийн харилцааг хадгалж ирсэн Монгол оронтой харилцааны илүү дэвшилтэт шинэ үе шатыг эхлүүлэхийн өмнө тулгамдаад байсан зариим нэг асуудлыг нэгмөсөн шийдэж цаашдын замаасаа саад болж байсан “чулууг” эгнэгт зайлуулахаар тохирсноо илүү баталгаатай илэрхийлэхийн тулд ийнхүү монгол үг сурчээ.Ерөнхий сайд С.Батболдын хувьд ч олны анхаарлыг хамгийн их татаж, шийдэл хүлээн эгзэгтэй байдалд орсон өрийн тухай маргаанаас өгсүүлээд хэд хэдэн асуудлыг шийдэх нь эн тэргүүний зорилт болж байсан болов уу. Хоёр улс хоёулаа өндөр ач холбогдол өгсөн энэхүү айлчлалын бүрэлдэхүүнд Монголын талаас хөгжлийн тэргүүлэх салбарын сайдууд оролцсон нэлээд хүчтэй баг ажилласныг тэмдэглэх хэрэгтэй.

    Орос Монголын хооронд өрийн асуудал байхгүй

    Энэхүү айлчлалын өмнө өрийн үлдэгдлийн асуудлыг Оросын тал нэлээд өндөр авахуулж бүр Парисын клубт хүртэл асуудал болгон тавьсан байсан нь манайд тийм ч таатай бус нөхцөл үүсгээд байсныг хэлэх хэрэгтэй. Тэгвэл энэ удаагийн айлчлалын үр дүнд  монголчууд биднийг байн байн түгшээдэг байсан “Их өрийн” үлдэгдлийг Монголын талд маш онцгой хөнгөлөлттэйгээр нэгмөсөн шийдэж цаашид өрийн асуудал хаагдлаа  хэмээн ОХУ-ын Засгийн газрын тэргүүн зарлав. Тэгээд ч зогсохгүй ноён В.Путин үүнийгээ баталгаажуулж монголоор “тохирлоо” гэж хэлээд Ерөнхий сайд С.Батболдтой гар барьжээ. Амар биш энэ асуудалд Ерөнхий сайдын айлчлал тодорхой хариултыг өгч их өрийн үлдэгдлийг  бүрэн шийдсэнээр  одоо зөвхөн 3.8 сая ам. долларыг Монгол улсын засгийн газар нэг удаа төлөх л үлдэж байна. Энэ нь Монгол улсын төсөвт огтхон ч дарамт үзүүлэхгүйгээр шийдэж болох маш бага хэмжээ гэж салбарын сайд нь баталж байв.

    Нөгөө талаар өрийн тухай асуудал Орос- Монголын харилцан тохирсон олон асуудлын нэг нь л байсан боловч магадгүй хамгийн их ач холбогдол өгсөн шийдэл байсан гэж хэлж болно. Учир нь энэ бол зөвхөн өр төлөх тухай төдий зүйл биш байсан гэдгийг бас дурдах хэрэгтэй. Энэ өрийн асуудлыг шийдсэнээр хойд хөрш ОХУ-аас цаашид олон тэрбумын зээл болон ашигтай хөрөнгө оруулалтыг Монголд саадгүй татах, мөнгө санхүүгийн өргөн дэмжлэгийг авах боломжийг бий болгож чадсан нь Монголын санхүү эдийн засаг, бизнесийн хөгжилд маш том түлхэц болох юм. Оросын Засгийн газар аливаа өр зээлийн үлдэгдэлтэй улс орнуудад ийм боломж олгохгүй байхаар шийдсэн байсан тул өрийн асуудалгүй болсноор бидэнд одоо сайхан боломж нээгдэж байгаа хэрэг. Мөн түүнээс гадна өрийн асуудалгүй болсны үрээр хоёр орны банк хоорондын хамтын ажиллагаа, шууд харилцааны боломжууд бий болж байна. Айлчлалын үеэр энэ асуудлыг шийдэж тохирмогц л хоёр орны банкууд хэдийнээ хамтын ажиллагаагаа төлөвлөж эхэлсэн мэдээ сонсогдож байсан нь дээрхи шийдвэрийг зөвхөн улстөрийн хүрээнд ч биш бизнес санхүүгийн салбарт ч хүсэн хүлээж байсан гэдгийг харуулж байгаа.юм.

    Ийнхүү В.В.Путиний хэлсэн “Тохиролцъё” гэсэн шийдмэг хариу Монгол-Оросын харилцааны шинэ үеийг нээж байна. Гэхдээ өрийг нэгмөсөн хаахаар шийдсэн тохироо нь нь Ерөнхий сайд С.Батболдын айлчлалын үр дүнд шинэ жилээр монголчууддаа барьж байгаа олон санаандгүй бэлгийн зөвхөн эхнийх нь байв. Үүнээс гадна Монгол улсын Ерөнхий сайдын албан айлчлалыг үеэр доорх хэд хэдэн нэн чухал асуудлыг мөн л амжилттайгаар тохиролцож чадсан юм.

    УБТЗ- шинэ гэрээ, шинэ боломжууд

    Айлчлалын үеэр эдийн засгийн талаас нь авч үзвэл хамгийн ашигтай сайн тохиролцоог төмөр замын салбарт хийлээ. Монгол-Оросын худалдаа, эдийн засгийн харилцаан дахь хамгийн эмзэг, шинэчлэл шаардсан салбар бол төмөр зам байсаар ирсэн. Энэ салбарын хоцрогдол Монгол улсын гадаад худалдааг байнгын  алдагдалтай гарахад нөлөөлсөөр ирсэн юм. Үүнийг өөрчилж, гадаад худалдааг тэнцвэржүүлэх асуудал Ерөнхий сайд С.Батболдын  Орост хийсэн айлчлалын нэг гол зорилго болсон гэдгийг тэрээр сэтгүүлчидтэй уулзахдаа хэлж байв. Энэ зорилгынхоо төлөө ч түүний айлчлалын баг баттай зогсож  байсныг тэмдэглэе!  Тэр бүр гадны зочинтой ганцаарчлан уулзаж цаг хугацаа зарцуулаад байдаггүй ихэмсэг “имиж”-тэй ОХУ-ын засгийн газрын тэргүүн В.Путинтэй Монгол Улсын Ерөнхий сайд бүтэн дөрвөн цагийн турш хэлэлцээрийн ширээний ард сууж Монголоос тээж ирсэн асуултууддаа нааштай хариулт авч чаджээ.  Ерөнхий сайдын айлчлалаар Төмөр замтай холбоотой харилцан тохиролцсон нэг чухал асуудал бол ОХУ манай талаас хөрөнгө гаргахийг хүлээлгүйгээр 125 сая ам.долларын хөрөнгийг  УБТЗ-ын шинэчлэлд оруулахаар боллоо. Ингэснээр төмөр замын дэд бүтцийн хөгжлийн хөтөлбөрийг эхлүүлэх орчин нөхцөл бүрдэж байгаа юм.

    Мөн бүтэн жараны турш нэг ч удаа “салхи оруулаагүй” 1949 оны Төмөр замын гэрээг шинэчлэхээр тохиролцов. Түүнчлэн Монголын эдийн засагт чухал ач холбогдолтой, бизнес эрхлэгчдэд мөрөөдөл байсан  төмөр замын тээвэрлэлтийн тарифийн хөнгөлөлтийн асуудал 49 оны гэрээтэй хамт сөхөгдөв. Үүнийг бататгасан нэгэн санамж бичгийг байгуулах тохиролцоог ч айлчлалын үеэр хийсэн юм. Энэ нь Оросын нутгаар төмөр замын тээврээр бараа бүтээгдэхүүн тээвэрлэхэд тарифийн хөнгөлөлт үзүүлэх засгийн газар хоорондын хэлэлцээрийн үндсэн зарчмыг тохиролцож санамж бичиг байгуулахаар болсон гэсэн үг юм.Ингэснээр Монгол Улсаас уул уурхайн болон экспортын бусад бараа бүтээгдэхүүнийг ОХУ-ын Алс дорнодын боомтуудад дамжин тээвэрлэх,түүний дотор төмөр замын урт хугацааны хөнгөлттэй тарифийг эдлэх боломж бүрдэнэ.   Манай үе үеийн төр засгийн тэргүүнүүд Орост хийсэн дээд хэмжээний айчлалынхаа үеэр тарифийн хөнгөлөлтийн асуудлыг байнга  хөнддөг байсан ч оросуудад амаа алгадуулаад ганзага хоосон буцдаг байсан түүх саяхан.  Одоо харин энэ тааламжгүй байдал ард үлдэж  хойд хөрштэй чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах монголын талын хүсэл эрмэлзлэл биелэлээ олох замдаа орлоо. Гагцхүү барьж авсан олсны үзүүрээсээ чанга атгаж амжилтаа бататгах тактикаа сайн гүйцэтгэх л үлдлээ .Энэ нь Монголын уул уурхайн баялгийг зөвхөн нэг чиглэлээр бус харин олон зах зээлд хүргэх таатай боломжийг нээж өгч байгаа аж.

    Оросууд 375 сая рублээр сюрприз барьлаа

    ОХУ-ын Засгийн газар  Монголоос авах экспортын бараа болон худалдааны эргэлтийг дэмжих зорилготой уялдуулан малын халдварт өвчинтэй тэмцэхэд зориулж Монгол улсад 375 сая рублийн буцалтгүй тусламж олгохоор боллоо. Ингэснээр Орос улс Монголын махыг өөрийн хэрэгцээнд чанар болоод эрүүл ахуйн шаардлагадаа бүрэн нийцүүлэн худалдан авч байх эхний алхам болж байгаа  юм. ОХУ-ын Засгийн газрын тэргүүн Монголын махны экспортыг идэвхжүүлэхэд чиглэсэн дээрхи ажлыг ойрын хугацаанд гүйцэтгэх үүрийг Засгийн газартаа даалгасан нь монголчуудад өргөн боломж нээх энэ ажил бодитой хэрэгжих баталгаа болж байгаа аж. Мал эмнэлгээрээ дэлхийд тэргүүлэх хэмжээнд явдаг Орос оронтой гайгүй сайн харилцаатай байсан хуучны цагт манай улс малын гоц халдварт өвчнийг нэг хэсэгтээ л мартаж байсан гэдэг. Энэ талын хамтын ажиллагааг дахин сэргээж Монголын малыг эрүүлжүүлэхэд зориулж ОХУ-ын засгийн газар дээрхи буцалтгүй тусламжийг олгохоор шийдвэрлэсэн нь ноён В.Путины Ерөнхий сайд  С.Батболдод барьсан гэнэтийн бэлэг байлаа. “Одоо бидэнд малаа эрүүлжүүлээд махны экспортоо нэмэгдүүлэх  чиглэлээр өөрсдөө идэвхтэй санаачилгатай бас хурдтайгаар хамтран нэг баг болж ажиллавал үр дүнд хүрэх боломж харагдаж байна “ гэж Ерөнхий сайд С.Батболд Монголын бизнес эрхлэгчидтэй Москвад уулзах үеэрээ хэлж байсан юм.

    Түүнчлэн манай уламжлалт экспортын  бүтээгдэхүүн хивс, ноос ноолуур гээд олон тооны барааг хөнгөлттэй тарифаар гаргах хэлэлцээрийг эрчимжүүлэх,цаашлаад чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах  ажлын хэсгүүд ажилдаа  шуурхайлан оржээ.Үүний үр дүнд далайд гарц нээгдэж экспортын шинэ зах зээл бий болох учиртай бөгөөд хил орчмын бүс нутаг, субьект хоорондын хэлэлцээр байгуулагдах юм.       
                                            
    Мөн хоёр улсын худалдаа эргэлтйиг улам нэмэгдүүлж цаашид чөлөөт худалдааны бүс бий болгохоор ажлын хэсэг гарган ажиллаж байгаагаа Засгийн газрын тэргүүн нар Монгол Оросын сэтгүүлчдэд дуулгалаа.

    Ураны хамтарсан үйлдвэрийн 51 хувийг Монгол эзэмшихээр болов

    Монгол-Оросын хамтарсан уран олборлох ‘’Дорнод уран’’ үйлдвэр байгуулах хэлэлцээрт айлчлалын үеэр гарын үсэг зурав. Урьд нь Оросын тал 50:50 хувиар эзэмшинэ гэсэн хувилбарыг  хатуу тавьж байсан учраас энэ асуудал сүүлийн үед   ойлгомжгүй байдалтай байж ирснийг бүгд мэднэ. Тэгвэл энэ асуудалд Ерөнхий сайдын айлчлалын үеэр тодорхой болгож Монголын тал 51 хувийг эзэмших, мөн хөрөнгө оруулалтын зардлыг Оросын тал гаргахаар тохиролцож чадлаа. Мөн Монголын талаас ураныг түүхий эд хэлбэрээр гаргахгүй гэдэг дээр ч тохирч чадсан нь бас л нэг чухал амжилт гэж болно. Ийнхүү ураны салбарт 200 сая ам $-н хөрөнгийг Оросууд гаргах, үүний зэрэгцээ энэ салбарт Монголоос мэргэжилтэн сургах,эхний ээлжинд 1000-аад хүнийг ажлын байртай болгох зэрэг амлалтыг оросуудаар гаргуулж албан ёсоор баримт бичиг болгон баталгаажуулсан нь үнэхээр хүлээгдэж байснаас ч илүү үр дүн болж чаджээ. Энэ асуудлыг ярьж байх үед ОХУ-ын Засгийн газрын тэргүүн энэ чиглэлд ОХУ-ын төсвөөс гаргаж байгаа санхүүжилтээ хоёр дахин нэмж байгаа тухайгаа дурдаж байсны дээр “Росатом” компанийн захирал Кириенкогийн баталж байгаагаар бол дундаж цалин нь мөн л мянга орчим ам.доллар байх боломж байгаа аж.

    Бичлэгийг ЭНД дарж үзнэ үү

    Монголын агаарын цэргийн хүчийг зузаатгана

    Монгол Улсын Ерөнхий сайдын ОХУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр ОХУ манай улсын батлан хамгаалахын салбарын техникийн шинэчлэлд зориулж 300 сая ам. долларын төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсноо дуулгаж хамтын ажиллагааны хэлэлцээрт хоёр улсын батлан хамгаалахын сайд нар гарын үсэг зурсан юм. Хоёр орны зэвсэгт хүчнийг бэхжүүлэх чиглэлд хамтран ажиллах гэрээ хэлэлцээрийн дагуу хэд хэдэн шинэ боломж нээгдсэний дотор Оросын тал цэргийн сургуульд суралцах Монголын хүүхэд багачуудын зардал, сургалтыг бүрэн даахаар болсон нь анхаарал татаж байна. Ингэснээр монгол хүүхдүүд алдарт Суворовын  цэргийн сургууль зэрэгт үнэ төлбөргүй сурч боловсрох боломж нээгдэж байгаа юм. Мөн Улаанбаатар хот зэрэг чухал түшиц газрыг агаарын довтолгооноос хамгаалах чиглэлээр байлдааны зэвсэг техник ОХУ-аас авах гэрээ хэлэлцээр хийгдсэн нь Монголын батлан хамгаалах хүчийг зузаатгахад онцгой хувь нэмэр болж байгааг айлчлалын үеэр мөн холбогдох салбарын сайд нар ярьж байсан билээ. Энэ бүгд  батлан хамгаалахын салбарт ихээхэн үр дүн дагуулсан айлчлал боллоо гэж МУ-ын батлан хамгаалахын сайд Л.Болд дүгнэж байв.

    Эрдэнэт болоод Монголросцветмет-ийн ирээдүй

    Мэдээж айлчлалын үеэр хоёр улсын Ерөнхий сайдуудын хувьд нухацтай ярилцсан  бас нэг асуудал нь нөгөө л  хамтарсан үйлдвэрүүдийн үр ашгийг дээшлүүлэх   тухай  байлаа.Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр,Монголросцветмет нэгдлийг хэрхэн шинэчлэх хөрөнгө оруулалтыг яаж нэмэгдүүлэх тал дээр хоёр тал илүү эрчимтэй, олон талт хэлбэрээр хамтран ажиллах болж байна.Москва хотноо хийсэн хэвлэлийн бага хурлын үер ОХУ-ын Засгийн газрын тэргүүн Путин хоёр улс хамтарсан бизнесийнхээ хүрээнд хөрөнгийн зах зээл дээр гарах боломжийг судалж,төлөвлөж буй тухай дурьдаж байсан юм.Тэрээр хэлэхдээ, “Бид хамтарсан хоёр компаниа хөрөнгийн зах зээл дээр IPO хийх боломж байгаа эсэх талаар ярилцлаа.Ингэснээр хамтарсан хоёр компанийн санхүүгийн чадавхийг нэмэгдүүлж,Монголын эдийн засагт бодит үр дүнгээ өгөх боломж ч өндөрсөнө” хэмээн онцолсон юм. Монголын Улсын Ерөнхий сайд С.Батболдын хувьд хамтарсан үйлдвэрийн үр ашиг,санхүүгийн чадавхийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага байгаа гэдгийг тэмдэглээд Монголдоо ашигтайгаар асуудлыг шийдэхийн төлөө байгаа гэдгээ мөн хэлж байв. Дашрамд дурдахад Монгол-Оросын ажил хэргийн зөвлөлийн Оросын талын дарга Сергей Чемезов зэсийн нөөцөөр дэлхийд тэргүүлж байгаа Удоканы ордыг олборлох төслийг Эрдэнэт үйлдвэрийн цаашдын хөгжлийн төлөвлөгөөтэй уялдуулах талаар ажиллана гэсэн мэдээллийг Москвагийн бизнесийнхэнтэй уулзах үеэр хэлж байв. Энэ нь Эрдэнэт үйлдвэрийн дэргэд хоёр орны хамтарсан зэс боловсруулах,бэлэн бүтээгдэхүүн гаргах үйлдвэр барьж улмаар дээр дурдсан Удоканы ордын нөөцийг түүхий эд болгон хангах ч төлөвлөгөө байж болохоор байгаа аж. Одоогоор энэ тухай дөнгөж л санал солилцох төдий байгаа ч зэсийн хамгийн том хэрэглэгч Хятад улс хэвээр байгаа нөхцөлд ийм хувилбар хэрэгжих магадлал өндөр байгаа билээ.

    Бичлэгийг ЭНД дарж үзнэ үү

    Ийнхүү хоёр орны харилцааны цоо шинэ хуудсыг болон олон шинэлэг боломжуудыг нээж чадсан гэрээ хэлэлцээрүүд амжилттай болж, хүлээгдэж байснаас илүү нааштай үр дүн авчирсанд Ерөнхий сайд С.Батболд болон ОХУ-ын Засгийн газрын тэргүүн В.Путин нарын харилцан итгэлцсэн хувийн харилцаа ч эерэгээр нөлөөлсөн гэдгийг Монголд суугаа ОХУ-ын Элчин сайд болон МУ-ын Засгийн газрын гишүүн , Сангийн сайд С.Баярцогт нар хэвлэлийнхэнд өгсөн ярилцлагандаа дурдаж байсан юм. Мөн засгийн газрын тэргүүн нарын уулзалтын үеэр Владимир Путин ирэх онд болох Монголын үндэсний их баярын 90 жилийн ой болон Монгол-Орос хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 90 жилийн ойг онцгой ач холбогдол өгөн тэмдэглэх учиртай гэдгийг онцлон хэлж байлаа. Тэгвэл энэ удаагийн айлчлалын үр дүн тэдгээр түүхэн ойн өдрүүдийн баярт өнгө нэмэх онцгой бэлэг болж чадсан гэж хэлэхэд  хилсдэхгүй л болов уу.


    Үргэлжлэл бий…

      М.Наст

    Гэрэл зургийг У.Ганбаяр

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж