“Wikileaks” сүр дуулиан ихтэй ч ач холбогдол бага

Хуучирсан мэдээ: 2010.12.21-нд нийтлэгдсэн

“Wikileaks” сүр дуулиан ихтэй ч ач холбогдол бага

АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Жонатан Эдлтон Монголд төдийгүй дэлхий даяар шуугиан тариад буй Wikileaks-ийн талаар өөрийн байр суурийг бичиж ирүүлснийг нийтэлж байна.

2010 оны сүүлийн энэ хэдэн долоо хоногт Монголын хэвлэл мэдээлэлд “Wikileaks” томоохон дуулиан болов. Энэ шуугиан шинэ он гартал, магадгүй бүр цаашаа ч үргэлжлэх бололтой.

Интернетэд дэлгэсэн эдгээр баримт хэвшмэл ойлголтуудыг бататгаж байна гэж зарим уншигч үзжээ. Энэ өнцгөөс нь харвал энэ бүх яриа маш хурдан АНУ руу чиглэсэн шүүмжлэл, бүр дайсагнал болон хувирч байна. Зарим тохиолдолд ийм тайлбарууд хэдэн арван жилээр яригдсаар ирсэн, үеэ элээсэн шүүмжлэлийг агуулдаг.

Бусад хүний хувьд бол “Wikileaks” зүгээр л “дуутай тэнгэр хургүй” гэгчээр сүр дуулиан ихтэй хэдий ч ач холбогдол багатай зүйл аж. Энэ утгаар нь авч үзвэл эдгээр “илчлэлт” гээч нь сонин хэвлэлээр хэдэн сар, хэдэн жилийн өмнө хангалттай бичигдсэн зүйлүүдийг давтаж буй “хуучирсан мэдээ” юм.

Харин “Wikileaks” аливаа Элчин сайдын яамны хаалттай хаалганы цаана өрнөж байдаг ажил төрлийн талаар юу дэлгэх нь зарим хүнд сонин байх шиг байна. Зарим тохиолдолд гайхашрал төрүүлсэн ч бололтой. Жишээ нь, нэг блогчин “Wikileaks”-ийн санаанд ч ороогүй байсан зүйл болж байна. Энэ аймаар хэцүү хорвоогийн хамгийн аюултай асуудлуудыг шийдвэрлэхээр АНУ нухацтай бөгөөд мэргэжлийн өндөр түвшинд оролдож байна” гэж бичжээ. 

Олон нийтийн зүгээс ямар ч хариу үйлдэл гарлаа гэсэн эдгээр баримтуудыг нийтэд дэлгэх нь хор уршигтай гэдэгт эргэлзэх зүйл бараг үгүй бөгөөд системүүд болон хувийн харилцааныхаа аюулгүй байдлыг хангах талаар бид аль хэдийн хүчин чармайлт тавьж эхэлж байна.

Үйл явдал хэрхэн өрнөхийг ажиглаж байгаа АНУ-ын дипломатч хүний хувьд нэн түрүүнд сонирхол татаж буй гурван зүйл байгааг хэлэх нь зүйтэй болов уу. Үүнд:
Нэгдүгээрт, хаана ч суугаа ямар ч Элчин сайдын яамны гол ажил үүргийн нэг бол Гадаад харилцааны яам руугаа бодит мэдээллийг илтгэх үүрэг байдаг. Зарим үед хоёр орны Засгийн газар хооронд мэдээлэл дамжуулдаг. Заримдаа гуравдагч талуудын хооронд ч мэдээлэл солилцох нь бий.

Ямар ч орныг төлөөлөн суугаа аль ч Элчин сайдын яамны захидал харилцаа нь Парис, Лондон, Вашингтон, Каир, Улаанбаатар, өөр хаана ч байсан ялгаагүй тухайн өдөр болж байгаа өргөн хүрээтэй асуудлуудаар явагдаж буй хэлэлцүүлгийг багтаасан байдаг.Үүнд тодорхой бүс нутгийн орнуудын харилцаанд үнэлэлт дүгнэлт өгөх, мөн улс төр, эдийн засгийн сүүлийн үеийн асуудлуудаар тайлбар хийх явдал зайлшгүй багтдаг. Ийм дүн шинжилгээ нь худалдааны боломжуудаас эхлээд авилгын тухай, эсвэл улс төрийн хандлагуудаас эхлээд гадаад харилцааны бодлогын санаа зовоосон асуудлууд хүртэлх өргөн хүрээтэй сэдвүүдийг хамарч болох бөгөөд тэгэх ч ёстой юм.

Сонирхолтой нь, дипломат халдашгүй байдал, паспорт (гэрэгэ- орч) зэрэг шинэлэг зүйлсийг анхлан бий болгосон Монголчуудын дипломат ёсны баялаг түүхэнд ч энэ хандлага тусгалаа олсон байдаг. Үнэн хэрэгтээ дэлхий даяар Элчин сайдын яамд болон дипломатч нарын үүрэг роль мэдээлэл цуглуулах болон бусад олон асуудлаар Чингис хааны үеэс нэг их өөрчлөгдөөгүй аж. Монголын эзэнт гүрний үед ийм мэдээллээ пергамент, цаасан дээр бичиж, тухайн цаг үеийн хамгийн шуурхай буухиа шуудан болох морин өртөөгөөр нийслэл рүүгээ илгээхэд заримдаа хэдэн долоо хоног ч явж хүрдэг байж. Өнөөдөр ийм мэдээллийг кибер орон зайгаар хэдхэн хормын дотор дамжуулдаг болж.

Хоёрдугаарт, Элчин сайдын яамдаас холбогдох байгууллагууд руугаа явуулж байгаа мэдээллийг бодлого бус харин “боловсруулаагүй мэдээ” гэж үзвэл зохилтой. Ийм мэдээ нь ихэвчлэн хувь хүмүүс болоод албаны эх үүсвэрээс авагдсан байдаг. Заримдаа иймэрхүү мэдээ нь өөрөө нилээд зөрчилдөөнтэй байдаг нь олон төрлийн эх үүсвэр, тэдний үзэл бодол, мэдээлэл хоорондоо ялгаатай, зарим нь илүү үнэмшилтэй байдаг зэрэгтэй холбоотой. Элчин сайдын яамны илтгэлээс авах мэдээлэл хэрэгтэй байж болох ч бодлого боловсруулах ажил бол гадаадад суугаа элчингийн ажилтнууд бус харин төвийн яам, тамгын газрын дээд албан тушаалтнуудын хийх ажил гэдгийг ямар ч дипломатч хялбархан ойлгож авдаг.

Дипломат илтгэл нь албан ёсны бодлогыг хараахан илэрхийлдэггүй учраас нууцлалын зэрэглэлтэй илгээгдэж, шийдвэр гаргах түвшний албан тушаалтнуудыг мэдээлэлтэй байлгаж, магадгүй тэдэнд санаа бодлоо тодорхойлоход нь тусалж болох бөгөөд ингэх ч ёстой. Гэхдээ ийм илтгэлүүд эдийн засаг, улс төрийн байдлыг тухайн газар нь байгаа хүний нүдээр харж, дүгнэлт өгөхөөр дипломатчдын зүгээс гаргаж буй “хүчин чармайлт”-аас нэг их хэтрэхгүй. Эдгээр үнэлэлт дүгнэлт нь АНУ-ын Засгийн газрын байр суурийг бус харин аль нэгэн Элчин сайдын яаманд ажиллаж буй гадаад харилцааны хэн нэг ажилтны илэн далангүй бөгөөд шуудхан илэрхийлсэн үзэл бодлыг ихэнхдээ тусгаж байдаг.  

Гуравдугаарт, улс үндэстэн, байгууллага, бүр хувь хүмүүс хоорондын захидал харилцаа нэн ялангуяа яригдаж буй асуудал нь эмзэг, гарах үр дүн нь тодорхойгүй, урт удаан яриа хэлэлцээрийн нэг хэсэг болж буй тохиолдолд заримдаа тодорхой хэмжээний нууцлалыг шаарддаг. Гэхдээ АНУ-д ямар ч албан захидал харилцаа үргэлж нууц хэвээр үлддэггүй. Тодорхой хугацааны дараа бүх бичиг баримт архивт шилжиж, түүхч, улс төрийн тоймчдын судалгааны материал болдог.

Дипломат өнцгөөс харвал “Wikileaks”-ийн тухайд хамгийн түрүүнд санаа зовоож буй зүйл бол албаны гэх мянга мянган баримт бичгийг цагаас нь өмнө дэлгэх нь цаашдын яриа хэлэлцээрт “жихүүцэм” нөлөө үзүүлж болзошгүй. Өвчтөн эмчтэй, эцэг эхчүүд багштай, үйлчлүүлэгч өмгөөлөлчтэй ярилцах үед нууцлал байх ёстой. Түүнтэй адил дипломатч нарт санаа бодлоо ярихдаа хувь хүмүүс ч ийм нууцлал байгаа гэдэгт итгэдэг. Харин энэ нууцлал алдагдвал дипломат харилцааг улс орон, ард түмнүүдийг нэгтгэж, олон улсын асуудлуудыг шийдвэрлэх хэрэгсэл болгон ашиглах амаргүй зорилтыг хэрэгжүүлэхэд улам илүү бэрхшээлтэй болох юм. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж