Хамгаалалтгүй компаниуд золиослогдож байна

Хуучирсан мэдээ: 2010.12.22-нд нийтлэгдсэн

Хамгаалалтгүй компаниуд золиослогдож байна

Голын
эх, усны сан бүхий газар орчимд ашиглалтын үйл ажиллагаа явуулж байгаа
алтны орд бүхий аж ахуйн нэгжүүдийн ажлыг зогсоохоор боллоо.  Гэхдээ
хайгуул болон нөхөн сэргээлт хийж байгаа компаниудынхыг хэвээр үлдээх
шийдвэрийг Засгийн газар гаргасан. Учир нь хайгуулын ажил байгаль орчинд
харьцангуй хал багатай гэж үзсэн байна. Одоогоор голын эх, усны сан
бүхий газар 390 орчим тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж ашиглалтын үйл
ажиллагаа явуулж байгаагаас 254 нь алтны шороон орд гэнэ. Энэ шийдвэрийг
олон хүн эсэргүүцэж буй. Тэдний нэг нь Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн
холбооны ерөнхийлөгч С.Ганбаатар юм. Түүнтэй дээрх асуудлаар уулзаж
ярилцлаа.

-УИХ-аас урт нэртэй нэг хууль
баталсан. Энэ хуулиас болоод уул уурхайнхан тэмцэл өрнүүлж эхэллээ.
Танай үйлдвэрчний эвлэл тэднийг дэмжих байх шиг. Уг нь байгалиа
хамгаалах үүднээс энэ хуулийг хэрэгжүүлэх нь зөв биш үү?

-Өнгөрсөн
оны өдийд УИХ-аас Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газарт
ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг баталсан. Энэ хууль
хэрэгжилгүй явсаар өнгөрсөн сард Засгийн газар голын эх, усны сан бүхий
газар үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын тусгай зөвшөөрлийг
цуцлахаар шийдвэрлэсэн нь уул уурхайнхны дургүйцлийг өдөөгөөд байна.
Байгаль дэлхийгээ хамгаалах хэрэггүй гэж үзсэн юм биш л дээ. Уг нь энэ
хуулийн санаа  нь тун зөв. Харамсалтай нь судалгаа сайн хийж, мэргэжлийн
компаниуд, уул уурхайн салбарт ажиллаж байгаа хүмүүсийн санаа бодлыг
сонсоогүй нь ийм байдалд хүргээд байгаа хэрэг. Засгийн газрын шийдвэрээр
үйл ажиллагааг нь зогсоохоор болсон тэдгээр компаниуд олон зуун
ажилчинтай. Тэдгээр ажилчдын эрх ашгийг бид хамгаалах үүрэгтэй. Тэр
хүмүүсийн хоолыг нь шууд дээрэмдчихэж болохгүй шүү дээ. Ийм юм болох вий
гэдгийг би аль эртнээс холбогдох хүмүүст хандаж өчнөөн сануулж, цөөнгүй
албан тоот явуулсан. Тухайн үедээ миний саналыг хэн ч авч хэлэлцээгүй.

-Та хэнд ямар санал тавьж байсан гэж?

-Засгийн
газарт хандаж, уул уурхайн лицензийг хамаа замбараагүй олгож байгааг
шүүмжилж байсан. Ингэж болохгүй гэдгийг ч сануулсан. Дараа нь ямар нэгэн
хор уршиг гарахвий гэлгийгч анхааруулсан. Эрх баригчид тухайн үед миний
үгийг сонсоогүй. Ёстой л нэг чихээрээ оруулаад нөгөө чихээрээ гаргана
гэдэг шиг л юм болсон доо. Тэд миний хэлснийг тоогоогүй. Гэтэл өнөөдөр
баахан хүнд лиценз замбараагүй олгочихоод, дараа нь тэдгээр хүмүүс
байдаг хэдээ банкинд барьцаалж хөрөнгө оруулалт хийсэн хойно нь
булаагаад авчихаж болохгүй биз дээ. Бид өнгөрсөн гуравдугаар сард
Ерөнхий сайдад хандаж иргэний нийгмийнхэн, уул уурхайн эздийн холбоо,
үйлдвэрчний эвлэлийнхнийг суулгаад дөрвөн талын хамтарсан уулзалт хийе.
Ойлголцол, зөвшилцөлд хүрье гэсэн албан бичиг явуулсан. Одоо хүртэл
Засгийн газраас ямар нэгэн тайлбар, хариу бичиг өгөөгүй байна. Энэ
асуудлыг олон талаасаа ярилцаж шийдвэрлэхгүйгээр дуртай сайд нь өрөөн
дотроосоо шийдчихдэг асуудал биш л дээ.

-Таныхаар бол ямар арга хэмжээ авах ёстой гэж. Энэ асуудалд Үйлдвэрчний эвлэл оролцох хэрэггүй гэж буруутгах хүмүүс ч байгаа?

-Гол
мөрөн бохирдуулаад байгаа компаниудын тусгай зөвшөөрлийг хүчингүй
болгохыг бид эсэргүүцэхгүй. Бүгдийг нь хоморголох явдлыг ч бас
дэмжихгүй. Цианит натри хэрэглээд гол горхи, уул ус бохирдуулаад байгаа
компаниудын үйл ажиллагааг зогсоох нь зөв. Гэхдээ байгальд хоргүй
технологи хэрэглээд, ажилчдынхаа цалинг нэмээд, цаашид Монгол Улсад
татвараа нуулгүй төлөөд явах компаниудтай гэрээ хэлэлцээр хийгээд
зөвшилцөлд хүрээч ээ гэж л хүсч байна. Хамгийн гол нь тэнд ажиллаж
байгаа олон зуун хүн ажилгүйдлийн эгнээд шилжиж болохгүй. Үүнийг
Үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо хүлээн зөвшөөрөхгүй. Нөгөө талаар яагаад
заавал 390 компанийн тусгай зөвшөөрлийг цуцлах гэж. Монгол Улсад 5000
тусгай зөвшөөрөл олгогдсон байдаг. Тэд яах юм бэ.

-Холбогдох
хүмүүс хэлэхдээ гол усны сав газар үйл ажиллагаа явуулж байгаа
компаниудтай л хариуцлага тооцож буйгаа мэдэгдээд байгаа шүү дээ?

-Яг
үнэндээ улстөрчдийн хамгаалалтгүй компаниуд л золиослогдож байгаа юм.
Тэд лицензээ буцааж авахын тулд хэн нэгэнд авлига өгөх хэрэг гарна.
Улстөрчдийн сонгуулийн мөнгөө босгох нэг барьцаа гэж надад уурхайнхан
хэлж байна. Ингэж хардах үндэслэл байгаа болохоор тэднийг буруутгаж
болохгүй байх.

-Засгийн газар та бүхний хүсэлтийг хүлээж авахгүй бол яах вэ?

-Авах
байх гэдэгт итгэлтэй байна. Энэ талаар зөв шийд гаргахын тулд уул
уурхайн салбарт нь ажиллаж байгаа хүмүүсийн, уул уурхайн компаниудын
эздийн дуу хоолойг сонсоосой гэж горьдож сууна.  Эд чинь муу сайн ч
гэсэн зовлонг нь мэдэх хүмүүс. Тэгэхгүй бол уул уурхайхан гэлтгүй улс
орон хохирох болчихоод байна. Уул уурхайн компаниуд гэхэд арилжааны
банкуудад 160 тэрбум төгрөгийн өртэй юм билээ. Энэ мөнгийг хэн төлөх вэ.
Засгийн газар татвар төлөгчдийн мөнгөөр төлөх үү. Эсвэл арилжааны
банкуудаа дампууруулах уу гэх мэтчилэнгийн олон асуудлыг хоорондоо
уулзаж, ярилцаж шийдвэрлэх хэрэгтэй байна. Нөгөөтэйгүүр улсад өгдөг
татвар нь байхгүй болно.  Тэгэхээр улсад хохиролтой байгаа биз дээ. Бид
Засгийн газрын хариуг тэвчээртэй хүлээх болно. Хэрвээ бидний тэвчээр
алдрах юм бол  өөрсдийнөө мэддэг “сэлэм”-ээ эргүүлэхээс яах вэ. 

-Уул уурхайнхан болон иргэний нийгмийнхэн хоорондоо өстөн, дайсан мэт ханддаг шүү дээ. Тэд уул уурхайхантай зөвшилцөх үү?

-Улс
орныхоо төлөө бол хэн ч гэсэн зөвшилцөх ёстой. Тэгэхгүйгээр бие бие
рүүгээ буу шагайж болохгүй биз дээ. Үүний хариуцлагыг ч Засгийн газар
хүлээх ёстой. Яагаад иргэний нийгмийнхэн, уул уурхайнхан хонь чоно шиг,
хэн нэгэн рүүгээ буудаж байна вэ гэхээр хууль нь тогтворгүйн харгай.
Тэрнийг нь хэрэгжүүлж байгаа хүмүүсийн буруу. Магадгүй уул уурхайнхан
болон иргэний нийгмийнхэн хоорондоо ойлголцолд хүрэхгүй үргэлжийн
хэрүүл, стресстэй байх нь хэн нэгэнд ашигтай байхыг үгүйсгэх. Хэрвээ
Засгийн газар дөрвөн талт хэлэлцээр явуулахгүй бол асуудал хүндэрнэ. Буу
шийдэм барьсан хүмүүс иргэний мөргөлдөөн гаргахыг ч бас үгүйсгэхгүй.

-Арай тийм явдал гарахгүй байлгүй дээ?

-Гарсан
шүү дээ. Өнгөрсөн долдугаар сард “Онги гол хөдөлгөөн”-ийнхөн буу
шагайсан шүү дээ. Бас нэг хортой зүйл нь Монголын хууль эрхзүйн орчин
тогтворгүй байна гээд гадаадын хөрөнгө оруулагчид манайхаас айдаг,
эмээдэг болчихвол яана.  Тиймээс Засгийн газар бидний хүсэлтийг хурдан
шийдээд өгөөч. Бид хамтран ажиллах гэрээний эхээ бэлтгээд Засгийн газарт
өгчихсөн шүү дээ. Ер нь Засгийн газар бидний үгийг сонсохгүйн балаг
эхнээсээ гарч ирээд байна?

-Энэ талаараа тодруулаач?

-Оюутолгойн
асуудал байна. Бие даасан шинжээчдийн багийн дүгнэлтийг гаргуулаач гэж
манай Үйлдвэрчний эвлэлүүдийн холбооноос зөндөө гуйсан. Хэнч тоогоогүй.
Гэтэл өнөөдөр С.Баярцогт, Д.Зоригт хоёр гөлөлзөөд л сууж байна. Бие
даасан шинжээчдийн багийн дүгнэлтийг гаргуулсан бол хөөрхийс гөлөлзөх
шаардлага гарахгүй байсан юм.

Ж.ЭРХЭС

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж