Тэтгэлэг төлөхөөс зайлсхийвэл хариуцлага тооцдог болъё

Хуучирсан мэдээ: 2010.12.23-нд нийтлэгдсэн

Тэтгэлэг төлөхөөс зайлсхийвэл хариуцлага тооцдог болъё

Хүн амын орлогын албан татварыг ард иргэдийнхээ амьдралыг дээшлүүлэх, гэр бүлийг бэхжүүлэх зорилгоор өөрчлөн шинэчлэхийг Ерөнхий сайд Төрийн ордонд өнөөдөр болсон “Гэр бүлийн чиг хандлага, тулгамдсан асуудал” онол практикийн бага хурлын үеэр дэвшүүллээ. Тэрээр, бага цалинтай хүмүүст татварын хөнгөлөлт үзүүлэхийн төлөө ажиллана. Энэ бодлогоо би ядуурлыг бууруулахад зохих үр дүнтэй, иргэнд, гэр бүлд хүрсэн өгөөжтэй зүйл гэж харж байгаа гэж тайлбарлалаа. 

Гэр бүлийг бэхжүүлэхэд эцэг хүний хариуцлагыг дээшлүүлэх шаардлага ч байна. Ялангуяа, хүүхдийн тэтгэлэг төлөхөөс зайлсхийж буй эцгүүдэд хатуу хариуцлага тооцдог ёс суртахуун, хууль эрх зүйн механизм бий болгох ёстой. Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг Засгийн газар бүх талаар дэмжинэ гэдгийг ч шуудхан хэллээ.

Мөн Засгийн газрын тэргүүний хувьд тэрбээр гэр бүлийн үнэт зүйлсийг бэхжүүлэх талаар зарим санал, санаачилга гаргаж, хэрэгжүүлэхэд анхаарч ажиллах болно. Он удаан жил ханилсан, олон хүүхэд төрүүлж өсгөсөн иргэдийг урамшуулдаг, алдаршуулдаг тогтолцоо бий болгох саналтай байна. Өөрөөр хэлбэл бат тогтвортой, өнөр сайхан гэр бүл нь манай нийгмийн уламжлалт үнэт зүйл хэвээр байх учиртай гэсэн юм.

Сүүлийн жилүүдэд манай эдийн засаг тогтмол өсч байгаа төдийгүй 2010 он бидний хувьд хямралын дараахь эдийн засгийн сэргэлтийн онцлог жил байлаа. Энэ оны эхний 11 сарын байдлаар өрхийн мөнгөн орлого 465.4 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 87.8 мянган төгрөгөөр буюу 23.2 хувиар өсчээ. Ажилгүйдлийн түвшин ч мөн 1.9 пунктээр буурсан таатай мэдээг Монгол Улсын Ерөнхий сайд дуулгалаа.

Цаашид манай эдийн засагт уул уурхай голлох байр суурь эзэлнэ. Засгийн газраас Оюутолгой, Тавантолгойн ордыг ашиглаж эхлэх бодлого хөтөлбөрөө гаргаад ажилдаа орлоо. Орд баялаг ашигласнаас олох ашиг орлогыг авто болон төмөр зам, эрчим хүчний сүлжээг өргөтгөх, орон сууцны хороолол барьж байгуулах зэрэг томоохон бүтээн байгуулалтад зарцуулахын зэрэгцээ гэр бүлийн хөгжлийг хангах, өрхийн амьжиргааг дэмжихэд зориулах замаар дундаж орлоготой өрхийн тоог нэмэгдүүлнэ гэж Ерөнхий сайд хэлсэн үгэндээ дурдлаа. Ингэхдээ улсын төсвийн орлого нэмэгдэж,  зарим боломж бий болж байгаа хэдий ч бүх зүйлийг зөвхөн төсвөөс санхүүжүүлэх боломжгүй.

Тиймээс Нийгмийн халамжийн тухай хууль, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийг шинэчлэн боловсруулж, уг хуулийн хүрээнд үзүүлэх тусламж, үйлчилгээг нийгмийн дэмжлэг туслалцаа шаардлагатай зорилтот бүлэгт хүргэх замаар өрх бүрийг тогтмол орлоготой, амьжиргааны эх үүсвэртэй болгоно гэдгийг Ерөнхий сайд онцоллоо.

Ядуурал, архидалт, нийгмийн бухимдал, гэр бүлийн хүчирхийлэл нь сэтгэл зовоосон асуудал хэвээрээ байна. Зуд, байгалийн гамшгийн нөлөө, ажлын байрны хомсдолоос үүдэлтэй хот суурин газар руу шилжих хөдөлгөөн саарахгүй байна. Үүний улмаас түүнийг дагасан нийгмийн хүндрэл бэрхшээл  тухайлбал орон гэргүй, орлогогүй өрхийн тоо өсч, наад захын хэрэгцээг хангахгүй орчинд амьдрах гэр бүлийн тоо нэмэгдэх боллоо. Мөн эцэг эхийн үр хүүхэддээ тавих хараа хяналт суларснаас хүүхэд багачууд аливаа гэмт хэрэгт өртөх, гэр орноосоо дайжих явдал ч байсаар байна.

Ийм хүнд нөхцөлд амьдарч байгаа олон өрхийн орон байрны асуудлыг шийдэх, “Халамжийн орон сууц” хөтөлбөрийг НҮБ, Хабитат зэрэг олон улсын байгууллагын туршлага, дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж эхлэх цаг болсон гэдгийг Ерөнхий сайд хэллээ.

Энэхүү онол, практикийн бага хурлаар олон чухал асуудлыг хэлэлцэж айл өрх, гэр бүлийн талаар үнэтэй санал зөвлөмж гаргана гэдэгт найдаж байгаа Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд үгийнхээ төгсгөлд дурдлаа. Монгол Улсын Засгийн газар, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, НҮБ-ийн Хүн амын сан хамтран “Гэр бүлийн хөгжлийн чиг хандлага, тулгамдсан асуудал” сэдэвт онол практикийн бага хурал Төрийн ордонд болж байна.

Гэр бүлийн хөгжлийг цогцоор нь авч үзэж, гэр бүлийн тогтвортой байдлыг хангах үндэсний тогтолцоог боловсронгуй болгох, өрхөд чиглэсэн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, хүүхэд хамгааллын асуудлыг дорвитой шинэчлэхэд төрийн бодлого, зохицуулалтыг илүүтэй хандуулах хэрэгтэй байгааг хуралд оролцогсод хэлж байлаа. Тиймээс  НХХЯ ирэх онд гэр бүл, хүүхэд хамгааллын асуудалд анхаарч ажиллахаар зорилтоо тодорхойлоод байгаа талаар НХХ-ийн сайд Т.Ганди хурлын үеэр мэдэгдлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж