Хуульгүй бол улс төрийн зорилгоор өөрчлөхийг үгүйсгэхгүй

Хуучирсан мэдээ: 2010.12.24-нд нийтлэгдсэн

Хуульгүй бол улс төрийн зорилгоор өөрчлөхийг үгүйсгэхгүй

Үндсэн хуульд өөрчлөлт оруулах журмын тухай  хуулийн төслийг боловсруулсан Ажлын хэсгийн ахлагч Д.Дондогоос дараах зүйлийг тодрууллаа.

-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын хууль батлагдлаа. Энэ хууль батлагдсаны дараагаар хамгийн түрүүнд ямар өөрчлөлт орох боломж нээгдэх бол?
-Энэ хуулийн төсөл Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмыг тухай болохоос Үндсэн хуульд гар хүрэх тухай биш. Бид Үндсэн хуульд өөрчлөлт оруулах зорилготойгоор журам батлах гээгүй. Хамгийн гол нь цаашид Үндсэн хуульд өөрчлөлт оруулах болзол, нөхцлийг хуульчилж өгөх нь ач холбогдолтой.
-Энэ хуулийн төсөл батлагдвал улс төрийн шалтгаанаар Үндсэн хуульд өөрчлөлт орохгүй гэх баталгаа байна уу?
-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахын тулд дөрөвний гурвын саналаар шийднэ гэж босгыг өндөрсгөсөн. Мөн Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тохиолдолд Засгийн газар, Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Монгол банк, олон нийтийн саналыг авах тухай зохицуулалт бий. Үүнд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэхэд байгууллага албан тушаалтан  өгөх саналаа 30 хоногийн дотор ирүүлэх, хэрэв энэ хугацаанд амжихгүй бол зөвшилцөн, хойшлуулах зэрэг зохицуулалт хийсэн. Ямар ч байсан энэ хуулийн төслийг чуулганаар хэлэлцэн баталлаа. Харин ч зохицуулсан хууль үгүй бол хожим улс төрийн зорилгоор Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг үгүйсгэхгүй.
-Дархалсан заалтуудад юуг хамааруулсан бэ?
-Журмын хуульд өөрчлөлт оруулахдаа гар хүрч болохгүй гэж дархалсан заалтуудыг тусгасан. Энэ заалтуудад Монгол Улсын Үндэсний эрх ашигтай холбоотой Үндсэн хуулийн тулгуур зарчмууд багтсан. Өөрөөр хэлбэл Монгол улсын тусгаар тогтнолын тухай, хилийг хуулиар хамгаалах тухай зэрэг заалтууд үүнд хамаарагдана. Түүнчлэн УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг сулруулж, чангаруулж болохгүй байх заалт тусгасан. Үүнд Ерөнхийлөгчийн сонгуулийн болон үлдээд буй бүрэн эрхийн хугацааг сунгах, өөрчлөхийг хориглох тухай, Ерөнхийлөгчид нэр дэвшигчдэд тавигдах шаардлагыг сулруулж болохгүй тухай, мөн Засгийн газрын гишүүний бүрэн эрхийг нэмэгдүүлэх давуу байдал олгохыг хориглох тухай заалтууд бий.

Б. МАНДАХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж