Улсын хэмжээнд 31,8 сая толгой мал тоолууллаа

Хуучирсан мэдээ: 2010.12.24-нд нийтлэгдсэн

Улсын хэмжээнд 31,8 сая толгой мал тоолууллаа

Мал тооллогын урьдчилсан дүнгээр 2010 оны жилийн  эцэст манай улсын малын нийт тоо 31828.9 мянган толгойд хүрч, 2009 оныхоос 12195.1 мянга буюу 27.7 хувиар буурсныг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Урьдчилсан дүнгээр адууны тоо толгой  1860.6 мянга, үхэр 2123.7 мянга, тэмээ 265.3 мянга, хонь 14050.8 мянга, ямаа 13528.5 мянгад хүрч, 2009 оныхоос  адуу 360.7 мянга, үхэр 475.7 мянга, тэмээ 11.7 мянга,  хонь 5224.0 мянга,  ямаа 6123.0  мянган толгойгоор тус тус буурчээ.  
  Аймгуудаар авч үзвэл малын нийт тоо өмнөх оныхоос Сүхбаатар аймагт таван төрөл дээрээ  өсч, харин бусад аймаг, нийслэлд буурчээ. Дундговь, Завхан, Өвөрхангай аймгуудад малын тоо 1.1-1.7 сая толгойгоор буурсан нь хамгийн өндөр бууралттай байна.
  Улсын хэмжээнд малын нийт тоо 2009 оныхоос 35 сум, 1 дүүрэгт өсч, 294 сум, 8 дүүрэгт тус тус буурчээ.
   Нийт мал сүргийн дотор адуу 5.8 хувь, үхэр 6.7 хувь, тэмээ 0.8 хувь, хонь 44.1 хувь, ямаа 42.5 хувийг тус тус эзэлж, өмнөх оныхтой харьцуулахад ямааны эзлэх хувь 2.1  пунктээр буурч, харин адуу, үхэр, тэмээ, хониных 0.2-0.8 пунктээр  өссөн байна…                                                                        
  Хамгийн олон мал тоолуулсан эхний таван аймагт Хөвсгөл (3072.1 мянга), Төв (2699.4 мянга), Архангай (2631.8 мянга), Булган (2211.3 мянга), Хэнтий (2014.3 мянга) аймгууд орж байна.  Малын тооны өсөлтийг төрөл тус бүрээр авч үзвэл:
Адууны тоо хоёр аймагт өсч, 19 аймаг, Улаанбаатар хотод  буурсан бөгөөд адууны тоогоор Төв (200.1 мянга), Архангай (190.7 мянга),  Булган (177.1 мянга), Хөвсгөл (146.3 мянга), Сүхбаатар (140.9 мянга) аймгууд эхний 5 байрт орж байна.
Үхрийн тоо гурван аймагт өсч, 18 аймаг, Улаанбаатар хотод буурсан бөгөөд үхрийн тоогоор Хөвсгөл (309.2 мянга), Архангай (293.6 мянга), Булган (172.8 мянга), Төв (171.8 мянга), Хэнтий (156.5 мянга)  аймгууд эхний таван байрт орж байна.
Тэмээний тоо долоон аймагт өсч, 14 аймагт буурав.  Өмнөговь аймаг хамгийн олон буюу 83.4 мянган тэмээ тоолуулсан байна.
Хонины тоо хоёр аймагт өсч, 19 аймаг, Улаанбаатар хотод буурсан байна. Хонины тоогоор Хөвсгөл (1348.6 мянга), Төв (1345.1 мянга), Архангай (1308.6 мянга),  Булган (1130.5 мянга), Хэнтий (971.0 мянга) аймгууд эхний 5 байрт орж байна.
Ямааны тоо нэг аймагт өсч, 20 аймаг, Улаанбаатар хотод  буурлаа. Ямааны тоогоор Хөвсгөл (1265.8 мянга), Баянхонгор (1185.3 мянга), Төв (980.1 мянга),  Өвөрхангай (874.7 мянга), Ховд (845.8 мянга) аймгууд эхний таван байрт оржээ.

Д.Цэцэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж