Сангийн яам 2010 оны ажлаа дүгнэв

Хуучирсан мэдээ: 2010.12.27-нд нийтлэгдсэн

Сангийн яам 2010 оны ажлаа дүгнэв

Сангийн яамныхан өнөөдөр хамт олноороо хуралдаж, 2010 онд хийж гүйцэтгэсэн ажлуудаа дүгнэн ирэх жил хийх ажлаа ярилцаж, энэ онд хөдөлмөр бүтээлийн өндөр амжилт гаргасан ажилтан албан хаагчдаа шагнаж урамшуулжээ.

 Сангийн сайд С.Баярцогт хурлын эхэнд “Сангийн яам санхүү, төсвийн зөв бодлого баримталж ажилласны дүнд дотоод нийт бүтээгдэхүүний өсөлт өнгөрсөн жил -1.8 хувь байсныг 2010 онд 8 хувийн өсөлтөд хүргэж, төрийн сан хөмрөгийг арвижуулах үйл хэрэгт манай хамт олон хичээл зүтгэл гаргасн ажиллаж, дорвитой ахиц гаргасан дүүрэн бэлэгтэй, түвшин жаргалтай сайхан жил боллоо хэмээн онцолсон байна. Тэрээр Сангийн яамны 2010 онд маш их ажил амжуулсан бүтээлч жил байсан бөгөөд онцлох 10 ажлыг хийснээ танилцуулсан юм.

Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг батлуулав

 Энэ хууль гарснаар төсвийн бодлого, стратегийг тодорхойлох төсвийн удирдлагын  зарчим, төсвийн тусгай шаардлагыг тогтоож, төсвийн дунд, урт хугацааны тогтвортой байдлыг хангахад хууль тогтоох, гүйцэтгэх засаглалын байгууллагын үүрэг, хариуцлага өндөрсөж, улмаар төсвийг тогтвортой байлгах, төсвийг боловсруулах, батлах мөчлөгийн савлагаа багасаж, төсвийн тусгай шаардлагад суурилсан төсвийн удирдлагын эрх зүйн шинэ орчин бүрдэж байна. 

ОУВС-гийн Стэнд-бай хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж дууслаа

Монгол Улс ОУВС-гийн Стэнд-бай хөтөлбөрийг Ази, Номхон далайн бүс нутагт амжилттай хэрэгжүүлсэн анхны орон боллоо. Монгол Улсын Засгийн газар-Гадаад түншүүдийн Бодлогын зөвлөлдөх уулзалт, Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын 2010 оны Хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны хэлэлцээ, Монгол Улс, Азийн хөгжлийн банктай 2010-2015 онуудад хамтран ажиллах стратегийн баримт бичгийг тохиролцсон тухай Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах зэрэг ажлыг амжилттай зохион байгуулснаар 2010 оны урьдчилсан гүйцэтгэлээр хөнгөлөлттэй зээлийн 251.7 сая ам.долларын 17 төсөл, буцалтгүй тусламжийн 180.6 сая ам.долларын 15 төсөл, нийтдээ 432.3 сая ам.долларын хөгжлийн албан ёсны тусламжийн 32 төрлийн гэрээ, хэлэлцээрийг байгуулж, түүний заримыг УИХ-аар соёрхон батлуулах буюу ноот бичиг солилцох хэмжээнд хэрэгжүүлсэн байна. 
 
Их өрийг бүр мөсөн барагдууллаа

ОХУ-ын Москва хотноо 2010 оны 12 дугаар сарын 14-ний өдөр гарын үсэг зурсан “Оросын Холбооны Улсын өмнө Монгол Улсын хүлээх санхүүгийн үүргийг зохицуулах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг Засгийн газар баталлаа. Энэхүү хэлэлцээрт зааснаар манай улсын өр болох 174.2 сая ам.долларын 97.8 хувийг хүчингүй болгож, үлдэх 3.8 сая ам.долларыг манай тал Хэлэлцээр хүчин төгөлдөр болсноос эхлэн 30 хоногийн дотор нэг удаагийн мөнгөн төлбөрөөр Оросын талд өрийг төлснөөр ИХ ӨРИЙН үлдэгдэл бүрэн цайруулах юм. Үүний дүнд Монгол Улс гадаад улсад  хугацаа хэтэрсэн өргүй боллоо. 

Төсвийн тухай хуулийг УИХ-д өргөн барилаа

Эдгээр хуулийн хүрээнд төсвийн төвлөрлийг задалж, аймаг, нийслэлд төсөв захиран зарцуулах эрхийг шилжүүлэх, иргэдийн эрүүл мэнд, боловсролд, эрхэлж буй бизнест, орон нутаг дахь бүтээн байгуулалтад, ажлын байр шинээр бий болгоход хөрөнгө оруулалтыг түлхүү хуваарилан зарцуулах, улмаар төсвийн хуваарилалт, зарцуулалт, хяналтын явцад иргэдийн оролцоо, эрхийг нэмэгдүүлэх үйл ажиллагаа өргөжих юм.

Монгол Улсын чансааг тодорхойлдог үзүүлэлт дээшлэв

(1)Улс орнуудын төсвийн бодлогын ил тод байдал, шинэчлэл, хариуцлагын тогтолцооны сүүлийн судалгаагаар манай улсын үнэлгээ нэмэгдэж 2010 онд 60 оноо авсан байна. (2) Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын Олон улсын зөвлөл 2010 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Монгол Улсыг газрын тос, байгалийн хий, уул уурхайн үйлдвэрлэлийн салбарт ил тод байдлыг хангасан орноор хүлээн зөвшөөрсөн тухай зарласан байна. (3)Дэлхийд нэр хүндтэй Фитч компанийн Зэрэглэл тогтоох зөвлөл Монгол Улсын Зээлжих зэрэглэлийг урт хугацаанд “B+”гэж нэг зэрэглэлээр ахиулах, хэтийн төлвийг “Тогтвортой” гэсэн шийдвэрийг гаргажээ. Фитч компанийн Зэрэглэл тогтоох зөвлөл энэ тухай шийдвэрийг дэлхий улс орнуудад мэдэгдсэн явдал Монгол Улсын зээлжих зэрэглэлд эергээр нөлөө үзүүлж байна.

Хөгжлийн банкийг байгуулав

Монгол Улсын Засгийн газар Хөгжлийн банк байгуулж, түүний дүрмийг баталсан түүхэн шийдвэр гаргалаа. Хөгжлийн банк бол Монгол Улсын хөгжлийн бодлогод тодорхойлсон тэргүүлэх салбарын хөгжлийг дэмжих, нэмүү өртөг шингээсэн экспортыг нэмэгдүүлэх, эдийн засгийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх чиглэлээр санхүүгийн зуучлалын үйл ажиллагаа эрхлэх төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд мөн.

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийг батлууллаа

Энэхүү хууль гарснаар Үнэлгээний олон улсын стандартад нийцүүлэн манай улсад хөрөнгийн үнэлгээ явуулах үйл ажиллагааны нэгдсэн бодлого, өмч, хөрөнгийн үнэлгээтэй холбоотой маргаан зохицуулах эрх зүйн орчин үндсэндээ бүрдлээ.

“Монгол Улсын цахим худалдан авах тогтолцоо” төслийг эхлүүллээ

БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх “Монгол Улсын цахим худалдан авах тогтолцоо” төслийг хэрэгжүүлж эхэллээ. Засгийн газрын байгууллагад худалдан авах ажиллагааны удирдлага, хяналт-шинжилгээний тогтолцоог нэвтрүүлэх замаар захиалагч байгууллагын худалдан авах ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах, бүртгэх, тайлагнах үйл явцад цахим сүлжээ ашиглах Худалдан авах ажиллагааны удирдлага, хяналт-шинжилгээ, мэдээллийн сүлжээг ашиглалтад орууллаа.

Өрийн удирдлагын стратегийн баримт бичгийг мөрдүүлж эхлэв

Засгийн газрын шийдвэрийг үндэслэн Засгийн газрын өрийн удирдлагын дунд хугацааны стратегийн баримт бичгийг Сангийн сайдын тушаалаар баталж мөрдүүллээ. Засгийн газрын өрийн удирдлагын дунд хугацааны стратегийн баримт бичиг батлагдсан явдал Монгол Улсын өрийн удирдлагын талаар явуулах нэн шаардлагатай зорилтуудыг хэрэгжүү-лэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.

Өндөр бүтээлийн аян зарлав

“Сангийн яамны 100 жилийн ой угтсан өндөр бүтээлийн хоёр жилийн аян”-ы хүрээнд  “2010 оныг Санхүү, төсвийн эрх зүйн харилцааны шинэчлэлийн жил” болгон зарлаж, манай яам 2010 онд 10 хуулийг шинээр батлуулах, 17 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Улсын Их Хурлын 10 төрлийн тогтоол, Засгийн газрын 20 гаруй тогтоол, Монгол Улсын Ерөнхий сайдын 17 төрлийн захирамжийг батлуулсан байна. 
 

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж