Ололт амжилтаа бататгахыг гаальчдаас хүсэв

Хуучирсан мэдээ: 2010.12.29-нд нийтлэгдсэн

Ололт амжилтаа бататгахыг гаальчдаас хүсэв

Монгол Улсын гаалийн байгууллага 2010 онд хийсэн ажлаа дүгнэж онцлох 10 ажлаа тодруулснаа Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдод өчигдөр танилцууллаа.

Мэдээллийн технологийг нэвтрүүлэх ажилд эргэлт гаргалаа. Энэ нь гадаад худалдааг хөнгөвчлөх, бизнес эрхэлж байгаа хүмүүсийн цаг зардлыг хэмнэсэн чухал арга хэмжээ болсон. Монгол Улсын нийт ард иргэдэд ач холбогдолтой зүйл боллоо. Ингэснээр манай байгууллага мэдээлэл технологийн чиглэлээр олон улсын түвшинд хүрлээ гэж Гаалийн ерөнхий газрын дарга Д.Цэвээнжав хэллээ.

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд энэ уулзалтын үеэр гаалийн байгууллага гүйцэтгэж буй үүргийн хувьд ч, улсын төсөвт оруулж буй орлогын хувьд ч Монгол Улсын нийгэм, эдийн засгийн салбарт томоохон үүрэг гүйцэтгэж байгаа гэдгийг сайшаалаа.  Өнөөдөр гаалчид 847 тэрбум төгрөгийн орлогыг улсын төсөвт төвлөрүүлж, төлөвлөгөөгөө 150 тэрбум төгрөгөөр давуулан  биелүүлжээ. Үйл ажиллагаагаа нээлттэй илүү чадварлаг болгосон гэж танилцуулж байна. Мэдээллийн технологийг нэвтрүүлж, үйл ажиллагаагаа үр өгөөжтэй болгож байгаа зэрэг нь танай байгуууллага,  хамт олны үйл ажиллагаа сайжирч байгаагийн нэг илрэл гээд цаашид зөв зүйтэй ажлуудаа улам баталгаажуулах, бизнес эрхлэгчид, иргэдэд үйлчлэх үйлчилгээнд гарч байгаа нааштай алхмуудаа улам сайжруулж шуурхай болгохыг Засгийн газрын тэргүүн үүрэг болголоо.  

Гаалийн байгууллагаар үйлчлүүлж байгаа байгууллага, бизнес эрхлэгчид, хувь хүмүүсийн зүгээс гаальчидтай холбоотой гомдол санал  цөөрсөн нааштай үзүүлэлт байна. Төрийн байгууллагын үйлчилгээг  иргэд, бизнес эрхлэгчдэд үзүүлж, тэдэнтэй нүүр тулж ажилладаг хүмүүс бол гаалийнхан. Тиймээс иргэдтэйгээ харилцааны зөв соёлтой, хуулийн дагуу ажиллах, энэ жилийн үнэлгээнүүдээ тогтворжуулж, хэвшмэл болгох, улам бэхжүүлэх ажилд ирэх жилд анхаарахыг хүслээ.

Түүнчлэн бага орлоготой, нэг удаагийн эргэлтийн мөнгөөр бизнес хийж байгаа иргэддээ зохих хөнгөлөлтүүд үзүүлэх ийм боломжийг судалж, ажил хэрэг болгохыг Засгийн газрын тэргүүн онцоллоо. 

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд хар тамхи, мансууруулах бодистой холбоотой асуудалд сэтгэл зовниж байгаагаа энэ үеэр мөн илэрхийлээд манай улсын хүн амын 70 хувь нь залуучууд. Тиймээс энэ асуудалд онцгой анхаарахыг үүрэг болгоод хар тамхи, мансууруулах бодис хилээр оруулахаас сэргийлэх, илүү анхаарал тавих хэрэгтэй гэлээ.  

Бизнесийн орчны шинэтгэлийн жилийн хүрээнд чамгүй олон ажлыг зохион байгуулсан  гаалийн байгууллагынханд талархаж байгаагаа Ерөнхий сайд С.Батболд илэрхийлээд гаалийн байгууллагын нийт ажилтан, ажилчдад ажлын амжилт хүслээ. Мөн үйл ажиллагаа сайжирч орлого нэмэгдэхийн хэрээр мэргэжилтнүүдээ чадавхижуулах, нарийн мэргэжлийн чиглэлээр сургалтад хамруулах, гадаад оронд туршлага судлах, шаардлагатай тоног төхөөрөмжөөр ханган дэмжиж ажиллахыг Сайнгийн сайд болон Гаалийн ерөнхий газрын даргад зөвлөлөө хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас дамжууллаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж