А.Амарсайхан:”Тусгай салаа”-гаа үргэлжлүүлнэ ээ

Хуучирсан мэдээ: 2010.12.29-нд нийтлэгдсэн

А.Амарсайхан:”Тусгай салаа”-гаа үргэлжлүүлнэ ээ

Энэ жилийн Гоо марал шагналт “Хэцүү анги”, “Тусгай салаа” киноны эзэн, зохиолч А.Амарсайхантай уулзаж ярилцлаа. 

-Юуны өмнө Гоо марал хүртсэнд тань дахин баяр хүргэе. “Гоо марал”-ынхаа баярыг хэр тэмдэглэж байна?

-Баярлалаа. Кино гэдэг олон хүний бүтээл байдаг учраас ганц хүний баяр биш юм. Үүнийг Батлан хамгаалахын сайд Л.Болд энэ киног хийх шийдвэр гаргаж, зөвлөхөөр дэслэгч генерал М.Борбаатарыг томилсноос эхлэн ярих ёстой болов уу. Зэвсэгт хүчний жанжин штабын хурандаа Ц.Цэвээнсүрэн, чөлөөнд гарсан хурандаа Ш.Эрдэнэбаяр, 013 дугаар ангийн захирагч хурандаа М.Төмөрбаатар, ахмад Ц.Дашдаваа нар гээд үе, үеийн цэргийнхэн, шат шатны офицер, албан тушаалтнууд  сайн туслаагүйсэн бол энэ кино бүтэхгүй л байсан болов уу. Өнгөрсөн нэгдүгээр сард би гэдэг нэг байлдагч Зэвсэгт хүчний жанжин штабын дэд даргаар, генералаар 013 дугаар цэргийн анги дээр хүргүүлж байлаа шүү дээ.

-Зохиолоо бичих гэж нэг сар гаруй цэргийн казармд амьдарсан гэл үү?

-Цэргүүдтэйгээ бол яг 14 хоносон. Үндсэндээ ирэн очин ажилласнаа тооцвол нэг сар болсон.

-“Тусгай салаа” киног Батлан хамгаалах яамны захиалга, дэмжлэгээр хийсэн. Боловсролын яам танин мэдэхүйн, Байгаль орчны яам байгаль хамгааллын асуудлаар кино хийлээ гэхэд тийм сонин санагдахгүй байх. Ер нь тодорхой чиглэл өгөөд, захиалгаар уран бүтээл хийх хэцүү байдаг уу?

-Мөнгөгүй бол уран бүтээл босохгүй шүү дээ. Захиалгатай зүйлийг заавал захиалгыг харуулахааргүй сайхан уран бүтээл болгоод эв донжийг нь олоод хийж болно. Манайхан хоёр анги алгасаад л ганц нэг реклам гаргахаар л үстэй толгой нь арзайх маягийн л юм яриад байх юм. Гэтэл Монголд өнөөдөр хэн 500 сая төгрөг босгоод уран бүтээл хийж чадах билээ дээ?

-500 сая төгрөгөөр бүтсэн юм уу, “Тусгай салаа”?

-Нарийвчлаад тооцох юм бол бараг л хүрсэн байх аа. Монголын үндэсний олон нийтийн телевиз уран бүтээлчдээ цалинжуулаад ажиллуулж байна, гадны уран бүтээлчид ч орсон. Батлан хамгаалах яамнаас байр, обьект хувцас, хэрэглэлийг нь гаргаж байна. “Хэцүү анги”-ийг хийхэд зөвхөн гадны уран бүтээлчдийн шагналын зардал нь 200 сая болсон байх. Би санхүүч биш болохоор нарийн тоог нь хэлж мэдэхгүй байна л даа. Энэ их зардлыг гаргана гэдэг том асуудал. “Тусгай салаа”, “Хэцүү анги” кино “Гоо марал” хүртэхэд хэдийгээр түүнийг МҮОНТ-ийн захирал, киноны ерөнхий продюссер Ц.Оюундарь гэдэг хүн гарч ирээд гардаж авч байгаа мэт боловч цаана нь маш том баг, маш олон хүн ажилласан учраас маш олон хүний баяр байлаа. 600-гийн студид телевизээр ярилцлага өгөөд л эргэхэд хүмүүс утасдаж баяр хүргээд. Баяр хүргэлт тасрахгүй, телевизийн студид утсаар яриад л суугаад байлаа шүү дээ. Цомоо гардаж аваад манай ерөнхий продюссер 600-гийн студи руу харайгаад ороод ирсэн. Анх санаачилсан, кино хийх шийдвэр гаргасан Л.Болд сайд ч орж ирж баяр хүргээд л, бүгдээрээ зургаа авахуулаад хөөрсөн, баярласан хүмүүс, цэцэрлэгийн хүүхдүүд шиг дэвхэрцгээгээд байлаа.

-Уучлаарай сониучирхахад кино зохиолын шагнал тань. Ойролцоо тоогоор илэрхийлбэл…?

-Боломжийн. Монголд ер нь гайгүй хэмжээний шагнал. Гадаадад бол бүх насаараа идэх хоолоо олдог гэдэг. Надад бол дажгүй ээ, 15-20 сая төгрөг авчихдаг. Хамгийн гол нь энэ нь нэр хүндийн асуудал. Кино продессерүүдэд өөрөөр хэлбэл дараа надад кино зохиол захиалах хүмүүстээ юу хийж чаддагаа харуулж байна.

-Та өөрөө цэрэгт яваагүй гэсэн. Гэхдээ цэргийн амьдралыг их л сайн судалсан байна даа, киногоо хийхийн тулд… ?

-Манай зөвлөх зохиолыг маань харчихаад цэргийн мэргэжлийн хүн бичсэн юм уу гэж байсан. Зохиолоо бичихдээ Цэргийн албаны зохион байгуулах дүрэм, Цэргийн дүрэм гэдэг хоёр шар номыг байнга л эргүүлж сөхөх хэрэг гараад л… Эхэндээ би яаж ийм яст мэлхийн хурдаар урагшилна даа гэж айж байсан. Гэтэл анхнаасаа цэргийн дүрэм, хэллэг зэргийн яс сураад явчихаар цаашдаа гайгүй болчихож байгаа юм л даа. Би өөрөө цэрэгт яваагүй. Гэхдээ намайг дунд сургуульд байхад цэрэгжилтийн хичээл маш сайн ордог байсан юм. Ес, аравдугаар ангид долоо хоногт хоёр цагийн хичээл ордог, буудлага хийчихдэг, АКМ угсарчихдаг болдог байлаа шүү дээ.

-Таныг шог зохиолч гэдгээр уншигчид сайн мэднэ. Харин телесериалын төрөл рүү гэнэт хүчтэй цөмөрч орж ирлээ шүү?

-­Ер нь үргэлжилсэн үгийн зохиол ховордсон юм байна л даа. “Хэцүү анги”-ийн хувьд найруулагч нь хоёр сахилгагүй хүүхэд, хөдөөнөөс ирсэн нэг багш гэсэн санаа олчихсон бодоод яваад байж. Өмнө нь нэг залууд хандсан, цаадхи нь нэг ангийг нь хэдэн саяар хийнэ гэнэ үү шууд мөнгөө ярихаар нь дүргүй нь хүрээд надад хандсан юм билээ. Найруулагч бид хоёр болохоор мөнгөө ярьдаггүй, санаагаа л яриад л яваад байсан. Би орос, англи хэлний багшаар дунд сургуульд, бас Сэтгүүлч коллежид ч багшилж байсан. Хүүхдүүдийн үг хэллэг, сургууль дээр хөшигний ард өрнөж байдаг амьдрал, захирал нь багшаа яаж дарамталдаг, хүүхдүүд нь багшийнхаа араар далдуур яаж харьцдаг гэдгийг маш сайн мэддэг учраас дүрүүд шууд л өөрсдөө нүдэнд ургаад л харагдаад явчихсан. Өөр хүнд хандаад бичүүлсэн бол амьдралаас хол л болчих байсан байх. Миний зохиол яагаад амьдралд илүү ойрхон байна вэ гэхээр би багш нарын орон сууцанд өсчихсөн. Ээж аав хоёр хоюулаа багш. Багаасаа багш нарын амьдралыг нэвт шувт мэддэг. Аав багш нартай ан хийгээд явахад би дунд нь л сууж байдаг. Манайд багш нар орж гарч л байдаг. Тийм учраас надад их ойрхон байсан л даа. Манай аав чинь Говь-Алтайн брэнд багш. Тэтгэвэртээ гарах гэхээр гаргадаггүй хүн байна. Конкурс болоход л аавын шавь нар л жагсч байдаг. Түдэв гуай гэх мэт багш нарын хажууд л нэрлэгдэж байх хүн л дээ.

-Таныг шог зохиолч болохоор киноноос чинь хошин деталь л их хайгаад хүлээгээд байсан?

-Хошин деталийг хамаагүй оруулж болмооргүй юм байна лээ. Марзан, хошин зүйл нь ихдэхээр киногоо унагаачихдаг. Тийм болохоор би Дөлгөөний дүрд амьдралын инээд бага зэрэг гарч ирж байхаар бодож бичсэн. Хэтэрхий хошигночихвол киногоо унагачихна. Жишээлбэл, Дэндэвийн оронд хошин урлагийн нэг жүжигчин тоглочихвол болохгүй л дээ. Хөдөөний залуу амьдрал дээрээ байдаг шиг л, энгийн байх ёстой. Дэндэвийн инээд бол хот, хөдөөгийн соёлын ялгаа, соёлын шоок. Хөдөөгийн соёл бол аугаа. Гэтэл хотынхон хөдөөгийн соёлыг, хөдөөгийнхөн нь хотын соёлыг ойлгохгүй байдаг. Би Дэндэвийн дүр олдохгүй байх гэж их айж байсан. Би Дэндэвийг уртын дуу дуулчихдаг, сайхан хоолойтой, бүгдийн хайрыг татдаг залуу байгаасай гэж бодоод хараад байсан. Яг л ийм залуу олдчихсон. Бурхан бидэнд ийм сайн жүжигчин явуулсан байх.

-Харин ч олдохгүй гэхээсээ илүү та нар олдоогүй байсан хүмүүсийг олж, од төрүүлэх марктенгийг их сайн хийгээд байгаа юм биш үү? Тэмүүн, Билгүүн, Дөлгөөн, Сүнжид багш, Дэндэв гээд л бүгд од боллоо шүү дээ?

-Харин тийм. “Хэцүү анги” гарсны дараа одоогийн нийтийн дууны од гэгддэг дуучдыг Тэмүүнтэй цуг аваад цэргийн анги дээр нэвтрүүлэг хийх гээд очиход “Тэмүүн Тэмүүн” гээд шавчихсан, зургаа авахуулаад нөгөө одууд нь хачин байдалд орсон гэж байгаа юм.

-Би бас нэг болсон явдал танд ярьж өгөх үү? Таксинд суугаад явж байсан чинь FM-ээр Дэндэвийн дуу явж байна. Тэгсэн чинь хажуу талын машины жолооч зэрэгцэж ирээд “Наад дуу чинь аль суваг дээр явж байна” гэж асууж байгаа юм даа. Дэндэв ирнэ гэж тоглолт шоугаа сурталчилдаг болсон байна лээ. Дэндэвийн дууг хоёр жилийн өмнө биччихсэн байснаа хэн ч тоохгүй байснаа “Тусгай салаа” киноны ачаар хит болсон ч гэдэг. Эсвэл танай киноны PR-ын нэг хэсэг үү?

-Би анх киногоо хоёр дуутай байлгана гэж бодож байсан. Нэг нь марш болчихмоор рок дуу, харин нөгөөг нь хүмүүсийн сонирхоод байдгаар нь зохиолын дуу байлгадаг юм уу гээд. Би залуусын кино юм чин нэг нь рок, нөгөө нь поп дуу байлгая л гэж бодоод хоёр үг зохиочихсон байсан. Гэтэл Дэндэв “Надад ийм бэлэн дуу байгаа.Тангаргийн баяр дуулчихья” гээд. Сэдэв нь ч таарсан, тэгээд л сайхан дуулчихсан. Тангаргийн баяр дээр нэг бадаг дуулаад, дараа нь хоёр удаа аялахад хүмүүст хүрчихсэн. Гэтэл тэр чинь хоёр жилийн өмнө FM-үүдэд өгөөд, мөнгө төлөөд ганц нэг өдөр явуулаад дарагдчихсан байсан дуу байгаа юм даа. Тэр үед нь хэн ч тоож авч хэлэлцээгүй гэдэг юм билээ.

-Дэндэвийн дүрийг хайгаад, хамгийн сүүлд гурван залуу үлдчихсэн. Найруулагч Ж.Батбаяр энэ гурвыг нийлүүлээд нухчихвал нэг сайхан Дэндэв гарч ирэх гээд байна дээ гээд сонгож чадахгүй байсан гэж ярьсан?

-Найруулагч их нухацтай харсан л даа, сайн ч сонгосон. Манай кинонынхон хол нүдтэй энэ тэр гэж голдог ш дээ. Тиймэрхүү төрхөөр бас гологдож л байсан байх. “Дэндэв л хэцүү дүр шүү. Чамаас маш их ур чадвар шаардана. Чи хошин шог руу л хазайлгах юм бол миний Дэндэв биш болчихно шүү. Амьдралаас л инээд гарч байх ёстой шүү” гэж би маш их хэлдэг байсан. Уг нь дүрийн жагсаалтаар Сүлд, Хурц гээд Дэндэв гуравдугаарт бичигдсэн дүр. Гэтэл гол дүр шиг л түрээд гараад ирсэн. Бүгдээрээ л ижил зиндаатай гэж бодож бичсэн гол дүрүүд л дээ.
 
-Дэндэв ч бас азтай юм аа. Одоо дахиад нэг дуулчихвал бас л хит болох байх даа.

-Тийм шүү. Хөгжмийн зохиолчид дуугаа өгөх байлгүй. Жүжигчний хажуугаар дуулах бас авьяастай залуу. Сургуульд байхдаа дууны дугуйланд явж байсан юм билээ. Одоо бол хүн болгон дуулуулах гэнэ. Над руу утасдаад “Дэндэвээр чинь л дуулуулмаар байна. Сүлд ёолк хөтөлдөг гэж байна хэлээд өгөөч” л гэнэ. Би ч утсыг нь өгөөд л өөрсдөө учраа ол гэдэг юм.

-Продессерийг хийвэл шоу бизнест хэсэг явчих юм биш үү, та?

-Харин тийм. Даанч зав алга л даа./инээв/ Нэг удаа ёстой арын хаалгадсан. Кино гараад дуусдаг өдөр манай ахын Алтан гадас одонгийн найр болоод, гэтэл манай киноны хүлээн авалт давхардаж таараад. Би өөрөө оргож гарч ирээд Дэндэвийг бас “Бие засчихаад ирье гэж хэлээд гараад ир” гэж оргуулаад. Хөтлөгч Ш.Гүрбазар “Хоёр бие засах гэж байгаа хүнийг тайзнаа урья” гээд л намайг танилцуулсан чинь бүгд орилолдоод л сүйд хүлээж аваад, ярьсан чинь чив чимээгүй болж сонссон. “Дахиад нэг бие засахаар оргосон нь Дэндэв” гэсэн чинь бүр илүү чанга орилолдоод л алга ташаад босоод ирж байгаа юм даа, хүмүүс.
 
-Нээрээ төлөвлөлт, зохиол их сайн байсан нь харагдаж байсан. Өсөхбаяр аваргыг хүртэл кинонд тоглуулчихсан. Асашеорүтэй тааралдаад Дэндэв гар барьж ч байх шиг?  

-Р.Нямдорж тэргүүнээс асуухад “Хууль зүйн талаас болно шүү дээ, цэргийн анги дээрээ л бүртгүүлчихсэн бол…” гэсэн л дээ. Тэгээд л барилдуулчихсан. Харин тэр аварга Өсөхбаярын аманд барилдуулах гэдэг дээр жаахан зохицуулалт хийсэн байх аа, манай найруулагч /инээв/ . Угаасаа цэргүүд чинь заанаас дээш цолтой хүмүүсийн ам угтуулд гардаг юм байна лээ. Асашеорүгийн хувьд тэгж явж таараад зургийг нь авчихсан. Өсөхөө аварга ч кинонд тоглосноо мэдээгүй байх аа.

Би бол нэгдүгээр сарын эхнээс авахуулаад төлөвлөгөөн дээрээ суусан. Exsel программ дээр төлөвлөгөөгөө хийсэн. Сүлд гэдэг нэр оруулахад хаана, ямар сцена дээр хэнтэй уулзах, юу хэлэх гэх мэт гараад ирнэ. Төлөвлөгөөгөө хараад гэсэн жин банг нь тааруулна. Бүх үйл явцын зураг авалтаа төлөвлөнө. Ийм төлөвлөгөөтэй байсан учраас Марш тактикийн баяр, Тангаргийн баяр, улсын наадмын зургийг яг бодитоор нь авч чадсан.

Гуравдугаар сарын 7-нд дөнгөж төлөвлөгөө гаргаад дуусахад “Тавдугаар сарын 1-нд цэрэг татлага болоход зохиол бэлэн байна шүү” гээд намайг шахчихсан. Exsel дээрх төлөвлөгөө маань 50 гаруй хуудас, эхний гурван ангийг л бичсэн байсан. Хоёр сар хүрэхгүй хугацаанд 60 анги киног өдөрт нэг анги хагастай бичихэд ч амжихааргүй байдаг. “Чи амжуул” гээд л шахаад байдаг. Гэхдээ хашрууд намайг арай амжихгүй байх, зураг авалтаа эхлэхэд ядахдаа эхний 40 ангийн зохиолыг гаргачихсан байхад учиртай гэж тооцоолсон юм шиг байгаа юм. Гэтэл би бараг нойр хоолгүй бичээд л дөрөвдүгээр сарын 26 гэхэд дуусгасан. Бараг тэд уншиж амжихаа больсон байх, бүр итгэхгүй байсан. Ёстой л дөчин насны ид хаваар л энэ ажлын ард гарлаа даа гэж бодоод байдаг юм.

-Хэд орчим хуудас болох уу?

-Нэг анги нь л арав гаруй хуудас. Дээрээс нь давхарлаад л тавиад үзэхгүй юу, нэг боодол цаас 600 ширхэг байдаг билүү? Хоёр боодол руу дөхсөн байх аа. Ноүтбүүктэйгээ наалдан падаар наасан юм шиг л сууна даа. Нуруу хөшөөд ирэхээр арай бөхийж бичиж үзнэ, тохой чилнэ, тэгэхээр хэвтэж үзнэ. Нуруундаа хэт их ачаалал өгөхгүйн тулд янз янзын байрлал сонгож байгаа юм л даа. 14 хоног сахлаа авахгүй байх энүүхэнд. Гэрээсээ ч гарах хэрэггүй болохоор нь худалч хүнд нүүрээ ч угаахаа больсон, оройдоо л шүдээ угаана. “Хэцүү анги” дээр ч их л ядарч бичиж байсан. Гэхдээ зураг авалтаа дагаад бичээд байсан л даа. Сүүлдээ зохиолч ярихаар шууд дагаад бичээд явчихдаг төхөөрөмж байдаг ч болоосой гэж мөрөөдөж байгаа юм даа. Гадаадад бол 3-4-үүлээ зохиолоо бичдэг, бүр нарийн бичиг туслахтай. Гэтэл би ганцаараа. Хугацаа маш их шаардлагатай. Дэндэвийн өмнө нь хэлсэн үг яг бүрэн хэрэг болохоор төлөвлөгөөн дээрээсээ хайна,  эргэж уншиж олно. Тэгэхгүй бол утга нь ч юм уу, зарим нь гажуудчихна. Нарийн бичгийн даргатай бол хамаагүй амар байхгүй юу. Роман шиг л юм бичиж байгаа болохоор хүн болгоныхоо хэлсэн үгийг цээжилнэ гэж байхгүй, мартчихна. Гэтэл түүнийг хойноос уншаад, засаад, энд үг давтагдсан байна гэдгийг засах ч юм уу, нарийн бичиг их хэрэгтэй л байлаа. Гол нь төлөвлөгөөгөө нарийн гаргачихсан болохоор үг, утга санаа, үйлдэл давтагдахгүй, алдаа багатай гараад ирсэн л дээ.

-Зураг авалтын алдаанууд мэр сэр явсан гэлцдэг?

-Сүүлд нь харахад Сүлд байрнаас нүүчихсэн гэдгийг мэддэг байснаа дахиж “мэдэх” гэх мэт алдаанууд  байсан л даа. Энэ нь шахуу хугацаатай л бас холбоотой. Эфирт гарахын өмнө үзлэг хийлээ ч засах гэхээр хугацаа байдаггүй, яаж ч чадахгүй явуулахаас өөр аргагүй. Олон ангит киноны аймаар нь цаг хугацааны дарамтанд байдаг. Нэг ангит кино хийж байгаа хүмүүст би их атаархдаг. Би хоёр өдөрт бичиж байгаа зохиолыг тэр нэг сар нухна. Үгийг бол яаж ч уйлуулж, дуулуулж, сонгож бодож олно. Гэтэл би хоёр өдөртөө л амжиж үгээ олох ёстой. Эргээд би тэр ангитай дахиад зууралдаж суух зав байхгүй юм. Нэг ангит киноны операторууд ч гэсэн өдөрт нэг л сцена авна. Камерын зам, гэрэл тохируулга энэ тэрийг бол яаж л бол яаж хийнэ. Хэдэн янзаар бодож, туршиж үзээд, янзын гоё зураг авна. Гэтэл олон ангит киноныхон өдөрт арван сцена зураг авна, явалт дундаа л зураг авч байна гэсэн үг шүү дээ. Тэгээд хоёрхон оператортой.   Хэтэрхий бага хүн хүчээр, хэтэрхий шахуу хугацаанд хийсэн дээ, бид. Гиннесийн номонд бичигдэхээр, нэг анги нь 40 минут үргэлжлэх 60 ангит киног гурван сарын дотор хийсэн. Нэлээн бодож байж олохоор үг гарч ирнэ. Гэтэл тэрийг арван минут л бодох болдог. Тийм завгүй ажиллаж байсан  ч гэсэн Дэндэвийн амнаас хөдөөний өвгөнд л баймаар товхийсэн үг бас гараад л байдаг. Сүлдийн хэгжүүн занг илэрхийлсэн үгнүүд гээд л хэрдээ боломжийн үг биччихсэн л байгаа юм. Нөгөө би өөрийгөө магтахгүй бол хэн магтах вэ гэдэг шиг өөрийгөө магтчихлаа. Нэг их аугаа зүйл хийгээгүй ч сүйрчихсэн сөнөчихсөн юм хийгээгүй л гэж бодоод байгаа. Гэхдээ аугаа юм болгон энгийнээс эхэлдэг гэдэг шүү дээ.

-Дүрийг тодотгох нэг үг их хэрэгтэй байдаг юм гэсэн санааг олон жил бодож явснаа Дэндэвт улаан туг гэдэг үгээр оноож өгсөн гэж ярьж байсан?

-Надтай Эрхүүгийн бэлтгэлд хамт сурч байсан, өмнө нь ажиллаж байгаад оюутан болсон Мөнхбадрах гэж ах хааяа нэг хэлдэг байсан юм, “улаан туг” гэж. Тэрийг нэг зохиолд хэрэглэнэ дээ гэж бодоод л явсан. Гэхдээ өвгөний дүр дээр хэрэглэнэ дээ гэж бодсон болохоос Дэндэвт гэж бодоогүй ээ. Гэнэт Дэндэв дээр хэрэглэчихвэл яадаг бол хөдөөний жаахан хүүхэд ирчихээд л аавынхаа үгийг хэлээд пид пидхийгээд, аав нь ч бас улаан тугаа “дуудаад” л гэж бодсон. Бичиж байхдаа бараг өөрөө инээчих гээд байдаг. “Хэцүү анги”-ийн Дөлгөөн “аан…” гэдэг дээ. Тэрийг би өөрөөс аваад “хийчихсэн”. “Юм ярихаар л тэнэг юм шиг аан л гэхийн”  гээд эхнэр намайг загнадаг байхгүй юу. Үгийг нь сонссон хэрнээсээ л өөрөө мэдэлгүй аан гэчихдэг. Гэтэл тэр маань Дөлгөөний дүрийг хөөрхөн тодотгож өгсөн. Бас “яадаг билээ…” гэсэн уулга алдалт байна. Миний уугуул Баян-Уул сумынхан, хөгшчүүл   юм л бол “яадаг билээ…” гэдэг юм.
 
-Танай кинотой холбоотой их яриа байдаг. Та нарт бол хөгжилтэй зүйл зөндөө л тохиолдож байсан биз дээ. Одоо л гэхэд  Сүлдийнх шиг буу шинэ жилээр  бэлгэнд авна гэсэн хүсэлтэй хүүхэд олон байгаа гэнэ.

-Тэр ч олдохгүй байх аа. Америк буу чинь ондоо, Сүлдийнх чинь Орос АКМ. Хүүхэд болгон тийм буу авна гээд Эрээний үйлдвэрүүд үйлдвэрлээд дийлэхгүй байгаа юм биш үү /инээв/. Л.Болд сайд ямар сайндаа Баянхонгорчуудад их гомдсон гэсэн. “Баянхонгорын төлөө би зөндөө их ажил хийсэн, маш их мөнгө татсан, гэтэл надтай зургаа авахуулахгүй Дэндэвтэй авахуулаад байгаа юм даа” гэж гомдсон байгаа юм. Би ч гэсэн манай жүжигчидтэй хүмүүс зургаа авахуулаад, надтай хоёр гуравхан хүн зургаа авахуулахаар уур хүрээд гомдоод байдаг л байлаа. Тэгсэн чинь манай жүжигчид “Тэмүүн гэдэг чиний л бодож гаргасан дүр, нэр юм чинь чамтай л зургаа авахуулж байгаа гэсэн үг шүү дээ” гэхээр ашгүй тайвширсан. Тэгээд Л.Болд сайдад энэ “тайвшрал”-аа ярьж өгөөд, “Та л санаачилсан, танай кино шүү дээ” гэсэн чинь сайд бас их урамшиж тайвширч байх шиг байна лээ /инээв/.

Ер нь инээдэмтэй зүйл их тохиолдоно оо. Нэг сайхан эр телевиз рүү өөрийн биеэр ирээд “Тэр ядарсан багштай чинь би суучихья аа. Намайг тоовол би хоёр оюутан хүүхдийг нь сайхан аваад явчихна” гэж ярьсан байгаа юм даа. Бас миний бүр багын найз Атарбаян гээд морь цоллооч утсыг маань хайсаар байгаад олоод “Сэтгэл хоосроод оо хөө. Оройд үзэх юм байхгүй. Үргэлжлүүлбэл өнөө маргаашдаа гарч амжина гэж байхгүй л байх даа?” гэж байгаа юм даа. “Тусгай” салаа гарч байхад хот хоорондын автобус зогсч байгаад киногоо үзээд цаашаа явдаг байсан гэсэн. 

-Киноны зорилт нь эх оронч үзлийг өдөөж дэмжихэд чиглэсэн. Нөгөө талаасаа цэрэг, армийн нэр хүндийг их өргөж өглөө. Цэрэгт татагсдын тоо нэмэгдэж байна л гэдэг, ялангуяа боловсролтой залуус. Цэргийн алба хаасан бол төрийн албанд ажиллах боломжтой гэдгийг Түвшингийн дүрээс харж олон залуус ойлгосон гэсэн гэхээр үүргээ мундаг гүйцэтгэсэн кино болжээ дээ?

– Лу.Болд сайдад З.Энхболд гишүүн “Бид нэг хуулийн заалт сурталчлах гэж ямар их юм хэвлэдэг билээ. Ямар их сонинд хэвлүүлдэг. Та нар тэгэхэд ганцхан дүрээр л хүмүүст ойлгуулчихлаа” гэж хэлсэн гэсэн. Яагаад заавал хил дээр очиж амь үрэгдэхэд л эх оронч байдаг юм бэ? Яагаад жирийн л эгэл бор залуус нэг жил алба хаагаад ирж байгаар илэрхийлж болохгүй юм бэ? Эх оронч үзэл гэдэг хотын пээдгэр бацаан, хөдөөний залуу хоёрын нөхөрлөл дээрээс л харуулж байна. Өдөр болгон шалаа угаадгаас нь эхлээд харуулж болохгүй гэж би анхнаасаа л бодсон. 

-Яагаад заавал гурван дайчин сонгосон юм бэ, “Хэцүү анги” дээр ч гурван найз…?

-Хоёр хүнээс гурван хүн бол хамаагүй илүү зөрчил, үйл явцтай. Хоёр хүн муудалцахад гурав дахь зохицуулна шүү дээ. Харин дөрөв яагаад байж болоогүй юм бэ гэвэл би чинь хязгаарлагдмал “төсөв”-т кино хийж байгаа. Зургаан гол дүр гэсэн лимиттэй байхад дөрвийг нь байлдагчид “цацаад” яах вэ дээ. Дөрөв болгочихсон бол би өмнөхөө давтдаг гэсэн шүүмжлүүлэхгүй л байсан.  Бас хэмнэлт, зураг авалтаа бодохгүй бол болохгүй. Өмнө нь би телевизэд ажиллаж байсан, баримтат киноны студитэй болохоор бүх л алхмыг бодож л хийж байгаа юм л даа, зардал мөнгөнөөсөө эхлүүлээд…Дараагийн кинондоо давтахгүй л гэж бодож байна

-Дараагийн кино… Ингэхэд “Хэцүү анги”, “Тусгай салаа” киноны үргэлжлэлийг хийгээч хүмүүс танаас нэхдэг биз дээ?

-Яваандаа үргэлжүүлье гэдэг бодол байдаг. “Хэцүү анги”-ийнхан гэхэд оюутан болчихсон. Сүнжид багш 300 мянгын гоё нүдний шил зүүчихсэн, Янжин захирал багш болчихсон “Захирал аа” гэчихсэн орж ирээд л гэдэг ч юм уу. “Тусгай салаа”-г ч гэсэн үргэлжлүүлэх талаар ярьж байна. Дэндэв үргэлжлүүлж алба хаах гээд байгаа нөхөр шүү дээ. Гэрээт албан хаагч, дэд ахлагч Дэндэв улаан тугаа хэлээд явж байвал бас болж л байна.

-Та манай сонинд 14 хоног бүх хошин өгүүллэгийг нүүр бэлтгэдэг байсан. Уншигч нар тань “нэхээд” л байгаа. Бас  блогийн чинь уншигчид олон.  Бас дээр хэлсэнчлэн олон ангит кинонуудаа үргэлжлүүлэх үү гэсэн хүлээлт байна. Танаас хүсч хүлээж байгаа зүйл нэг хүнд ахдам. Гэхдээ ойрд юу хийх вэ, уншигчдадаа ямар баяртай мэдээ дуулгах вэ?

-Одоо нэг кинон дээр ажиллаж байна. Уг нь продессерүүд нь задгай кино хийх гэж байсан. Харин би хүмүүст нэлээд зүйл бодуулахаар болгоё гэж бодоод… Гэхдээ үзэх гээд хорхойсоод байдаг ор хөнжил, үүлэн борооны ажил нь орсон. Төгсгөл нь ухаарал дагуулахаар их дажгүй кино болох байх аа. Хажуугаар нь бас блогоо ч шог өгүүллэгээ ч орхихгүй санаатай. Шог зохиолч С.Даваадаш “Алтайн алиа Амарсайхан сериал хөөгөөд дашийн шог. Увсын уяхан Жаргалсайхан Сарантуяаг дагаад дашийн шог” гэж Тоншуулынхны тухай шог шүлэг бичсэн байсан. Тэр л болчихлоо.  Сериал бол маш их судалгаа, цаг хугацаа шаарддаг. Басхүү нэг уран бүтээлд төвлөрчихөөд, дахиад өөр зүйл бодохоор кино ч үгүй, өгүүллэг ч үгүй болох гээд. Уг нь блогтоо хөрөг, хошин өгүүллэг, шог зургаа арав хоног тутамд оруулаад байх юм сан л гэж бодоод байна. Ямартаа ч шог өгүүллэгээ орхихгүй ээ. Ямар ч завгүй байсан шог өгүүллэгээ бодож, “толгойгоо амрааж байя гэж бодоод, бас “давраад” шог зургаа ч зурмаар.

Бас“Хэцүү анги”-ийнхаа зохиолыг роман болгож гаргах гэж байна. Хүмүүс, найзууд, зохиолчид их шахаж байна л даа, намайг. Хүүхдүүд ном уншихаа больчих гээд байгаа үед киногоо роман болгочихвол хүүхдүүүдийг ном уншдаг болгож, “уруу татах” гээд байна.  Чи хариуцлагаа ойлгох хэрэгтэй, сайн бичих хэрэгтэй гээд байдаг. Би уг нь хичээгээд л, ажил жаахан амждаггүй. Харин сая сууж байгаад 60-80 хувийг нь биччихлээ. Ирэх нэгдүгээр сард хэвлүүлчих байх, залуучуудын брэндтэй компаниудтай ярилцаж марктенгийг нь хариуцуулаад сүнгэнүүлчих санаатай байгаа.

-Кино зохиолыг роман болгоно гэдэг бас амаргүй байх шүү?

-Шинээр дахиад бичнэ гэсэн үг. Кинон дээр гарч үзэгдэж чаддаггүй, дүрийнхээ дотоод сэтгэлийг гаргах, бодол, зүйрлэл үйл явдал гээд л. Кинон дээр хэдэн тэрбум төгрөгийн зардал болчих гээд гаргаж чадахгүй байсан үйл явдлыг би одоо нэмээд биччихэж болж байна. Кинон дээр байгаа Тэмүүний дотоод сэтгэл, тэр хүүхэд яагаад тэсэрч уурлаад байдгийг бүр нарийвчилж, “Яагаад… Яагаад” гэдэг их олон асуултын хариуг гаргаж ирнэ. Хүмүүст их л юм бодуулсан зохиол болно доо гэж горьдоод л бичээд л байгаа.

Баярлалаа. Танд амжилт хүсье.

А.АЛТАНТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж