Надаль, Федерер нар усан дээр теннис тоглолоо

Хуучирсан мэдээ: 2011.01.03-нд нийтлэгдсэн

Надаль, Федерер нар усан дээр теннис тоглолоо

Дэлхийн тэргүүн теннисчид болох Рафаэль Надал болон Рожер Федерер нар АТР-гийн шинэ улирлыг нээж, Катарын нийслэл Доха хотод усан талбай дээр теннис тоглосон байна. Энэ жил нийт 63 тэмцээн болох бөгөөд өнөөдөр эхлэх Катарын нээлттэй тэмцээн нь энэ оны хамгийн эхний тэмцээн болж байна. Дэлхийн тэргүүн теннисчид маань Доха хотын далайн эрэг дээр усан дээр барьсан тусгай талбайд тоглосон юм.

Энэ удаагийн Катарын тэмцээний чансааг Испанийн теннисчин Надаль тэргүүлж, Федерер удаалж байгаа. 2010 оны хамгийн сүүлийн тэмцээнд Надалийг буулгаж авсан Федерер 2011 оныг амжилтаар эхлүүлэхийг хүсч байна. Федерер хэлэхдээ “Би тэмцээндээ бэлтгэж, тийм ч удаан амарсангүй. Гэхдээ миний хувьд энэ нь давуу тал гэж бодож байна. Учир нь формоо алдахгүй шүү дээ. Би сүүлийн үед маш сайн тоглож байгаа" гэсэн бол Надаль “Энд хамгийн шилдгүүд нь ирсэн байна. Рожер болон бусад тоглогчид. Өмнө нь Катарын тэмцээнд түрүүлж байсан Давыденко, Цонга, Кольшрайбер, Гулбис, Тройцки нарыг дурдаж болно. Тийм ээ, маш олон сайн тоглогчид энд ирсэн байна. Тиймээс сонирхолтой тэмцээн болох байх" хэмээжээ.

2004 оноос хойш дэлхийн чансааны зөвхөн нэг, хоёрдугаар байрт л бичигдэж байгаа эдгээр хоёр теннисчин 2011 онд ч гэсэн хоорондоо ширүүн өрсөлдөөнийг үзүүлэх нь гарцаагүй. Надаль болон Федерер нар сүүлийн 23 “Их дуулга”-ын 21-ийг нь хуваан авчээ. Энэ сарын сүүлээр Австралийн Мельбурнд болох “Их дуулга”-ын анхны цуврал Австралийн нээлттэй тэмцээнд түрүүлбэл Надаль 1969 онд Род Лаверийн  үзүүлж байсан дөрвөн “Их дуулга”-д дараалан түрүүлсэн амжилтыг эвдэнэ. Харин Федерер түрүүлбэл 16 дахь “Их дуулга”-ын цомоо хүртэх юм. Энэ жилийн хувьд дээрх хоёр тамирчинтай чансааны №3 Новак Жокович, №4 Энди Муррей, №5 Робин Содерлинг нар хүчтэй өрсөлдөх нь гарцаагүй. Энэ удаагийн тэмцээнд 2009 оны Америкийн нээлттэй аварга Хуан Мартин дел Потро бэртлээсээ эргэн ирж байгааг дашрамд дуулгая.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж