Сурагчдын амралтыг хойшлууллаа

Хуучирсан мэдээ: 2011.01.04-нд нийтлэгдсэн

Сурагчдын амралтыг хойшлууллаа

Улсын онцгой комисс өнгөрсөн арванхоёрдугаар сарын 31-нд хуралдаж Улаанбаатар хот, Дархан-Уул, Орхон аймгаас бусад орон нутгийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хоёрдугаар улирлын амралтын хугацаанд өөрчлөлт оруулсан байна. Учир нь хүйтний эрч чангарч, цаг агаар муудах төлөвтэй байгаа тул сурагчдыг болзошгүй осол гэмтэлд өртөхөөс урьдчилан сэргийлж уг өөрчлөлтийг гаргажээ.

Нэг, хоёрдугаар ангийн хүүхдүүд нэгдүгээр сарын 11-25-ны хооронд амардаг байсан бол энэ удаа нэгдүгээр сарын 31-нээс хоёрдугаар сарын 14-ний хооронд амрахаар болсон байна. Харин бусад ангийн сурагчид нэгдүгээр сарын 19-25-ны хооронд долоо хоног амардаг байсныг өөрчилж, нэгдүгээр сарын 31-нээс хоёрдугаар сарын 7-ны хооронд амруулахаар өөрчилжээ.

 Түүнчлэн цаг агаар эрс муудвал сургуулиудын үйл ажиллагааг түр зогсоох арга хэмжээ авч ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосон байна. Хичээл сургуулийн үйл ажиллагааг түр хаах тохиолдолд сурагчдад хичээл, сургалтыг нягтруулан шахаж ажиллахыг сургуулиудын захирал нарт даалгажээ. Байгаль, цаг агаар муудсан үед багш, эцэг, эхчүүд хүүхдээ гараас гарт хүлээлгэн өгч, сурагчдын эрүүл мэнд, аюулгүй байдлыг нь хангахыг сануулсан байна. Мөн оюутан залуучууд амралтаараа хөдөө гэр рүүгээ явахдаа техникийн аюулгүй байдал хангасан автобус унаагаар үйлчлүүлэх, дулаан хувцаслаж байхыг Улсын онцгой комиссоос анхаарууллаа.

Даршрамд дуулгахад, Улаанбаатар хот, Дархан-Уул, Орхон аймгийн дунд сургуулийн сурагчдын хувьд хоёрдугаар улирлын амралт хуучин хуваарийн дагуу байна. Тодруулбал, 1, 2 дугаар ангийн сурагчид энэ сарын 12- ноос 14 хоног, 3-11 дүгээр ангийнхан энэ сарын 19-нөөс долоо хоногийн хугацаанд тус тус амрах юм. 

П.Наран
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж