Газрын тосны “гүүр” ба Монгол

Хуучирсан мэдээ: 2011.01.05-нд нийтлэгдсэн

Газрын тосны “гүүр” ба Монгол

Монголчууд бидний хөрш улсууд болох Орос, Хятад хоёрын хооронд тавигдсан нефть дамжуулах хоолойгоор хойд хөрш маань урд хөрш рүү газрын тосоо нийлүүлж эхэлсэн нь энэ долоо хоногийн бас л нэгэн онцлох үйл явдал болж, дэлхийн мэдээллийн хэрэгслийн нүүрүүдэд тавигдаж эхлэв. Өнгөрсөн онд манай хоёр хөрш улс дэлхийн газрын тосны зах зээл дээр манлайлагчид болж тодорсон бөгөөд энэ нь ч бусдын анхаарлыг ихэд татаж буй. Орос улс өнгөрсөн онд нэг өдөрт 10 гаран сая баррель газрын тос олборлож энэ үзүүлэлтээрээ өдөрт 8.2 сая баррелийг олборлож байгаа Саудын Арабын өмнө орж чадсан байна. Зарим мэдээллийн эх сурвалжаас харахад үүнээс өндөр үзүүлэлтийг Зөвлөлт гүрэн гэж байх үед л буюу 1987 онд Бүх холбоотын хэмжээнд ганц удаа үзүүлж байсан.
Тэгвэл одоо Орос улс дангаараа олборлож байгаа нь хойд хөрш газрын тосны нийлүүлэлтээр цаашид ч ноёлох боломжтой гэдгийг харуулж байна. Тэгвэл мөн л өнгөрсөн онд Хятад улс газрын тосны импортоороо АНУ-ын тэргүүллийг булааж авсан байна. Ингээд газрын тосны хамгийн том экспортлогч хамгийн их импортлогчдоо өдөр бүр 300 мянган баррель буюу жилд 15 сая тонн газрын тосыг 2400 км урттай хоолойгоор шахаж эхэллээ. Оросын Эрхүү мужаас Хятадын зүнн хойд мужийн Дацин хот хүртэл татсан энэ хоолой олон тэрбум ам.долларын өртөгтэй төслийн нэг хэсэг бөгөөд Оросыг Хятадад 25 тэрбум ам.долларын өр тавихад хүргэсэн байна. Иймд оросууд ямар ч байсан ойрын хорин жилийн турш дээр дурдсан хэмжээгээр газрын тосоо Хятадад “шахаж” өрөө дарах бололтой.
Өмнө нь оросууд төмөр замаар  жилдээ 9 сая тонн газрын тосыг Хятад руу тээвэрлэн гаргаж байсан бол одоо нийлүүлэлтээ 1.5  дахин нэмэх боломжтой болж байгаа юм байна. Нэг талаас энэ хоолой нь газрын тосны хоёр том зах зээлийг холбож байгаа гэдгээрээ аль алинд нь чухал байгаа ч Оросын талд бас нэг чухал ач холбогдолтой боломжийг бий болгож байгаа билээ. Учир нь Орос улс дээрх хоолойг цаашдаа 4700 км хүртэл сунган Номхон далайн сав орчмын Азийн орнуудад хүргэхээр төлөвлөн ажиллаж байгаа билээ. Хэрэв ингэж чадвал Оросын газрын тосны экспортийг Европын зах зээлийн эрэлтийн хамаарлаас гаргах том боломж бий болох аж. Оросуудын тооцооолж байгаагаар бол Азийн газрын тос, эрчим хүчний түүхий эдийн хэрэглээ улам бүр эрчимтэй нэмэгдэж байгаа тул олон тэрбум ам.долларын дамжуулах хоолойн төсөл өртгөө амархан нөхөх гэнэ. Оросын газрын тосны хоолойн “цоргоноос” ганцхан Хятад ч биш цаашлаад шинэ оны өмнөхөн газрын тос усан замаар авч эхлээд байгаа Япон, БНСУ болон АНУ ч саваа тосож байх нь ойлгомжтой болов.
Одоо харин нэг л асуудал байгаа нь хоёр хөршийн газрын тосны нийлүүлэлтийн салбар дахь хамтын ажиллагааны огцом дэвшил нь Монголд ямар нөлөө үзүүлэх бол гэдэг болгоомжлол юм. Өнгөрсөн оны сүүлчээр болсон Хойд Америк-Монголын бизнесийн хамтын ажиллагааны чуулган дээр энэ талаар зарим нэг мэдээлэл гарч байсан билээ. Тухайлан Монголын нутагт газрын тосны олборлолт явуулж байгаа Дачин Тамсаг компанийн газрын тосны Хятад руу гаргаж байгаа экспортын гэрээ тасалдаж байгаа тухай мэдээлэл гарч байсан юм. Мөн Хойд Америк-Монголын бизнесийн консулын зарим удирдлага хоёр хөршийг холбож байгаа хоолойноос болж Монголд хийгдэх газрын тосны олборлолт болон эрэл хайгуулын ажил эрс хумигдах эрсдэл гарч болзошгүй гэж ярьж байсан юм.
Бас нэг хоолой ба Монголын эрх ашиг
Гэвч дээрхи мэдээллийг Дачин Тамсаг компанийн зүгээс үгүйсгэж, саяхан гараад байгаа 2011 онд газрын тосны нийлүүлэлт урд хөрш рүү гаргах гэрээ хийгдсэн байгаа гэсэн мэдээлэл өгч байгаа юм. Өнгөц харвал хоёр хөршийн хоорондын эдийн засгийн хамтарсан төслүүд Монголд хамаагүй мэт харагдаж байгаа ч үнэндээ бол холбоотой болж л таарч байгаа юм. Хэдийгээр нефтийн асуудал нөлөөлөхгүй байлаа ч саяхан Орост хийсэн Ерөнхий сайд С.Батболдын айлчлалын үеэр Орос Хятадын газрын тосны дамжуулах хоолойн төслийн Монголд тусч болох нөлөөний талаар яригдсан бололтой мэдээлэл бий. Энэ хоолойн төслөөс болж Монголын газрын тосны нөөц ашиглах ирээдүйд сөрөг нөлөө тусч байгаа тул хариуд нь мөн л Орос Хятадын хооронд баригдах байгалийн хийн хоолойг Монголын нутгаар дайруулж татах тухай асуудлыг энэ үеэр хөндсөн байж болох таамаглал байгаа юм. Ерөнхий сайд С.Батболдын айлчлалын үеэр энэ асуудлыг хэрэгжиж болох төсөл гэдгийг оросууд зөвшөөрч анхааралдаа авсан гэж айлчлалд оролцсон салбарын сайд нар мэдээлж байсан билээ. Үнэхээр хоёр хөршийн хооронд байгалийн хийг дамжуулах хоолой Монголд хүртээлтэйгээр тусвал энэ нь Улаанбаатарын утааг хүртэл тодорхой хэмжээгээр бууруулахад үлэмж тустай болж таарч байна. Гэхдээ ач холбогдол нь үүгээр хязгаарлагдахгүй, цаашилбал Монгол орны аюулгүй байдлын баталгааны тухай асуудал ч яригдаж байгаа юм.
Харин Монголоор дайруулж эрчим хүчний эх үүсвэр болох түүхий эдийн хоолой татах энэ асуудал өмнө нь ч яригдаж байсан хэрэг. Тухайн үед ний нуугүй хэлэхэд хойд хөрштэй тогтоогоод байсан харилцаа дахин сэргэлтээ авч чадаагүй байснаас болсон уу, эсвэл өөр асуудал байсан уу ямар ч болов Монголоор дайруулж Солонгосын хойг руу чиглүүлнэ гэж байсан хоолойн асуудал тэгэсгээд мартагдаж байсан юм. Одоо харин асуудал манайд нэлээд нааштайгаар сэргэж байгаа. Гэхдээ байгалийн хийн хоолойг байгуулах сонирхол бүхий хоёр орны хамтын ажил хэзээ эрчимжэж эхлэхийг харах гэж бас хүлээх л ажил гарах нь бололтой. Учир нь Оросын байгалийн хийн үнийн талаар Хятадын талаас санал болгож байгаа үнийг оросууд бас л хүлээж авахааргүй гэж үзэж байгаа гэнэ. Бас л гэдэг нь учиртай. Үнэндээ бол сүүлийн 6 жилийн турш Орос Хятад хоёр Оросын нийлүүлэх байгалийн хийн үнийн асуудал дээр санал зөрөлдсөөр иржээ.
Өнөөгийн байдлаар Хятадын талаас Орост санал болгож байгаа үнэ нь 1000 шоо метр хэмжээний байгалийн хийд 150 ам.долларын хэмжээнд байна. Гэвч энэ үнэ оросуудад огт таалагдахгүй байгаа гэхэд болно. Тэд зүүн Европийн орнуудад байгалийн хийгээ 1000 шоо метр тутамд нь 305 ам.долларын үнээр худалдаж байгаа тул хятадуудын санал  оросуудад яагаад ч таалагдахгүй байгаа аж. Үүнээс болж аль 2004 онд хоёр орны хооронд байгуулагдсан байгалийн хий нийлүүлэх гэрээ хэрэгжихгүй хүлээгдсээр, энэ хамтын ажиллагаанаас олж болох монголчуудын горьдлого ч бас сунжирсаар байгаа хэрэг.Тэгвэл хоёр хөршийн маань хооронд харилцан тохирох ямар найдвар байна вэ? Оросуудын, бүр тодорхойлж хэлбэл дэлхийн хэмжээний газрын тос,байгалийн хийн томоохон нийлүүлэгч “Газпром” концернийн санал болгож чадах хамгийн доод үнэ гэхэд 1000 шоо метр байгалийн хий тутамд 200-аас арай бага ам.доллар авах сонирхол байж болох гэнэ. Гэвч хятадууд энэ үнийг “чанга” байна гэж үзэж байгаа юм. Учир нь тэд Австрали болон Катар улсуудаас 1000 шоо метр байгалийн хийг ердөө л 145 ам.доллараар худалдан авч байгаа аж. Бас дээр нь оросуудад саяхнаас нэгэн өрсөлдөгч гарч ирсэн нь хуучин зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан орнууд юм. Тухайлбал 2013 онд Туркмен,Казахстан,Узбекистан орнуудаас Хятад болон Туркменийн хооронд байгуулсан хийн хоолойгоор илүү хямд байгалийн хий авахаар төлөвлөж байгаа гэнэ. Жилдээ 40 тэрбум шоо метр байгалийн хий нийлүүлэх боломжтой гэж дээрхи орнууд тооцоолу байгаа юм байна. Нөгөө талаар Хятад улс байгалийн хийн хомсдолд одоогоор хараахан нэрвэгдээгүй гэж зарлаж байгаа нь Оросын нийлүүлэлтийн үнийг унагах гэсэн бас нэг “пиар” явж байгаа бололтой. Тэгэхдээ ийм боломж байгаа гэж олон улсын нэр хүнд бүхий шинжээч компани Wood Mackenzie баталж байгаа бөгөөд тэдний тооцоолсноор бол Хятадын байгалийн хийн дотоодын нөөц ойролцоогоор 2.5 их наяд (триллион) шоо метр болж байгаа аж. Өөрөөр хэлбэл Хятад байгалийн хэрэглээгээ дотоодоосоо хангах боломж байна гэсэн үг. Эндээс юу харагдаж байна гэхээр манай хоёр хөрш орны хооронд байгалийн хийн хоолой татах төсөл хэрэгжих төлөв “манан” дунд байгаа хэрэг. Хэрэв энэ манан сарнидаггүй л юм бол монголчуудын байгалийн хийг ашиглах мөрөөдөл ч бас л сүүмэлзсээр л байх бололтой.

М.Наст

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж