Дакарын гурав дахь гараанд Аль-Аттияа тэргүүлэв

Хуучирсан мэдээ: 2011.01.05-нд нийтлэгдсэн

Дакарын гурав дахь гараанд Аль-Аттияа тэргүүлэв

Аргентин болон Чили улсын нутаг дэвсгэрт үргэлжилж буй 32 дахь удаагийн Дакар ралли уралдааны гурав дахь гараа өчигдөр болж, Катарын тамирчин Нассер Аль-Аттияа уралдааныг ерөнхий дүнгээр тэргүүлэгч Карлос Сайнсаас ердөө 25 секундээр урьтаж, барианд орсноор гурав дахь гарааны ялагч болжээ. Volkswagen багийн тамирчны хувьд энэ нь Дакарын ес дэх түрүү нь байлаа. Гурав дахь гараанд тамирчид Аргентиний Тукуманаас Жужуй хүртэл уралдсан юм. Хэдийгээр тус гараанд Испанийн Карлос Сайнс хоёрдугаарт бариалсан ч ерөнхий дүнгээр тэргүүлсэн хэвээр байна. Гурван гарааны дараах байдлаар Аль-Аттияа түүнээс гурван минут, 34 секундээр хоцорч, хоёрдугаар байрт бичигдээд байгаа бол түүнээс 45 секундын алдагдалтай яваа BMW багийн Стефан Петерансель гуравдугаар байрт бичигдэж байна. Францын тамирчин Петеранселийн хувьд Дакар раллигийн гурав дахь гараанд Volkswagen багийн хослолын араас гуравдугаарт барианд орж ирсэн юм.
Харин мотоциклийн ангилалд Испанийн Марк Кома энэ жилийн анхны түрүүгээ авснаар ерөнхий дүнгээр тэргүүлэгч Сайриль Деспрегээс ердөө 14 секундын алдагдалтай болж байна. Деспрегийн хувьд эхний хоёр гараанд түрүүлсэн боловч өчигдрийн гараанд Комагаас хоёр минут, 21 секундээр хоцорч, хоёрдугаар байрт шалгарчээ. Харин түүний араас BMW багийн Португаль тамирчин Паулу Гонкалвеш хурдалснаар нийлбэр дүнгээр дөрөвдүгээр байр руу ахисан байна.
Дакар ралли уралдааны гурав дахь гараанд ачааны машины ангилалд ОХУ-ын Владимир Чагин тэргүүлсэн бол дөрвөн дугуйтын ангилалд Аргентиний Томас Маффей түрүүлж, барианд оржээ.
Тэмцээний дөрөв дэх гараа өнөөдөр болох бөгөөд оролцогчид Жужуйгаас Калама хүртэл уралдана.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж