Их хэмжээний мөнгө авах боломжгүй

Хуучирсан мэдээ: 2011.01.05-нд нийтлэгдсэн

Их хэмжээний мөнгө авах боломжгүй

“Хүний хөгжил сан”-гаас  1.5 сая төгрөгийг  бэлэн болон бэлэн бус хэлбэрээр олгох журмыг Засгийн газар баталсан.  Уг журмаар “Иргэд 500 мянган төгрөгийг бэлнээр, үлдсэнийг нь эрүүл мэндийн үйлчилгээ, орон сууцны зээл болон даатгалдаа нэмэрлэх хэлбэрээр бэлэн бусаар авч болно” гэж заасан. Иймд уншигч танд энэ талаар дараах багц мэдээллийг хүргэж байна.

Сангийн яамны Төсвийн бодлогын газрын дарга Ж.Батжаргалаас “Хүний хөгжил сан”-д энэ жил хэдэн төгрөгийн төсөв хуваарилсныг сонирхсон юм.

-Эх орны хувь, хишгээс иргэд энэ жил хэдэн төгрөг хүртэх боломжтой вэ?

-Энэ жил “Хүний хөгжил сан”-д нийт 822 тэрбум төгрөг суулгахаар болсон.

 Үүнд, иргэн бүрт олгох 21 мянган төгрөгний санхүүжилт болох 730 тэрбум төгрөг, оюутнуудын сургалтын төлбөрийн 82.5, эрүүл мэндийн даатгалд зориулсан 9.3 тэрбум төгрөг багтаж байгаа.

-Засгийн газраас баталсан журамд иргэн бүр эх орны хувь хишгийн 1.5 сая төгрөгийнхөө 500 мянгыг бэлнээр, үлдсэнийг нь бэлэн бусаар зарцуулах эрхтэй гэж заасан. Бэлэн бусаар мөнгө авах эрхээ хэрхэн эдлэх юм бэ?

-Энэ жил ердөө л 822 тэрбум төгрөг төсөвлөсөн. Энэ мөнгөнөөс сар бүр 21 мянгыг нь л бэлнээр авч болно. Харин их хэмжээний мөнгийг  бэлэн бусаар авч төлбөр тооцоогоо барагдуулах боломж одоохондоо бүрдээгүй.

Улсын төсвийн хуваарилалтыг зохицуулдаг Сангийн яамны Төсвийн бодлогын газрын даргын өгсөн хариултаас үзэхэд Засгийн газраас гаргасан журам энэ жилдээ лав хэрэгжихгүй юм байна. Тэгэхээр эх орны хувь, хишгээ орон сууц худалдаж авахдаа нэмэрлэхээр зэхсэн хүмүүсийн  төлөвлөгөө ч өнгөрөв бололтой. Тиймээс энэ жил “Хүний хөгжил сан”-д хуваарилсан мөнгийг хэрхэн хүртэх талаарх мэдээллийг холбогдох хүмүүсээс нь авсан юм.

СУРАХГҮЙ СЭЛГҮҮЦЭГЧИД ТӨРӨӨР СУРГАЛТЫН ТӨЛБӨРӨӨ
ТӨЛҮҮЛДЭГ НЬ ӨНГӨРНӨ

Оюутнууд сургалтын төлбөрийнхөө нэг хэсэг болох 500 мянган төгрөгийг авахын тулд ямар шаардлагыг хангасан байх ёстойг Сургалтын төрийн сангийн гүйцэтгэх захирал Д.Нансалмаагаас тодрууллаа.

-Оюутнуудад 500 мянган төгрөгийг нь ямар шат дарааллаар олгох вэ. Танайх оюутнуудын судалгааг гардаж хийж байгаа гэсэн. Ямар шатандаа явж байна?

-Энэ сард багтааж сургуулиудаас нь оюутнуудын мэдээллийг авч дуусгах  төлөвлөгөөтэй ажиллаж байна. Харин хоёрдугаар сард мэдээлэлд дүн шинжилгээ хийсний дараа тухайн сургуулийн оюутан мөн гэдгийг нь баталсан мэдээллийг  Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт хүргүүлнэ. Мөн тухайн оюутан 500 мянган төгрөг авах хүсэлтээ илэрхийлсэн өргөдлөө харъяа засаг захиргааныхаа нэгжид өгсөн байх шаардлагатай. Үүний дараа Хө­дөл­мөр, халамжийн үйлчилгээний газ­рын мэргэ­жилтнүүд тухайн оюутны оршин суу­гаа газрын тодор­хойлолтыг  Сур­галтын төрийн сангийн тодор­хойлолттой харьцуулж, зөрүү­гүй бол Сангийн яаманд хүргүүлнэ. Ингээд Сангийн яамнаас  мөнгийг нь Хөдөлмөр, халамжийн үйл­чилгээний газарт шилжүүлж, сургуу­лиудын данс руу гуйвуулах ажил эхэлнэ.

-Зөвхөн бакалаврын зэрэг хамгаалж байгаа оюутнууд авна гэж туйлшрахгүй гэсэн. Үүнийг тодруулаач?

-Сургалтын төлбөрийн 500 мянган төгрөгийг их, дээд сургууль, коллежид суралцагсдад олгоно. Суралцагч гэхээр зөвхөн бакалаврын зэрэг хамгаалагсад биш шүү дээ. Гэхдээ зөвхөн өдрийн ангид бакалавр, магистр, докторын зэрэг хамгаалахаар идэвхтэй сурч байгаа оюутнуудад олгох юм. Энэ нь тухайн жил чөлөө авсан оюутанд хамаарахгүй гэсэн үг.

-Оюутнуудад 500 мянган төгрөг олгох болсонтой холбоотойгоор Сургалтын төрийн сангаас олгодог буцалтгүй тусламж, зээлийг хааж байгаа гэсэн?

-Энэ талаар тодорхой мэдээлэл өгөх боломжгүй. Манайх зөвхөн шийдвэр гүйцэтгэх үүрэг бүхий байгууллага учир одоохондоо тодорхой болоогүй зүйлд харулт өгч болохгүй.

-Сургалтын төрийн сангийн буцалтгүй тусламж, зээлээр одоогийн байдлаар хэчнээн оюутан сурч байна. Жилд хэдэн төгрөг эдгээр оюутны төлбөрт зарцуулдаг юм бэ?

-Яг өнөөдрийн байдлаар 42 мянган оюутан зээл, тусламжид хамрагдаад байна. Ер нь жил бүр дунджаар 6200 оюутан хасагдаж, мөн тооны оюутан шинээр хамрагддаг. Өнгөрсөн онд сургалтын төлбөрийн зээл, тусламжинд зориулж 17.1 тэрбум төгрөг зарцуулсан байна. Зарцуулсан мөнгөн дүн тухайн үеийн сургалтын төлбөрийн өртгөөс хамаарч янз бүр байдаг учир жилд шаардагддаг мөнгөн дүнг барагцаалж хэлэх нь өрөөсгөл болно.

-Сургалтын төрийн сангийн буцалтгүй тусламж, зээлийн журамд өөрчлөлт оруулах асуудал яригдаж байсан. Энэ нь 500 мянган төгрөг олгохтой холбоотой  юу. Ё.Отгонбаяр сайд энэ жил Сургалтын төрийн сангаас буцалтгүй тусламж, зээл олгохгүй гэсэн шүү дээ?

-Хоёр жилийн өмнөөс Сургалтын төрийн сангийн буцалтгүй тусламж, зээл олгох журамд өөрчлөлт оруулахаар ярьж эхэлсэн. Одоо тавьж буй шаардлагуудыг өөрчилж, сурлагын дүнг нь харгалзсаны үндсэн дээр зээл, тусламжийг олгох агуулга бүхий төсөл өргөн барьсан. Энэхүү төсөл хэрхэн өөрчлөгдөж ирэхийг хэлж мэдэхгүй байна. Гэхдээ ирэх жилээс журамд өөрчлөлт орно гэж ойлгож болно.

Түүний хэлснээр дөрвөн оюутан бүрийн нэг нь хөнгөлөлттэй зээл, тусламжаар суралцдаг байдал ирэх жилээс үгүй болж, сурахын оронд сэлгүүцээд төрөөр сургалтын төлбөрөө төлүүлдэг байдал үгүй болох аж. Харин сурсан шиг сурч байгаа оюутнууд төрийн дэмжлэгийг хүртэх нь ээ.

ТӨСӨЛ БАТЛАГДВАЛ 9.3 ТЭРБУМ ТӨГРӨГ ДААТГАЛЫН ДАНСАНД АВТОМАТААР ОРНО

 “Хүний хөгжил сан”-д Эрүүл мэндийн даатгалын нөхөн төлбөрт зориулж, 9.3 тэрбум төгрөг хийхээр болсон. Энэхүү мөнгийг ямар хүмүүс, хэрхэн хүртэхийг Нийгмийн даатгалын ерөнхий газрын Эрүүл мэндийн даатгалын хяналт санхүүжилтийн газрын ахлах мэргэжилтэн Р.Ганцэцэгээс лавлалаа.

-Нөхөн төлбөрт олгохоор төсөвлөсөн мөнгийг хэрхэн хуваарилах вэ?

-Энэ мөнгийг хэрхэн олгох талаар журам батлагдаж ирээгүй байгаа. Засгийн газарт хүргүүлсэн бидний төслөөр бол 2006 онд Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсноос хойш эрүүл мэндийн даатгалаа өдийг хүртэл төлөөгүй хүмүүсийн даатгалыг нөхөн төлөх учиртай. Үүнд, ажилгүй, оюутан, хувиараа хөдөлмөр эрхлэдэг хүмүүс хамрагдана. Нэг иргэн жилд 6000 төгрөгийг эрүүл мэндийнхээ даатгалд зарцуулах ёстой. Тиймээс энэ хугацаанд эрүүл мэндийн даатгалаа төлөөгүй нэг иргэнд 33 мянган төгрөгийн нөхөн олголт хийнэ гэж үзсэн. Жил бүр эрүүл мэндийн даатгалаас хоцордог 340 мянган иргэнд дээрх мөнгийг төлнө гэж үзэхэд 9.3 тэрбум төгрөг гэсэн тооцоо гарсан. Энэ сарын зургаанаас өмнө нөхөн олговрыг олгох журам батлагдаж ирэх байх.

Түүний үгээр төрөөс эх орны хувь, хишгийг эрүүл мэнддээ зарцуулах эрхтэй гэж баталсан журмын заалтын үр дүнг үүргээ биелүүлдэггүй хэдэн иргэн л хүртэх болж таарлаа. Ямартай ч эрүүл мэндийн даатгалаа төлөөгүй иргэдийн 2006 оноос өнөөдрийг хүртэлх даатгалын мөнгийг “Хүний хөгжил сан”-гаас гаргах нь тодорхой болсон ч хэрхэн олгох нь сураг алдарсан хэвээр байна.

Харин “Шинэчилсэн бүртгэлд хамрагдсан иргэд нэгдүгээр сарын 1-нээс 21 мянган төгрөгөө шууд авч болно” хэмээж байсан Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрынхан “Одоогоор санхүүжилт орж ирээгүй байна” гэсээр угтлаа.

Тус газрын Халамж, үйлчилгээний хэлтсийн дарга Д.Чойжилсүрэн “Ирэх 15-наас 21 мянган төгрөг олгогдож эхэлнэ. Энэ сарын зургаанд “Хүний хөгжил сан”-гаар дамжуулан мөнгө авах БСШУЯ болон Нийгмийн даатгалын ерөнхий газрынхантай мөнгийг хэрхэн олгох журмын талаар хурал хийнэ. Түүнээс хойш тодорхой болно” хэмээсэн юм.

“Хүний хөгжил сан”-гаас олгохоор болсон мөнгөний талаарх иргэдийн байр суурийг хүргэж байна.

Иргэн Т.Цоодоо

-Ажилгүй иргэд болон оюутнуудын эрүүл мэндийн даатгалыг төрөөс нөхөн олгохоор боллоо. Таны бодол?

-Ажилтай хүмүүс болон өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд даатгалаа төлчихдөг. Харин эмзэг давхаргынхан ямар ч даатгал, шимтгэл төлж чаддаггүй. Тиймээс үүнийг зөв л гэж бодож байна. Харин энэ мөнгө очих ёстой эзэндээ л очоосой гэж хүсч байна.

Оюутан А.Цэцэгээ

-Сургалтын төлбөрөөс чинь 500 мянган төгрөг хөнгөлөхөөр болсон. Энэ талаар ямар бодолтой байна?

-Мэдээж баяртай байгаа. Гэхдээ сургуулиуд сургалтын төлбөрөө бүтнээр нь авсан болохоор одоохондоо мэдэгдэх юм алга л байна. Тэр мөнгийг авах гэж нэлээн удах юм байна билээ. Харамсалтай нь нэг мөнгө өгч байна гээд нөгөө мөнгийг нь хаачихдаг нь тиймхэн байна. Тухайлбал, би сургалтын төрийн сангийн зээлээр сурдаг. Гэтэл зээл, тусламжийг хаачихаар 500  мянган төгрөг өгсний нэмэр гарахгүй л юм болох нь.

Р.САРАНГОО


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж