Хуучирсан мэдээ: 2011.01.05-нд нийтлэгдсэн

Манлайлагч Хамелеон

Олноо “Урбанек”-ийн хэмээн танигдсан тус компанийн захирал Б.Лхагважав сүүлийн үед олон нийтээс дээрх цолыг хүртэх магадлал тун өндөр байна. Учир нь тэр наашаа харж инээчихээд, цаашаа харахаараа түүнийхээ эсрэг үйлдэл хийхдээ хэнийг ч дагуулахгүй болжээ. Яг л олон өнгөөр хувирдаг хамелеон шиг.

Б.Лхагважав өнгөрсөн оны сүүлчээр буюу шинэ жилээр Ардын намаас зохион байгуулсан шинэ жилийн ёслолын ажиллагаан дээр очсон. Бас тэр ёслолын ажиллагаанаас хоосон гараагүй. Шагнал өвөртлөөд харьсан.  Гэтэл үүнээс хэдхэн өдрийн дараа тус намын дарга С.Батболдыг, түүний хэрэгжүүлсэн үйл ажиллагааг шүүмжилсэн. Ардын намын үйл ажиллагаа түүнд таалагдахгүй  байгаа юм байх. Ямартай ч тэр иймэрхүү зан гаргахдаа хэнийг ч дагуулахгүй. Учир нь Б.Лхагважав өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын эхээр болсон Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын даргыг сонгох сонгуульд өрсөлдөж, С.Дэмбэрэл даргыг унагаахын төлөө бүхий л хүчээ дайчилсан. Гэхдээ амжилт олоогүй. Үүнээс хэдхэн сарын өмнө С.Дэмбэрэл, Б.Лхагважав нар бусад нөхдийн хамт нэгэн ширээнд сууж хамтран ажиллах талаар санал солилцож байсан юм.  Уг нь тэрбээр бизнесийн салбарт амжилт гаргаж яваа чадварлаг бизнесмэн. Харин ойрноос карьераа өсгөхийн тулд юу ч хийхээс буцахгүй болсон гэнэ шүү. Зарим хүн түүнд “Эсэргүүцвэл эсэргүүцсэн шиг эсэргүүц.  Нэг зангаараа бай л даа” хэмээн зөвлөхийг хүсч байгаа гэнэ лээ.

Т.УРАНГЭРЭЛ


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж