Хуулийн заалтыг эсэргүүцлээ

Хуучирсан мэдээ: 2011.01.05-нд нийтлэгдсэн

Хуулийн заалтыг эсэргүүцлээ

Монгол Улсын  Их хурлын 2010 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар “УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль”-ын  “УИХ-ын үйл ажиллагааг мэдээлэх журам”-д  “УИХ-ын үйл ажиллагааг сурвалжлах эрхийг чуулган бүрийн эхэнд хэвлэл, мэдээллийн байгууллагаас ирүүлсэн санал, ажлын туршлага, мэргэжлийн ур чадварыг харгалзан хэвлэл мэдээллийн ажилтны нэр зааж олгоно” гэсэн  нэмэлт, өөрчлөлт оруулсан  53.2 заалтыг  “Глоб Интернэшнл” төрийн бус байгууллага  эсэргүүцэж байна.
Монгол Улсын  Их Хурлын сэтгүүлчдэд  ялгавартай  хандсан дээрх шийдвэр нь сэтгүүлчдийн мэргэжлийн эрхийг зөрчөөд зогсохгүй хэвлэл, мэдээллийн байгууллагын сэтгүүлчдийнхээ ажил үүргийг өөрсдөө зохицуулан хуваарилдаг дотоод хэрэгт  хөндлөнгөөс оролцож тухайн сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын эрх чөлөөнд халдсан үйлдэл болсон байна.  Энэ нь сэтгүүлч, хэвлэл, мэдээллийн хэрэгслийн мэдээлэл цуглуулах, боловсруулах, түгээх үйл явцад  цензур тавьж буй хэрэг бөгөөд ингэснээр аливаа хэлбэрийн цензурыг хориглосон Хэвлэлийн эрх чөлөөний хуулийн заалтыг ноцтой зөрчиж байгаагийн илрэл хэмээн үзэж байна.        Энэ заалт нь  “Чөлөөт хэвлэлийн харти”-ийн “3-р зүйл. Засгийн газар нь улсынхаа мэдээллийн хэрэгслийн хандлага, эдийн засгийн байдал,эсхүл бусад хэлбэрээр ялгаварлан гадуурхах ёсгүй”,  НҮБ-ын Хүний эрхийн түгээмэл тунхаглалын XIX зүйл, ЮНЕСКО, Олон улсын сэтгүүлчдийн холбооны  Уэндхүегийн тунхаглалын “2-р зүйл. Хараат бус хэвлэл мэдээлэл гэж засгийн газар, улс төр, эдийн засгийн хувьд, мөн үйлдвэрлэл, түгээлттэй холбоотой материал, дэд бүтцээс хараат бус байхыг хэлнэ. 3-р зүйл. Олон ургальч хэвлэл мэдээлэл гэж  аливаа хэлбэрийн монополь алга болж, аль болох өргөн хүрээтэй санаа бодлыг илэрхийлдэг аль болох олон тооны сонин, сэтгүүл, тогтмол хэвлэлтэй байхыг хэлнэ” гэсэн  зарчмуудад үл нийцсэн шийдвэр гэж тус байгууллага үзжээ.   

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж