Йенс Леманн: Би үргэлж бөмбөг өшиглөх дуртай байсан

Хуучирсан мэдээ: 2011.01.10-нд нийтлэгдсэн

Йенс Леманн: Би үргэлж бөмбөг өшиглөх дуртай байсан

Амьдралынхаа 20 гаруй жилийг хөлбөмбөгийн спортод зориулсан Йенс Леманн “АС Милан”, “Арсенал”, “Шальке”, “Боруссия Дортмунд”, “Штутгарт” зэрэг Европын тавцанд данстай клубуудэд хүчин зүтгэж, олон арван шагнал хүртсэн нэгэн. Гэхдээ авьяаслаг хаалгачийн хамгийн гайхалтай цаг мөчүүд спортын замналынх нь намар цагт ирсэн юм. 2002 оны дэлхийн аваргад тэрбээр Германы шигшээ багийн хоёрдугаар хаалгачийн үүрэг гүйцэтгэж, мөнгөн медалийн тавцанд гарсан бол дараагийн удаад буюу 2006 онд нутгийнхаа дэвжээнд олон сая фанатуудынхаа өмнө шигшээ багийнхаа хаалгаийн үүргийг тун сайн гүйцэтгэж, хүрэл медаль зүүсэн билээ. Харин хоёр жилийн дараа Леманн “Германы машинууд”-ын хамт “Евро-2008”-ын финалд шалгарч байлаа. Бусад хаалгачдын адилаар тэр дэлхийн хэмжээний супер оддын хэмжээнд магтуулж байгаагүй ч 2006 онд дэлхийн аваргын үеэр үзүүлсэн амжилтаараа олон сая хөгжөөн дэмжигчдийнхээ зүрх сэтгэлд мөнхөрсөн юм.

Өдгөөгөөс найман сарын өмнө хадааст гутлаа ханандаа өлгөж, 20 гаруй жилийн спортын замналаа өндөрлүүлсэн тэрбээр хөлбөмбөгчний амьдрал, ирээдүйн төлөвлөгөө болоод Германы шигшээ багийн талаар FIFA.com-д өгсөн сонирхолтой ярилцлагыг хүргэж байна.

-Зодог тайлснаас тань хойш нэлээд хэдэн сарын хугацаа өнгөрчээ. Амьдрал ямархуу байна даа?

-Тун сайн байгаа шүү. Мэдээж хэрэг өмнөхөөсөө илүү цаг зав ихтэй болсон. Хөлбөмбөг тоглох нь үргэлж таатай санагддаг байсан ч одоо дуртай зүйлээ тэр бүр хийж чадахгүй л байна. Ийм л ялгаа гарсан даа.

-Тэгэхээр тоглолт, тэмцээнээ санаж байгаа байх нь ээ?

-Тийм ээ, хөлбөмбөгөө үнэхээр санаж байна. Өдөр бүрийн бэлтгэлийг бүр ч их санаж байна. Дээр хэлсэнчлэн би үргэлж бөмбөг өшиглөх дуртай байсан. Хэдийгээр өдөр бүр шаргуу бэлтгэл хийж, сунаж унатлаа ядардаг байсан ч сайхан санагддаг байлаа.

-Тэгвэл Германы шигшээ баг өөр багийн эсрэг тоглохыг хараад өмнөөс нь оволзоод л ирдэг байх даа?

-Үгүй, үгүй. Үзэгчийн хувиар бол тийм зүйл байхгүй шүү. Талбайн голд тоглох гээд зогсч байхад л тэгдэг байх.

-Таны хувьд 2010 оны хамгийн дурсамжтай үйл явдал юу байв?

-Яахын аргагүй хоёр чухал үйл явдал тохиолоо. Эхнийх нь, Штутгартад ногоон талбайтайгаа салах ёс хийсэн явдал байсан. Харин дараагийнх нь тэр явдлаас хойш долоо хоногийн дараа “Хоффенхайм”-ын эсрэг хамгийн сүүлийн тоглолтдоо оролцсон явдал байлаа. Тоглолт манай талбайд болоогүй ч “Штутгарт”, “Хоффенхайм”-ын фанатууд бүгд гайхалтай хүлээж авсан. Бүгд миний гэр бүлийнхэн шиг л байлаа. Удаан хугацааны турш хамтдаа байсан тэр л хүмүүс маань байсан.

-Германы шигшээ багийнхан 2010 онд магтаалаар жинхэнэ булуулсан гэж болно. Харин та Германы багийн амжилтын талаар ямар бодолтой байна?

-Дэлхийн аваргын өмнө Германы шигшээ багийн ур чадвар, авьяасын талаар итгэлтэй дуугарах хүн нэг ч байгаагүй. Харин үр дүн эерэг байсан болохоор олон хүнийг гайхашруулж, сюрприз болж чадсан. Сами Хедира, Месут Озил гээд жинхэнэ бонус олон байлаа шүү дээ. Дэлхийн аварга эхлэх өдөр хүртэл тэдний нэг нь ч том тавцанд гарч, тоглож үзээгүй байсан. Тиймдээ ч дэлхийн аваргын нууц хөзөр нь болж чадсан. Харин одоо тэр хоёр хоёулаа дэлхийн хамгийн агуу багуудад тоглож байна. Үнэхээр бахархалтай. Гэхдээ эцсийн дүнд, Германы шигшээ дэлхийн аваргад 2006 оныхоос илүү амжилт үзүүлж чадаагүй. Тэд хүрэл медалиа л бататгасан. Тиймдээ ч цаашид хийх зүйл их байгааг харуулсан гэж би хувьдаа бодож байна. Олны анхаарлыг, сонирхлыг татахуйц хөлбөмбөг тоглох хангалтгүй, үеийн үед шилдэг нь байж, үргэлж түрүү авахын тулд тоглодог байх хэрэгтэй.

-Ингэхийн тулд германчуудад юу дутагдаж байна вэ?
-Яг ийм тийм гэж хэн ч хэлж чадахгүй болов уу. Мэдээж тэдэнд авьяас чадвар бий, гэхдээ ялахын тулд өөрийгөө дээд хязгаарт нь хүртэл цэнэглэж, тэр хязгаарыг давж сурах хэрэгтэй. Одоогийн шинэ, залуу баг үүнийг мэдрэх хүртэл нь бид хүлээх ёстой байх л даа. Шулуухан хэлэхэд, өнөөдрийн эдгээр залууыг арай л эртнээс эрхлүүлчих шиг санагдах юм. Цаашид тэднийг асар том сорилт, шалгуур хүлээж байгаа шүү дээ.

-FIFA Ballon d’Or-ын эзэн удахгүй тодрох гэж байна. Андрес Иньеста, Шави, Лионель Месси нарын хэн нь авах бол?

-Шави, эсвэл Иньеста. Тэд “Барселона” болон Испанийн шигшээ багийн хамтаар гайхалтай амжилт гаргасан болохоор Мессигээс илүү боломжтой гэж бодож байна. Месси хэдийгээр агуу тоглогч ч гэсэн 2010 оны хувьд тэднийг гүйцэхгүй. Би хувьдаа Шавиг гэж бодож байгаа. Иньестагаас илүү чухал, тактикийн роль гүйцэтгэдэг болохоор тэр л дээ.

-ОХУ 2018 оны дэлхийн аваргыг, харин 2022 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах эрхийг Катар авсан. Та гайхсан уу?

-ОХУ дэлхийн аваргыг зохион байгуулна гэдэгт би хэзээ ч эргэлзэж байгаагүй. Харин Катар энгийн, бодит зүйлээс хол тасархай сонсогдсон шүү. Гэхдээ Абу Даби, Дубай гээд тэр хавийн улс орнуудыг харахад дэд бүтэц, байшин барилга гээд гайхалтай. Нэгэн гайхамшигтай дэлхийн аварга шалгаруулах тэмцээний гэрч нь бид болох байх.


-Та Германаас гадна Итали, Англид тоглож байсан. Хамгийн сайхан нь аль нь вэ?

-Лондон! Тэндхийн хөлбөмбөг, бидний өргөж байсан цом, хотын амьдрал гээд л. Би тэнд олон сайн найзуудтай болсон. Гэр бүлийн хувьд шинэ газарт нүүж очоод, мэдэхгүй хэлээ сурна гэдэг чухал алхам байсан. Энэ л хамгийн гайхалтай үе минь байлаа.

-Эцэст нь, та 2011 онд ямар ажил төлөвлөөд байна?

-Яг тодорхой төлөвлөсөн юм алга даа. Цаг хугацаагаа юунд зарцуулбал хамгийн зөв эсэх талаар бодож байгаа. Тийм ч учраас тодорхой төлөвлөсөн зорилт алга байна. Яг одоохондоо хийх ёстой хоёр, гурван жил байна. Миний сургууль, дасгалжуулагчийн тэмдэг, тэгээд телевизийн ажил. Гэхдээ яг товлосон зүйл одоохондоо алга даа.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж