Иргэний Зориг-Ногоон намыг Д.Энхбат удирдана

Хуучирсан мэдээ: 2011.01.12-нд нийтлэгдсэн

Иргэний Зориг-Ногоон намыг Д.Энхбат удирдана

Парламентад суудалтай Иргэний Зориг нам болон Ногоон намынхан нэгдэх тухай яриа ажил хэрэг болж эхэлжээ. Саяхан хоёр намын удирдлагууд уулзаж, энэ талаар нэгдсэн тохиролцоонд хүрсэн гэнэ. Энэ сарын 31-нд хоёр намынхан их хурлаа хийх товоо ч  эцэслэн тохирсон байна. Хурлын үеэр намын бүтэц, зохион байгуулалтыг хэлэлцэхээс гадна удирдлагаа сонгож баталгаажуулах зэрэг  хэд хэдэн асуудлыг хэлэлцэх аж. Тэд намаа Иргэний Зориг-Ногоон нам хэмээн нэрлэх гэж байгаа төдийгүй УИХ-ын гишүүн Д.Энхбатыг даргаар сонгох нь бараг тодорхой болсон бололтой.  Тиймээс уг асуудлыг их хур­лынхаа үеэр гишүүддээ танилцуулж, баталгаажуулах л үлдэж байгаа гэсэн үг.

Үүнээс гадна МУНН, ҮШН,  хувийн буюу “Эрэл”-ийн Б.Эрдэнэбатын намууд ч сонгуулийн өмнөх жил гэдгийг гэнэт санасан уу хөдөлгөөнд орж эхэлсэн байна. МУНН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Батболд, ҮШН-ын дарга Ц.Цолмон нар хэд хоногийн өмнө уулзаж, энэ сардаа багтан намуудаа нэгтгэх зохион байгуулалтын ажлыг эхлүүлж, намынхаа нэрийг нийтэд зарлахаар тохи­ролцсон сурагтай. Одоо­­гоор намынхаа нэрийг тог­тоогүй байгаа ч хэд хэдэн хувилбар байгаа аж. Тэрчлэн  нэгдэх үйл явцдаа иргэний нийгмийн байгууллагууд бо­лон идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг хөндлөнгийн бу­сад газрыг ч нэгдэхийг санал болгосон байна. Уул уурхай, газар шорооны төлөө тэмцдэг зарим төрийн бус байгууллага дээрх намуудтай нэгдэхээ илэрхийлжээ. Нэгэнт парламентад суудалгүй учраас санхүүгийн болон улс төрийн бусад дэмжлэггүй байгаа адил төстэй талаа ийнхүү нэгдэх замаар нөхөж УИХ-ын 2012 оны сонгуулийн бэлтгэлээ тэд одооноос ийн эхлүүлэв. Цувж явсан бараас цуглаж суусан шаазгай дээр гэдгийг ухаарсан тэдний энэ шийдвэрийн ард Н.Энхбаяр, М.Энхсайхан нар бий гэх хүн ч байна.  

Н.МӨНХТӨВШИН


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж