Гишүүд пропорциональ системийг дэмжиж байна

Хуучирсан мэдээ: 2010.04.06-нд нийтлэгдсэн

Гишүүд пропорциональ системийг дэмжиж байна

УИХ-ын хаврын чуулганы нээлт дээр хэлсэн Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга на­рын үгэнд Сонгуулийн хуулийг шинэчлэх, улс төрийн намуудыг гишүүнчлэлгүй болгох,  гишүү­дийн тойргийн хэмээх 76 тэрбум, хуулийн төсөл боловсруулахад төсвөөс гаргуулах 20 сая төг­рө­гийг төсвийн тодотгол хэлэл­цэх үеэр засах талаар дурдаж байсан юм. УИХ-ын зарим гишүү­нээс Сонгуулийн ямар ху­вил­барыг дэмжиж байгаа, намуудыг гишүүнчлэлгүй болгохыг хэрхэн үзэж буй, гишүүдийн тойргийн мөнгө, хууль боловсруулахад гаргуулах хөрөнгийн талаар ямар бодолтой байгаа талаар нь асууж товч хариулт авлаа.

Гишүүн С.Ламбаа:
-Пропорциональ хувилбарыг дэмждэг. Энэ явахгүй гэвэл холимог систем зүгээр. Намууд гишүүнчлэлгүй болно гэдэг хамгийн зөв. Эмч, багш нарыг намын харьяалалгүй болгос­ноос хойш орон нутагт үндсэндээ ажилгүйчүүд, малчид л намын гишүү­нээрээ үлдсэн шүү дээ.
Тойргийн мөнгө, хуулийн төсөл боловсруулахад гаргах мөнгөнөөс татгалзахыг дэмжиж байна. Хэл амтай зүйлээс салсан нь дээр. Надад бол цалинтай зөвлөх хэрэггүй.

Гишүүн С.Оюун:
-Пропорциналиар сонгууль явуу­лах нь зөв. Намууд гишүүнчлэлгүй болохыг дэмжиж байна. Нийгэм талцалгүй болно. Сонгуулийн үед иргэд мөрийн хөтөлбөрийг нь дэмжсэн намаа сонгоод явах нь зүйтэй. Орон нутгийн хөрөнгө оруу­лалтыг тойргийн мөнгө гэж гишүүдийн нэрээр нэрлэх нь буруу. Орон нутгийн Иргэдийн Хурлын мэдэлд хөрөнгө оруулалтыг шилжүүлдэг байя.

Гишүүн Ц.Батбаяр:
-Би жижиг 76 тойрогтой мажоритар системийг дэмждэг. Нам гишүүнтэй байх ёстой. Нам гэдгийн утга нь гишүүддээ байдаг. 76 тэрбум төг­рөгийг гишүүд өөртөө хэрэглэдэггүй. Орон нутагт хэрэгжүүлдэг төсөв. Байж болох төсөв.

Гишүүн Су.Батболд:

-Пропорциональ системийг дэмж­дэг. Би Сонгуулийн хуулийг шинэчлэх ажлын хэсэгт ажиллаж байгаа. Энэ систем улс төрийн намуудын төлөв­шилд тустай. Хэрэв пропорциональ систем рүү сонгууль шилжвэл нам гишүүнчлэлгүй байхад хэцүү. Одоо­хондоо гишүүнчлэлтэй байгаад яваан­даа байхгүй болж болно. Сүү­лийн үед намд харьяалалтай хүний тоо харьцангуй цөөрч байгаа.
Гишүүдэд энэ жил 76 тэрбум төгрөг хэрэггүй байсан. Арай бага мөнгө төсөвлөж болох байсан. Орон нутагт хөрөнгө жигд хуваарилах нэг хэлбэр юм л даа. Орон нутагт төсвийн эрх мэдэл өгвөл үүнийг болих хэрэг­тэй. Харин хуулийн төсөл боловс­руулахад авдаг мөнгийг хэрэглэж үзээгүй байна. Сайн төсөл боловс­руулахад мэргэжлийн хүмүүсийн туслалцаа хэрэгтэй. Тэд мөнгөгүй ажиллахгүй тул хөрөнгө хэрэгтэй байх. Гэхдээ заавал 20 сая байх албагүй.

Гишүүн Р.Гончигдорж:
-Пропорционалийг дэмжиж бай­на. Гишүүнчлэлгүй байна гэдгийн хувьд Үндсэн хуулиар иргэд эвлэлдэн нэгдэх эрхтэй. Нам бол иргэд сайн дураар эвлэлдэн нэгдэх нэг хэлбэр. Тэгэхээр шууд ги­шүүнч­лэлгүй байна гэж хэлэхэд эрт байна.
Тойргийн мөнгөний хувьд УИХ-ын гишүүдийн аливаа асуудлаар санал гаргах эрхийг хязгаарлаж болохгүй. Энэ нь мөнгө байна уу, бодлого байна уу хамаагүй. Хуулийн төсөл сайн байх хэрэгтэй. Муу төслөөс болж муу хууль гардаг. Үүнд мэргэжлийн хүмүүс ажиллуулахын тулд тодорхой хөрөнгө хэрэгтэй.
Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж