”Нарантуул”-ынхан баярын бэлтгэлээ хангажээ

Хуучирсан мэдээ: 2011.01.13-нд нийтлэгдсэн

”Нарантуул”-ынхан баярын бэлтгэлээ хангажээ

“Нарантуул” худалдааны төвд наймаачид бараагаа зарж, иргэд ийш тийш хөлхөөд бужигнадгаараа бужигнаж байлаа. Цагаан сар удахгүй болох гэж байгааг ч хэлэх үү. Гэхдээ хөл хөдөлгөөн ихсэх хараахан болоогүй байгаа гэнэ.  Наймаачдын хэлж буйгаар энэ долоо хоногийн сүүлчээс эхлээд Монголын уламжлалт баярын бэлтгэлээ хийх гэсэн олны хөл тус захыг дарах бололтой. Наймаачид ч гэсэн ойрын үед бараандаа яваад завгүй байгаа аж. Гэсэн ч зах дотор гарын бэлэг, буузны мах, гурилаа авах гэсэн хүмүүс олон байна. Авах зүйлсээ жагсаан бичсэн бололтой цаас хараад “Давс, сонгиноо авчихсан. Одоо тэрийгээ авах үлдлээ” хэмээн хажуу дахь хүнтэйгээ зөвлөлдөх хүмүүстэй  зах дотор олон таарах шинжтэй. Цагаан сарын өмнөх “Нарантуул” захын байдлыг сурвалжлахаар очсон тул хаана хамгийн их хүн бужигнаж, ямар бараа гүйлгээ ихтэй байгааг сонирхохоор тойров. Төрөлжсөн барааны лангуунуудаас хамгийн их хүнтэй байгаа нь монгол дээлний тасгууд байх аж. Дээл зарж байгаа гэсэндээ худалдагч нар ч нь ганган юм. Дээл зарсан, өмсч үзсэн гээд үндэсний дээл өмссөн хүмүүсээр дүүрсэн тэр хэсэг “Нарантуул” захын үзэмжтэй хэсгийн нэг байлаа. Өвөл, зунгүй хүн хөлхөж, чанартай, чанаргүй бараа зарж байдаг тус захад хүн харахад сайхан байдаг газар хэдсэн билээ дээ. Хөхөө өвлийн хүйтэнд монгол дээл, хантааз өмссөн хүмүүс дулаахан ч харагдах юм, аятайхан ч санагдах юм. Монгол дээлний үнэ материал, чанар, хийц зэргээсээ хамаарч 45 мянгаас 750 мянган төгрөгт хэлбэлзэж  байв. Харин хүүхдийн дээл, Монгол гутал 15-25 мянга орчим төгрөгийн үнэтэй байсан. Зөрөх аргагүй их хүн бужигнах  атал наймаачид “Хүн бага байна. Удахгүй бужигнаад л эхэлнэ” гэх аж. Харин иргэд “Бэлэн хийчихсэн дээл аваад өмсчихвөл зүгээр юм болов уу гэж бодоод л явж байна. Тэгээд ч тус захад сонголт их юм” хэмээсэн.

Дээлний тасгаас гадна торгоны лангуу мөн л олон хүнтэй байх юм. Иргэд сар шинийн дээлнийхээ торгыг авахын сацуу ахмад настандаа шинийн 1-ний өглөө барих бэлгээ сонгож байгаа нь энэ аж. Дээл, торгоны хажуугаар хамгийн их гүйлгээтэй байгаа бараа нь олон хүний “Эрээний хог” хэмээн адалдаг төрөл бүрийн жижиг бараанууд аж. Нимгэн цамц, фудболка, будагны жижиг цүнх, оймс, трико шиг гүйлгээтэй бараа алга гэнэ. Лангуугаараа дүүрэн өнгө, өнгийн фудболка өрсөн наймаачин тус захад нэлээд хэд байсан. Үнэ нь ч хямд, 2000 төгрөг.

Лангуунууд дундуур явж байтал “Сүүлийн үед юанийн ханш  навс унаж байна аа” гэх үгс чихэнд сонсогдов. Хоорондоо юанийн ханшийн талаар ярилцаж байсан хоёр эмэгтэйгээс “Юанийн ханш унаж байна. Бас Цагаан сар болох гээд ашиг их олж байна уу” хэмээн асуулаа. Тэд “Сүүлийн үед барааны гүйлгээ эрс нэмэгдэж байна. Гэхдээ юанийн ханшийн уналтаас нэг их ашиг олоогүй. Юанийн ханш өмнө нь унаад шалиагүй. Харин ойрын хэдэн өдрүүдэд бол нэлээд буурч байх шиг байна. Тэгэхээр одоо бараандаа явж байгаа хүмүүс их ашигтай ажиллана. Өмнө нь бараандаа явчихсан хүмүүст бол нэг их нөлөөлөөгүй” хэмээн хариулсан юм. Хятадын юань өчигдөр Монголбанкинд 192.55, арилжааны банкуудад зарах нь 195 төгрөг, “Найман шарга” валютын зах дээр 192 төгрөгтэй тэнцэж байсан юм.
Хүнсний барааны үнэ, иргэд голчлон  ямар хүнс авч байгааг сонирхохоор “Нарантуул” захын хүнсний барааны  хэсэгт орлоо. Тус хэсэгт очиход урдаас зөвхөн “Тор авах уу, сонин авах уу” гэсэн хүмүүс угтдаг байсан. Харин тэдэн дээр ойрын өдрүүдэд өөр төрлийн бараа зарж буй 10 гаруй хүн нэмэгдсэн. Аргагүй л Цагаан сар болох гэж байгаа нь эндээс харагдах байв. Цагаан сараар иргэд ууц, ул боовгүйгээр ширээгээ засахгүй нь мэдээж. Тэгэхээр түүнийгээ тавих том таваг хэрэг болно. Цаг үеэ олсон л наймаа. Хүмүүс янз бүрийн хэлбэртэй, сийлбэртэй ууц, идээний тавгийг барихыг нь барьж, газарт өрөхийг нь өрсөн байх бөгөөд 20-25 мянган төгрөгөөр борлуулж байгаа юм билээ. Өөрийгөө Ж.Ням-Осор хэмээн танилцуулсан модон тавагны наймаачин “Зах дээр гарч ирээд хэд хонож байв. Өдөртөө 15  орчим  таваг зарж байгаа” хэмээж байв. Энэ мэтчилэн тус захын наймаачид баярын үеэр бор­луулж болох бүхий л зүйлсийг бэлд­сэн нь харагдсан.

Захын  хүнс­ний  хэсэг бол үлгэ­рийн ном зардаг есөн настай охин, гал тогооны алчуур зардаг долоон настай хүү, тор, сонин зардаг эмээгийн ажлын талбар. Үлгэрийн ном авах уу хэмээн хүн бүрээс асуух охины сургуулийн амралт эхлээгүй байгаа гэсэн. Хичээлээ тарангуут наймаагаа хийхээр ирээд байгаа нь энэ аж. Харин алчуур зардаг хүүгийн амралт эхэлчихсэн, ээждээ тусалж байгаа гэнэ.  Цагаан сар болоход 20 гаруй хоног дутуу байгаа болохоор иргэд мах,  гурилаас бусад хүнсээ цуглуулж эхлээгүй байгаа аж. Иргэдээс Цагаан сарынхаа бэлтгэлийг хэдэн төгрөгт багтаан хийх гэж байгааг лавласан юм. Ч.Баасансүрэн эмээ 140 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг ч Цагаан сарынхаа бэлтгэлийг 200 гаруй мянган төгрөгөөр хийх байх хэмээсэн юм. Гэхдээ түүнд хүүхдүүд нь зарим хэрэгцээт зүйлсийг нь аваад өгчихдөг аж. Харин Б.Жанчив гуай “Чадлынхаа хэрээр л юмаа бэлтгэнэ. Группийн мөнгө авдаг. Тэрийгээ аваад эхнэрийн цалинг нэмээд болох байх аа. Бас нөгөө 21 мянган төгрөг нь Цагаан сараас өмнө орох нь уу, яах нь вэ?” хэмээн хариулав. Ер нь бол иргэд баяраа аль болох бага зардлаар тэмдэглэн өнгөрөөх хүсэлтэй байгаа нь тэдний ярианаас мэдэгдсэн.

“Нарантуул” захын гадаа зогсдог хот хоорондын тээврийнхэн ойрын үед тун завгүй ажиллаж байгаа аж. Эндээс Өвөрхангай, Баянхонгор гээд хэд хэдэн аймгийнхан нутгаа зорих унаанд суудаг юм. Захын төв хаалганы гадаа хот дотор хүн тээвэрлэдэг микронууд урьдын адил “гороолоод” зогсчихож. Микроны жолооч, кондукторууд “Хүн нэг их үйлчлүүлж эхлээгүй байна. Энэ амралтын өдрүүдээс эхлээд Цагаан сар хүртэл “Нарантуул”-ыг зорих хүн эрс нэмэгдэх байх аа” гэлээ.

Т.УРАНГЭРЭЛ


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж