Яамдуудад тендер шиг хэрэггүй юм алга гэв

Хуучирсан мэдээ: 2011.01.17-нд нийтлэгдсэн

Яамдуудад тендер шиг хэрэггүй юм алга гэв

Улсын мөнгийг тэрбум тэрбумаар нь цохиж идэх нарийссан арга нь тендер болж хувирчээ. УИХ-ын гишүүдийн хэлж байгаагаар тендерт ялагчийг дээрээс захиалга өгч тодруулдаг болж…

Дээрээс гэдэг нь төрийн өндөр албан тушаалтнууд. Гэвч ард түмний өмнө шударга царайлж, “Шударга өрсөлдөөний журмаар тендерт ялагчийг тодруулсан”  гэдэг. Бас болоогүй, “Тендерийн хуульд зааснаар хамгийн бага санал ирүүлснийг ялагчаар тодруулчихаар чанаргүй авто зам баригдаж, чанаргүй эрчим хүчний сүлжээ тавигдчих юм” гэж учирлах ч, энэ нь мөнгө цохиж идэх өнгөлөн далдлалт болж ирсэн бололтой юм. Жишээ татвал Буянт-Ухаагийн нисэх онгоцны буудлыг барьж байгуулахад 50 сая ам.долларын үнийн санал ирүүлсэн компанийг шалгаруулжээ. Гэтэл Хөх хотод Буянт-Ухаагийн нисэх онгоцны буудлаас даруй дөрөв дахин том нисэх буудал 18 сая ам.доллараар баригдсан байх жишээтэй. Авлигатай тэмцэх газраас гаргасан мэдээгээр тендертэй холбоотой иргэдээс ирүүлэх гомдол жил ирэх тусам өсөх хандлагатай болж. Эгээд асуудлыг УИХ-ын чуулганы баасан гаригийн үдээс хойшхи хуралдаанаар авч хэлэлцлээ. Учир нь УИХ-ын гишүүн Ц.Сэдванчиг, Ч.Улаан нар Ерөнхий сайд С.Батболдод хандан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн хэрэгжилтийн талаар асуулга тавьж, түүнд хариулт өгөхөөр, Сангийн сайд С.Баярцогт, яамдын Төрийн нарийн бичгийн дарга нар хүрэлцэн ирсэн байв.

Сангийн сайдын танилцуулгад дурдсанаар 2009 онд төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр нийт 305 тэрбум төгрөгийн худалдан авалт хийжээ. Үүнээс 84 хувь буюу 256 тэрбум төгрөгийн худалдан авах ажиллагааг  нээлттэй тендер шалгаруулалтын аргаар, 5.8 хувь буюу 17.6 тэрбум төгрөгийн худалдан авах ажиллагааг харьцуулалтын аргаар, 2.6 хувь буюу 7.8 тэрбум төгрөгийн худалдан авах ажиллагааг хязгаарлагдмал тендер шалгаруулалтаар, 7.6 хувь буюу 23.6 тэрбум төгрөгийн худалдан авах ажиллагааг шууд гэрээ байгуулах аргаар хэрэгжүүлжээ. Батлагдсан нийт төсөв нь 314.4 тэрбум төгрөг, гүйцэтгэл нь 305 тэрбум төгрөг болж,  үндсэндээ 9.4 тэрбум төгрөгийн хэмнэлт гаргасан гэж байв. Харин яамдын Төрийн нарийн бичгийн дарга нар “Тендер шалгаруулалтыг яамдаас салгаж, мэргэжлийн байгууллагад шилжүүлэх ёстой” гэсэн байр суурийг ээлж дараалан илэрхийлэв.  Тухайлбал, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Хүнс хөдөө, аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, Зам тээвэр, барилга хот байгуулалтын яам, тэр байтугай тендер бараг зарлаад байдаггүй Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга хүртэл “Тендер зарлах ажиллагаа нь яамдын үндсэн үйл ажиллагаанд төвөг учруулж буй тухай учирлалаа. Олонх яамд жил бүрийн гуравдугаар сараас эхэлж, тендерийн ажилтай зууралдсаар, өвөлтэй золгодог. Хууль боловсруулах, бодлого боловсруулах ажил үндсэндээ энэ саруудад цалгарддаг. Тендер шалгаруулалтыг явуулах мэргэжлийн боловсон хүчин ч бараг байдаггүй. Хүчээр шахам хэд хоногийн сургалтад сургасан нөхдүүд үндсэн ажлынхаа хажуугаар тендерийн ажилтай зууралддаг. Тиймээс тендер гэгч лайг Төрийн өмчийн хороо руу хурдхан шилжүүлэхийг хүсэв. Ер нь ч тэгээд дээрээс өндөр дээд албан тушаалтнууд үүрэг өгч,  “нэр заан, тийм компанийг шалгаруулах ёстой шүү” гэдэг нь басхүү дарамт учруулдаг бололтой юм. Гэхдээ энэ тухай хэлчих зүрх зоригтой Төрийн нарийн байсангүй. Мөн Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Т.Эрдэнэбат “Тендертэй холбоотойгоор иргэдээс ирүүлж байгаа гомдол, мэдээлэл жил ирэх тусам өсч, өнгөрсөн хугацаанд 68 хэргийг шалгаж үзсэн. Дээрх хэргийн 30 орчим хувьд Эрүү үүсгүүлсэн, энэ хэрэгт холбогдсон хүмүүсийг нэр заан дурдах,  мөн ямар байдлаар яаж, хэдэн төгрөг завшсан талаар нэг бүрчлэн ярих нь хуулиар хориотой тул, нарийн мэдээлэл өгөх бололцоогүй” гэдгийг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцохдоо тэмдэглэв. Харин тендертэй холбоотой хэрэгт аль яам холбогдсоныг тоон баримтаар дурдвал, Эрүүл мэндийн яам дөрөв, Зам, тээвэр барилга хот байгуулалтын яам гурав, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хоёр, Онцгой байдлын ерөнхий газар гурав, Боловсролын яамны нэг хэрэгт тус бүр Эрүү үүсгэжээ. 

УИХ-ын гишүүдийн шүүмжлэлээр тендерийн ялагч нь, өндөр албан тушаалтнуудын заавраар тодордог төдийгүй төрийн албан дахь шахааны бизнесийг ч цэцэглүүлэх болжээ. Жишээ нь санхүү эдийн засгийн хямралаар далимдуулан, үнийн өсөлт гарсан гэж үзэн, их хэмжээний мөнгийг улсаас нэхэмжилж, түүнийгээ гаргуулж авчихаад ажлаа дуусгадаггүйн жишээ авто замын салбарт амь бөхтэй оршсоор байгааг анхаарууллаа. Үүнд одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Тендерийн хууль ч нөлөөлдөг аж. Учир нь тендерт ялагч нь гэрээнд заасан хугацаандаа ажлаа дуусгаагүй, мөн ажлаа хаяж явсан тохиолдолд, чанаргүй бараа, нийлүүлж, ажил гүйцэтгэсэн тохиолдолд хариуцлага тооцно гэсэн заалт тусаагүй нь, мөнгө цохиж идэх арга нь болж иржээ.

Нөгөөтэйгүүр, Монгол Улс чанаргүй ажил гүйцэтгэсэн, ажлаа хаяж явсан, хугацаандаа ажлаа дуусгаж чадаагүй тендерт ялагчийн тухай компанийн нэрсийн жагсаалт гаргаж, мэдээллийн санд бүртгэж авдаггүй нь, мөн хууль бус ажиллагааг нь өөгшүүлж ирж.  Монголоос өөр оронд ийм найдваргүй түншүүдийн тухай бүхэл бүтэн мэдээллийн сан үүсгэчихдэг тул, дахин дахин тендер шалгаруулалт орж ирж, ялалт байгуулан, энд тэндгүй чанаргүй барилга, авто зам барьж, лай болдоггүй. Тиймээс Тендерийн хуульд өөрчлөлт оруулахаар Засгийн газар ажиллаж буй. Түүнд орон нутаг нь өөрсдөө тендер зарлан, ялагчийг тодруулахаар болж буйг УИХ-ын гишүүн Р.Буд нар шүүмжлэв. Тэдний хувьд орон нутаг өөрсдөө тендер зарлан, ялагчийг тодруулах нь өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд яамдуудад гарсан алдааг давтаж, эх зах нь харагдахгүй замбараагүй явдал болж хувирна. Тиймээс эл асуудлыг ул суурьтай бодож, төлөвлөх нь өнгөрсөн хугацаанд гарсан алдааг давтахгүй байх нэг суурь болно гэж үзэж байна. Харин тендертэй холбоотой асуулга тавьсан УИХ-ын гишүүн Ц.Сэдванчиг “Тендер нь том эрх ашиг хөндөх болсон. Улсын хэмжээнд 2 их наяд орчим төгрөг худалдан авалтын зардал эзлэх болж байна. Гэтэл олон нийтийн худалдан авах чадвар муудаж, төр гол худалдан авагч болж хувирснаар бизнесийнхэн төртэй түншлэхээс аргагүйд хүргэж,  энэ нь эргээд төрийн өндөр албан тушаалтнуудын хувьд сонирхлын зөрчил үүсгэдэг гээд анхаарах асуудал олон бий. Тендерийн хуульд өөрчлөлт оруулахаар төсөл боловсруулж байгаа үед энэ асуулгыг чуулганы нэгдсэн хуралдаанаар авч хэлэлцсэн нь, төсөл боловсруулагчдын хувьд авах зүйл их байсан гэж найдаж байна” гэлээ.

   
Г.Нэргүй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж