Хөгжлийн банк гэж ”хэн бэ”

Хуучирсан мэдээ: 2011.01.17-нд нийтлэгдсэн

Хөгжлийн банк гэж ”хэн бэ”

Төрийн хамгаалалттай хөгжлийн банк гэж ”хэн бэ”

Бүс нутгийн болон улсын хөгжлийг хөшүүрэгдэх Хөгжлийн банкийг өлгийдөж авах бэлтгэл ажил нэгэнтээ дуусгавар болжээ. Энэ банкны эхийн үүргийг солонгосчууд хүлээх бол эцгийн халамжийг Засгийн газар тавих юм. Ерээд оны дунд үеэс анх яригдаж, 2009 оноос хүчтэй өрнөсөн Хөгжлийн банкийг байгуулах шийдвэрийг Засгийн газар 2010 онд албан ёсоор гаргаж дүрмийн санг нь баталсан юм.  Уул уурхай, дэд бүтцийн томоохон төслүүдийг ивээн тэтгэж, улс орны хөгжилд гол түлхэц өгөх тус банкны дүрмийн санг 16,7 тэрбумаар тогтоосон бөгөөд жилээс жилд дүрмийн сангаа нэмэгдүүлэх явцтайгаар доод тал нь 100 тэрбумд хүргэхээр төлөвлөж буйгаа ч Үндэсний хөгжил шинэтгэлийн хорооны дарга Ч.Хашчулуун мэдэгдсэн удаатай.

Байр сав, техник хэрэгслийн асуудал нь шийдэгдчихвэл Хөгжлийн банкны үйл ажиллагаа ирэх хавраас цэгцэрч, хөгжилд хөгжил нэмэх гол төслүүдэд хөрөнгө оруулаад эхлэх гэнэ. Одоогоор 26 том төсөл Хөгжлийн банк үүдээ нээнгүүт хэрэгжихээр хүлээлтийн шатанд байгаа юм байна. Тэдгээр төслүүдийн дийлэнх нь уул уурхайнх гэнэ. Хөгжлийн банкны удирдлагын багийг сонгох олон улсын нээлттэй тендер зарлаж, оны өмнөхөн дүгнэсэн бөгөөд сонгон шалгаруулалтад Өмнөд Солонгосын KDB буюу Хөгжлийн банк шалгарсан юм.  Үүний дагуу Хөгжлийн банк байгуулах өргөн туршлагатай гэх KDB банкны найман мэргэжилтэн манайд ирж ажиллахаар болсон. Тэд монгол мэргэжилтнүүдтэй хамтрах гэнэ.  Төрийн өмчийн хороо туршлага мэдлэгээрээ хэдэн хувь илүү япончуудад бус  өмнөд солонгосчуудад Хөгжлийн банкны цулбуурыг атгуулсан нь эрхбаригчдын бас нэгэн бодлого байсан бололтой.  Учир нь Хөгжлийн банкны ард Засгийн газар зогсч буй. Тиймээс удахгүй шинээр “мэндлэх” энэхүү банк нь Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн дагуу хөгжлийн санхүүгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулан дэд бүтэц, аж үйлдвэржилтийг дэмжиж, Монгол Улсад олон улсын стандартад нийцсэн, байгаль орчинд ээлтэй орчин үеийн техник, технологийг нэвтрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх гэнэ. Тухайлбал, аж үйлдвэрийн салбарын хөгжилд зориулах Засгийн газрын хөрөнгө оруулалтыг хөгжлийн санхүүгийн мэргэжлийн байгууллага болох Хөгжлийн банкаар дамжуулах нь үр дүнтэй гэж Засгийн газар тооцсоноо ч нуухгүй байгаа.

Арилжааны банкуудын хоолыг булааж, хадгаламж татахгүйгээр үйл ажиллагаа явуулахаа онцлоод буй тус банкны эрсдэлийг төр хариуцахаа амласан. Хөгжлийн банкинд учирч болзошгүй аюулыг төр  даана хэмээн ил тодоор чанга дуугарах нь  эргээд эргэлзээ, эрсдэл дагуулаад байгаа юм. Төрийн энэ том амлалт  төсөв бүрдүүлэгчдийн сэтгэлд Хөгжлийн банк хөнжлийнх болчих вий гэсэн айдас төрүүлэх болсныг үгүйсгэмгүй билээ. Учир нь төр муу менежер гэдгээ олон жишээн дээр нотолсон. Одоо өөрчлөгдсөн гэж бодохгүй байна. Төрийн өмнөөс төсөв бүрдүүлэгчид олон өр даралцсан, олон хүнд давааг нуруун дээрээ үүрсэн. Хадгаламж зээлийн хоршоодын болон Хадгаламж банкаас Ц.Чимэдцэрэнгийн зувчуулсан мөнгийг  төрийн нэрийн дор татвар төлөгчид төлсөн билээ.

Их мөнгө эргэлдүүлэх, их мөнгөөр “зодох”-оо илэрхийлсэн Хөгжлийн банк энэ мэтээр мөнгө зувчуулах, эсвэл мөнгө угаах хэрэгсэл болчихгүй гэх баталгаа байхгүй байгаа бөгөөд ингэсэн тохиолдолд төр мөнөөх эрсдлийг нь ганцаараа хүлээх үү гэдэг бас нэгэн сонин асуулт гарч ирж байгаа юм. Ямар ч байсан олон тэрбумаар тоологдох төслүүдийг ивээн тэтгэх энэ банкид хатуу шаардлага, хөндлөнгийн хяналт тавихгүй бол хөгжилд бус “хөнжилд” үйлчлээд эхэлбэл төрийн өмнөөс төсөв бүрдүүлэгчид эрсдлийг нь үүрэх  бус уу. Төр эрсдлийг нь үүрэхээ мэдэгдсэн болохоос төсөв бүрдүүлэгчид юу ч амлаагүй шүү, эрх баригчид аа. Эвгүйтсэн цагт энэ үгээ битгий мартаарай даа.

Ж.НЯМ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж