Засгийн газарт үүрэг даалгавар өглөө

Хуучирсан мэдээ: 2011.01.19-нд нийтлэгдсэн

Засгийн газарт үүрэг даалгавар өглөө

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өчигдөр хуралдлаа. Уг хуралдаанаар Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн Оюутолгойн ордыг ашиглах техник, эдийн засгийн үндэслэл /ТЭЗҮ/-тэй холбогдуулан гаргасан дүгнэлтийг ажлын хэсгээр авч хэлэлцсэн талаарх санал дүгнэлтийг сонсчээ. Оюутолгойн ТЭЗҮ-тэй холбоотой маргаан өнгөрсөн хугацаанд нэлээд үүссэн. Харин үүссэн маргаан, асуудалд УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлт цэг тавина гэж хүмүүс ажиглаж байгаа юм. Ажлын хэсэг ямар дүгнэлт гаргасан талаар УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ш.Сайхансамбуугаас дараах зүйлийг тодрууллаа.

-Ажлын хэсгийн санал, дүгнэлтийг байнгын хороо хэлэлцсэн. Ямар шийдвэр гаргасан бэ?

-Аюулгүй байдал, гадаад бодлогын байн­гын хорооноос томилсон ажлын хэсгийн ажил уг нь эрт дууссан. Ашигт малтмалын ту­хай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахтай хол­бог­дуулаад Засгийн газраас ажлын хэсгийг хууль гартал хүлээж байгаач гэдэг хүсэлт тавьсан юм. Уг хууль оны өмнө батлагдсан. Нөөц ашигласны төлбөрийн таван хувь дээр 10 хувийг нэмээд 15 хувь болгосон. Хууль гарсны дараа ажлын хэсэг хуралдаад өнөөдөр /өчигдөр/ дүнгээ гаргалаа. Ажлын хэсгийн дүнг байнгын хороо дүгнээд тог­тоолын төслийг санал нэгтэй дэмжлээ. Мөн Засгийн газарт холбогдох үүрэг даалгаварыг өглөө.

-Ямар, ямар үүрэг даалгавар өгч байгаа юм бол?

-Эрдэс баялгийн зөвлөлөөс Оюутолгойн ТЭЗҮ-ийг буцаасан. Чухам яагаад буцаасан шалтгааныг нь тодруулах, ТЭЗҮ-тэй танил­цахад ажлын хэсгийн гол зорилго нь оршиж байгаа юм. Оюутолгойн ТЭЗҮ-д тусгасан хө­рөнгө оруулагчдын нөөц ашигласны төл­бөрийн хоёр хувийг Монголын талаас цэвэр ашигласнаар тооцож авна гэж ТЭЗҮ-д туссан байсан. Үүнийг ажлын хэсгийн явцад хөрөнгө оруулагч нь анхныхаа лиценз худалдаалсан компанитайгаа өөрсдөө хоорондоо тохирох, Монголын талд хамааралгүй болгож өөрчил­сөн. Мөн 45 сая тонн нефтийн 19 сая тонныг нь ашиглана гэж байгаа. Уг нь Хөрөнгө оруу­лалтын гэрээндээ 45 сая тонн гэж орсон. Харин ТЭЗҮ-дээ 19 сая тонн гээд ороод ир­сэн. Ажлын хэсэг болохгүй гэж үзээд 19 сая тонныг 31 сая тонн болгосон. Өөрөөр хэлбэл 68.9 хувь нь үр ашигтай нөөцөд хамааруулж ашиглахаар хийсэн. Мөн усны нөөцийг тог­тоох, баталгаажих боломжтой хэсгийг үүрэг даал­гавар болгож ажлын хэсгээс өглөө. Хам­гийн гол нь УИХ-ын 2009 оны 57 дугаар тог­тоолд заасан “Анхны хөрөнгө оруулалт хийс­ний дараа Монголын тал 50-аас доошгүй хувийг эзэмших” гэсэн байгаа. Үүнийг ажлын хэсэг тусгаж өгсөн байгаа юм.

-ТЭЗҮ дээр 30 жил гэсэн маргаан нэлээд гарсан. Ажлын хэсэг энэ талаар юу гэж үзэж байна вэ?

-Бид өнөөдөр 30, 25, 20 гэж хэлэх боломж байхгүй. Ямартай ч 30 жилийг нааш нь татна гэдгийг дахин ярья гэсэн. Үүнийг нэг жил ч татаж болно, хоёр жил ч татаж болно. Тоо заа­хаар дараа нь асуудал үүсч магадгүй. Учир нь манайд ашиггүй болж магадгүй шүү дээ. Зас­гийн газар ч өөрөө 30-аас доошлуулна гэдэг саналтай байгаа.

Ц.ЭНХЦЭЦЭГ


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж