Нөхөрлөлүүд байгалиа хамгаалж байна

Хуучирсан мэдээ: 2011.01.22-нд нийтлэгдсэн

Нөхөрлөлүүд байгалиа хамгаалж байна

Хөвсгөл аймагт Улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаардаг олон газар байдаг бөгөөд тэнд хяналт тавьж ажилладаг сумдын байгаль орчны байцаагчид, мөн бүлэг нөхөрлөлүүдийн туршлага солилцох зөвлөгөөн өнгөрсөн долоо хоногт Цагааннуур суманд болжээ.

Тодруулбал, зөвлөгөөнд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Хөвсгөл аймгийн Улсын тусгай хамгаалалтын газрын захиргаа, Цагааннуур, Ренчинлхүмбэ, Улаан-Уул сум, Хатгал тосгоны, нөхөрлөл, дунд сургуулийн эко клүбын төлөөллөөс бүрдсэн 50 орчим төлөөлөгч оролцсон байна. Тэд харилцан туршлага ч солилцжээ.

Цагаан загас хамгаалах чиглэлээр ажилладаг “Баянбөөрөг” нөхөрлөл Цагааннуур сумандаа хулгайн анчинг явах эрхгүй болгосны зэрэгцээ Хилийн цэргийн анги нэгтгэлтэй хамтран ажиллаж,  зөрчлийг шуурхай илрүүлж таслан зогсоодог болссон байна. Мөн алт олборлолттой идэвхтэй тэмцэж байгаа аж.

Нөхөрлөлийнхөн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаараа 12 дугаар тогтоол  гаргуулж чадсанаар Шаргын голын сав газрыг орон нутгийн хамгаалалтад авч, Цагааннуурын усны эрүүл ахуйн бүс болон нуурын эрэгт сул задгай асгаж байсан нэгдсэн хогийн цэгийг цэвэрлэж, шинэ цэг тогтоожээ. Мөн бүлэг нөхөрлөл дундын Байгаль орчны сан байгуулж, сангийн тодорхой хувийг байгаль орчны зөрчлийн нөхөн төлбөрөөс авдаг байна.

Ренчинлхүмбэ сумын Байгаль орчин хамгаалах улсын байцаагч сумынхаа түүх соёлын өвийг бүртгэж, зэргэлдээх нутгийн иргэд, бүлэг нөхөрлөлд гэрээгээр хамгаалуулсан байна.

Зөвлөгөөний төгсгөлд оролцогчид сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газартай хамтран ажиллах найман заалт бүхий зөвлөмж гаргасан байна. Тодруулбал, Хөвсгөл аймгийн Байгалийн цогцолборт газрын  Хар усны рашааны идэвхтэй үед Хатгал тосгоны байгаль хамгаалах тасаг,  бүлэг нөхөрлөл, Ренчинлхүмбэ сумын байгаль хамгаалах албаныхантай хамтран ажиллаж хяналт тавих аж. Харин загас хамгаалдаг нөхөрлөлүүд загасны үржлийн үе болон амьдралын онцлогийн талаар сургуулийн биологийн багшаар хичээл заалгахаар болжээ.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж