МАН-ын залуус ”цэвэрлэгээ” хүсэж байна

Хуучирсан мэдээ: 2011.01.25-нд нийтлэгдсэн

МАН-ын залуус ”цэвэрлэгээ” хүсэж байна

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Цуглав, бүртгүүлэв
    Соёлын төв өргөө нь 1300 гаруй хүний суудалтай. Хошин шогийн тоглолтоос бусад үед хоосон байдаг уг өргөө өчигдөр харин жагсагчдаар дүүрсэн байв. “Гаран дээрх наалтаа энд наалгаарай, Хан-Уулынхан наашаа, ороод залуус нь урагшаа, ахмадууд нь хойгуур суугаарай, хүүе чи бүртгүүлсэн үү, даргадаа харагдахгүй бол болохгүй” гэх үгс тэдэн дундаас сонсогдож байв. МАН-ын дэргэдэх Нийгмийн ардчилал-Залуучуудын холбооны жагсаалын бэлтгэл өрнөж байлаа. Цугласан улсыг цэгцэнд нь оруулах, цусыг нь хөөргөхөөр жагсаал зохион байгуулагчид ийн цуглуулжээ. СТӨ-ний тайзнаа Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй залуус индэр засан сууцгааж “Манай намыг УИХ-д сонгогдсон хэдхэн гишүүдээр төлөөлж болохгүй. Намын зарим гишүүн Удирдах зөвлөлийн гишүүн, Байнгын хорооны дарга болго хэмээн шантааж хийж байна. Өмнө нь намын хариуцлагатай ажил хийж байсан хүн намаа хагалан бутаргах ажиллагаа явуулж байна. УИХ-ын гишүүн хүн намынхаа залуучуудыг ална шүү хэмээн сүрдүүлж байна. Хэрэв ийм зохисгүй зүйлтэй санаа нэгдвэл бид намын удирдлагатай ч хатуу хариуцлага тооцох тухай ярих болно. Ер нь намын Удирдах зөвлөл юу хийгээд байгаа юм бэ. Намын Удирдах зөвлөлийнхөн яагаад бага хурлаа хуралдуулахгүй байгаа хэрэг вэ. Хариуцлагын тухай яагаад дуугарахгүй байгаа юм бэ” гэв. Түүнчлэн жагсаалын үеэр “Даваасүрэн шантааж хийхээ боль, Авлигын загалмайлсан эцэг гэж цоллогдсон Н.Энхбаяр биднээс уучлалт гуй, Тэрбишдагва хэлсэн үгнийхээ төлөө уучлалт гуй. МАН Д.Тэрбишдагва, Ц.Даваасүрэн, Н.Энхбаяр гурваар дутахгүй” хэмээгээд гарч жагсаалдаа оролцохыг уриалав.
     
    Цагдаа нартай нь түрэн оров

    Жагсаалыг зохион байгуулагчид “Ямар ч хууль зөрчсөн үйлдэл гаргахгүй” хэмээн мэдэгдсэн. Харин СТӨ-нд цугласан оролцогчид Сүхбаатарын талбайн зүг хөдөлгөх үед замын хөдөлгөөнийг зохицуулсан зүйл байсангүй. Тухайлбал, машинуудтай жагсаалд оролцогчид СТӨ-ний өмнөх замаар чихэлдэн, хэсэг хэсгээрээ хуваагдан зам хөндлөн гарч байв.

    Түүнчлэн жагсаалын индэр болох том оврын ачааны машиныг Сүхбаатарын талбайд оруулах гэхэд нь замын цагдаа нарын зүгээс эсэргүүцэл үзүүлж, Сүхбаатарын талбайд автомашин оруулахыг хориглосон тухай сануулсан боловч жагсагчид машинаа хүч түрэн оруулахаар болсон юм. Замын цагдаагийн хэсэг ажилчид машины урдаас хаалт хийн, жагсагчдын өмнөөс түрж, харин жагсагчид машиныхаа хойноос түрсээр хүч дийлэн индрээ талбайд байрлуулснаар үйл явц үргэлжлэв. Хэрэв жагсаал цуглаан зохион байгуулахаар албан ёсоор зөвшөөрөл авсан бол Замын цагдаагийн газраас уг жагсаалыг нь зохион байгуулахад дэмжлэг үзүүлж, замын хөдөлгөөнийг нь зохицуулах учиртай.

    Шүүрдэв, шаардлага өргөн барив, тарав
    Жагсагчид Сүхбаатарын талбайд очоод намын удирдлагад шаардлага хүргүүлэх болсон талаараа танилцуулж, “шударга бус байдал”, “авлигын сүлжээг” хог адил шүүрдэхийг уриалав. Тэд “цагаан сараар айл гэр тоосоо гөвдөг шиг нам ч гэсэн тоосоо гөвж зарим хариуцлагагүй гишүүддээ хариуцлага тооцохыг шаардаж байна. Намын өмнөх удирдлага болох Н.Энхбаярыг явуулж буй үйлдлээ зогсоохыг шаардаж байна. Хэний хүчинд хэн болчихоод хэн рүү нулимаад байгаа юм бэ”, “Энхбаярын аалзны торыг таслая” хэмээх шаардлагаа бөмбөрийн дуутай хамт цууриатуулав. Удалгүй шаардах бичгээ МАН-ын Удирдах зөвлөл, Хяналтын ерөнхий хороонд хүргүүлэхээр Төрийн ордны зүг хөдөлцгөөсөн байна. Намынх нь удирдлагаас шаардах бичгийг нь авахаар УИХ дахь МАН-ын бүлгийн ахлагч Д.Дондог гарч ирсэн бөгөөд шаардсан хугацаанд нь багтаан хариуг нь өгөхөө амлаад, гадаадын нэр хүнд бүхий чуулга уулзалтыг Төрийн ордонд зохион байгуулж байгаа тул улс орныхоо нэр хүндийг унагаахгүйгээр одоо ингээд тарцгаасан нь дээр биш үү хэмээн учирлав. Залуус ч шаардах бичгээ өргөн барьсан тул уламжлал ёсоор ордноо нэг гороолоод улс төрийн жагсаалаа тараалаа.

    Э.ЭНХ

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж