Улсаас юм хумсалсан бол хариуцлага хүлээж болно

Хуучирсан мэдээ: 2011.01.27-нд нийтлэгдсэн

Улсаас юм хумсалсан бол хариуцлага хүлээж болно

УИХ-ын гишүүн О.Чулуунбат өнгөрсөн хугацаанд Авлигатай тэмцэх газарт шалгагдаж байсан ч, нийслэлийн Прокурорын газраас өгсөн чиглэлийн дагуу ОХУ-д алдсан 10 сая ам.доллартай холбогдуулсан хэргийг түдгэлзүүлэх шийдвэр гаргасан тухай шуугиж буй билээ. Мөн АНУ-ын иргэн Жорж Чайлмерстай холбоотой хэрэг нь замхарч байгаа тухай ч мэдээлээд буй. Энэ талаар УИХ-ын гишүүн О.Чулуунбатаас тодрууллаа.  

-ОХУ-ын банкинд алдсан 10 сая ам.долларын хэрэгтэй холбогдуулан, танд албан тушаалын хэрэг үүсгэн шалгаад байсан ч нийслэлийн Прокурорын газраас түдгэлзүүлсэн байна. Ямар үндэслэлээр түдгэлзүүлсэн юм бэ?

-Монголбанкны ерөнхийлөгч байхдаа би Москвагийн нэг банкинд 10 сая ам.долларыг хадгалуулсан байсан, гэтэл банк дампуурсан. Москвагийн банк дэлхийн маш олон захтай ажилладаг юм шүү дээ. Гэхдээ энэхүү 10 сая ам.долларын гурван сая ам.доллар нь эргээд төлөгдсөн байсан гэсэн мэдээллийг Монголбанк хийсэн, шинэ оны өмнө. Очиж хөөцөлдөх л ёстой байхгүй юу.

-Монголбанк хөөцөлдөх ёстой гэсэн үг үү?

-Тэгэлгүй яадаг юм. Би Монгол­банкны ерөнхийлөгч байх­даа  ОХУ-д очиж, хөөцөлдөж л байсан. Надаас хойш Монголбанкны ерөнхийлөгчөөр томилогдсон нөхдүүд өөрийн юм шиг сэтгэл гаргаад, хөөцөлдөх ёстой. Тэр нь ОХУ-ын хуулиар зохицуулагдах учраас бид бас дураараа загнаад мөнгөө авчихаж чадахгүй шүү дээ.

-Тэгэхээр алдсан 10 сая ам.долларыг буцаан авах бололцоо байна гэсэн үг үү?
 
-Байгаа. Гол нь хөөцөлдлөгөө чухал.

-Тэгвэл энэ хэргийг нийслэлийн Прокурорын газраас түдгэлзүүлэх шийдвэр гаргасан нь мөнгө эхнээсээ төлөгдөж эхэлсэнтэй холбоотой гэж үзэж болох уу. Нөгөө талаас таны УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хугацаанд хэргийг түр сөхөхгүй байхаар болжээ гэж ойлговол зөв үү? 

-Энэ хэрэг дээр ажиллаж байгаа албан тушаалтнаас л асуудаггүй юм бол би өөрөө зөрчил гаргаагүй учраас тэр ойлголттойгоо л байгаа. Миний тайлбарлах нэг өөр. Хянаж, шалгаж байгаа хүмүүс арай өөр нүдээр хардаг байлгүй. Тэднээс тайлбар авсан нь дээр.

-Нийслэлийн Прокуророос энэ хэргийг түдгэлзүүлэх шийдвэр гаргасан нь, таныг тэдэнд нөлөөлчихөв үү дээ гэдэг хардлага олон нийтийн дунд байна л даа?

 -Нөлөөлөх байсан бол аль дөрөв,  таван жилийн өмнө нөлөөлөх байсан биз дээ. Би харин сайн шалга л гэж хэлж ирсэн.

-Жишээлбэл, Авлигатай тэмцэх газарт шалгагдаж байсан Л.Гүндалай гишүүний хэргийг нийслэлийн Прокуророос хэрэгсэхгүй болгох шийдвэр гарч. Улмаар шинэ оны өмнө Өршөөлд хамрагдсан. Үүн шиг л хэрэг замхрах гээд байна шүү дээ?  

-Би улсаас юм хумсалсан, зувчуулсан, дутагдуулсан байвал хариуцлага хүлээж болж байна.  Зургаан жилийн турш Монголбанкны ерөнхийлөгчөөр ажиллахдаа би  хамгийн том ашигтай,  орлоготой ажилласан юм шүү.

-Гэхдээ та 10 сая ам.доллар алдаа биз дээ, найдваргүй банкинд байршуулж. Та төв банкны ерөнхийлөгчөөр ажиллахдаа хэдий хэмжээний ашиг орлоготой ажилласан юм, түүнийг цайруулахаар хэмжээний ашигтай ажиллаж чадсан гэж үү?

-Монголбанкны нийт орлого нь 120-130 миллиард төгрөг, цэвэр ашиг нь 60-70 орчим тэрбум төгрөг болж байсан санагдана. Тэгэхээр тэр дотор нь зардлаар Эрүүгийн  хэрэг нээж болохгүй биз дээ.

-Би бол хувьдаа зардал гэж харахгүй л байгаа?

-Би бол өдөр тутам маш том мөнгөн дээр ажиллаж байсан болохоор орлого ч олж байсан, мөн зарлага гаргах хуулиар олгогдсон эрх мэдэл бүхий хүн байсан. Жишээлбэл, өнөөдөр би захаас алт авлаа, маргааш үнэ нь буучих юм бол алдагдал гарна биз дээ. Нөгөөдөр ашигтай ажиллаж байна, яг үүнтэй адилхан хадгаламжийг бас ингэж өгч, авалцдаг. Өнөөдөр би АНУ-ын банкинд нэг хувийн хүүтэй мөнгө өглөө, маргааш Оросын банкинд дөрвөн хувийн хүүтэй өгөх жишээний.  Зарим үед бага ашигтай, эсвэл том ашигтай, зарим дээр нь алдагдалтай, зарим үед орлоготой ийм л зах зээл шүү дээ, банк санхүүгийн зах зээл. Ийм л амьдрал байдаг. Тэр дагуу л ажлаа хийж, олж, бас алдаж байсан. Түүнээс өөр хувьдаа завшсан зүйл байхгүй.

-Та өнгөрсөн хугацаанд санаачлага гаргаж, ОХУ- руу хандан энэхүү 10 сая ам.долларыг барагдуулах ажил юу болж байна вэ гэдгийг хөөцөлдөж үзсэн үү?

-Байхгүй, байхгүй, хөөцөлдөөгүй.

-АНУ-ын иргэн Жорж Чайлмерстай хамтран “40 мянган айл орон сууц” хөтөлбөр хэрэгжүүлэх хүрээнд таныг улсад хохирол учруулсан гэж үзэн шалгаж байсан ч, хэрэгсэхгүй болгосон дуулдлаа. Энэ талаар та тайлбар өгөөч? 

-Жорж Чайлмерстай холбоотой асуудлын хувьд намайг хууль хяналтын байгууллага олон жил шалгалаа, үзлээ. Би түүнд авлига өгсөн асуудал байхгүй. Урт хугацаат орон сууцны зах зээл Монголд хэрэгтэй, үүнд мөнгө хэрэгтэй гэж ярьж явсан. Дэлхийн бусад орны практикийг харахад Засгийн газар, төв банк нь үүнд маш идэвхтэй оролцож байж, орон сууцны зах зээлийг хэрэгжүүлдэг юм. Тэр дагуу л хийж байсан ажил.

-Хэргийг хэрэгсэхгүй болгочихоор та ямар ч төлбөр, ялбаргүй хэрэг цагаадаж байна тийм үү?

-Би тэрэнд ерөөсөө холбогдоогүй юм чинь, яах юм. Надаас хойш болсон асуудал. Гэрээ зөрчсөн гэх мэт зүйл нь надад хамааралгүй. Миний хувьд бүх юм номоороо л болж байна.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж