Тендерт оролцох амархан боллоо

Хуучирсан мэдээ: 2011.01.28-нд нийтлэгдсэн

Тендерт оролцох амархан боллоо

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Тендерийг тойрсон элдэв маргаан байнга үүсдэг. Шударга бус боллоо, ийм муу саналтай компани шалгарчээ, эднийх “но”-той, арын хаалга хэрэглэжээ гээд л… Энэ бүх эцэс төгсгөлгүй хардлагыг бүрэн зогсоох боломжтой гэх нэгэн технологийг нэвтрүүлэх ажлыг Сангийн яам, Солонгосын олон улсын хамтын ажиллагааны “Коайка” байгууллагатай хамтран хэрэгжүүлж байна. Энэ нь БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд хэрэгжиж буй цахим худалдан авах ажиллагааг нэвтрүүлэх төсөл юм. Төслийн хүрээнд цахим худалдан авах ажиллагааны “Koneps” системийг Монголд нэвтрүүлнэ. Энэ тухай өчигдөр “Чингис” зочид буудалд танилцуулга хийв. Танилцуулгад Сангийн яамны Худалдан авах ажиллагааны бодлогын газрын дарга Х.Ганцогт, “Коайка”-гийн Монгол дахь суурин төлөөлөгч Ин Дү Гү болон бусад холбогдох албаны хүмүүс цугласан байв.

    “Koneps” нь цахим худалдан авах ажиллагааны тогтолцоогоор дэлхийд нэгдүгээрт ордог систем юм байна. Одоогоор төрийн болон орон нутгийн өмчөөр гүйцэтгах бараа, ажил үйлчилгээг www.e-procurement.mn сайт ажиллуулдаг. Энэ нь ердөө нэгдсэн зарын сайт төдийхөн юм. Харин “Koneps”-ийг ашигладаг болсноор цахим худалдан авах ажиллагааны сүлжээнд хэрэглэгчийг бүртгэж, баталгаажуулах, барааны электрон каталоги үүсгэх, энэхүү каталогийн тусламжтайгаар цахим дэлгүүр (e-Shopping mall)-ийг ажиллуулдаг болох гэнэ. Ингэснээр захиалагч байгууллага буюу төрийн өмчит байгууллагууд худалдан авахыг хүссэн бараа, үйлчилгээгээ нэр, төрлөөр нь хайж, өөрийн сагсанд цуглуулан, бүтээгдэхүүн авах хүсэлтээ нийлүүлэгч байгууллагуудад цахим хэлбэрээр хүргүүлэх замаар шаардлагатай бараа, бүтээгдэхүүнээ худалдан авах боломжтой болно.

    Энэ нь тал бүрийн ач холбогдолтой систем юм. Монгол орны өнцөг булан бүрээс орон зай хамаарахгүй тендерт оролцох боломжтой. Төсвийн байгууллагад ч тендер шалгаруулахад зориулдаг зардлуудыг нэлээд хэмжээгээр хэмнэнэ. Тендерийн баримт бичгийг цаасаар биш цахим хэлбэрээр тендерт оролцогчид түгээж, тендерт оролцогчид өөрийн саналаа он-лайнаар захиалагчид хүссэн газраас өгөх боломж бүрдэнэ. Энэ мэтээр захиалагч болон тендерт оролцогчдоос гарах зардал ихээхэн хэмжээгээр буурна. Тендерт оролцогчид тендер шалгаруулалтын үнэлгээний явцтай хүссэн үедээ танилцах боломжтой болох бөгөөд тендерт оролцож буй бусад этгээдийн талаарх мэдээлэл ил тод болох юм байна. Энэ мэтчлэн тендерийг тойрсон элдэв хардлагыг дагуулсан мэдээллийг ил болгож, нэгдсэн сүлжээнээс танилцах боломж бүрдэх ажээ.

    Тендерийн үнэлгээний хорооны ажил ч хөнгөрнө. Тендер шалгаруулах эхний шат буюу хянан үзэх үе шатыг “Koneps” гүйцэтгэх юм байна. Ингэснээр хүний оролцоог багасгаж аливаа этгээдийн ашиг сонирхлын зөрчлийг бууруулах нөхцөл бүрдэнэ гэж төсөл хэрэгжүүлэгчид үзэж байна.

    Манай улс жилд хэдэн мянган тендер зарлан шалгаруулдаг. Зөвхөн 50 саяас дээш хэмжээний тендерийн тоо жилд 1500-2000 байдаг байна. Энэ төслийг амжилттай хэрэгжүүлснээр Засгийн газрын худалдан авах ажиллагааны тогтолцоо эрс сайжирч, Засгийн газрын худалдан авах ажиллагаа нээлттэй, үр ашигтай, шударга, ил тод болно. Худалдан авах ажиллагааны цахим систем нь 3,5 сая орчим ам.долларын өртөгтэй ба үүнийг БНСУ-ын Засгийн газраас гаргаж буй ажээ. Төсөл ирэх арванхоёрдугаар сард дуусна, энэ хугацаанд системийг нэвтрүүлэх ажлыг гүйцэтгэнэ. Эхний ээлжинд 2012 онд зарим төрийн байгууллагад тус системийг туршиж, 2013 оноос улс орон даяар бүрэн ашиглахаар төлөвлөжээ.

    Б.СҮРЭН
    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж