Ж.Батсуурь: Уучлаарай, намайг хардах хэрэггүй

Хуучирсан мэдээ: 2011.01.31-нд нийтлэгдсэн

Ж.Батсуурь: Уучлаарай, намайг хардах хэрэггүй

УИХ-ын гишүүн Ж.Батсуурийг “Ярилцах танхим”-даа урилаа.

-Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль батлагдаад   хоёр жил боллоо. Гэвч уг хууль улстөрчид, алт олбор­логчдын дунд багагүй хэл ам дэгдээсэн. Харин та уг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачлан өргөн барилаа. Чухам ямар өөрчлөлт оруулсан бэ?

-Би  УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны гишүүнээр ажилласнаасаа хойш дэд бүтэц, үйлдвэрлэл, уул уурхайн чиглэлийн асуудалд түлхүү анхаарч ажилласан. Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг 2009 оны долдугаар сарын 6-нд УИХ баталсан. Уг хуулийг тухайн үед би дэмжиж байсан. Одоо ч дэмжиж байгаа. Гэхдээ бас асуудал байна. Монголын ард түмэн, хойч үед хэрэгтэй, байшин барилгаар яривал уг хууль “их аятайхан, сайхан байшин” болсон. Хууль са­наачлагчид онц дүнтэйгээр ашиглалтад өгсөн. Харин энэ байшинг ашиглаад хоёр жил болчихлоо.

Гэтэл энэ хугацаанд онц дүнтэй, сайн зүйл бодож барьсан байшинд засвар хийх шаардлага гарсан гэж ойлгож, уг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн барилаа. Аливаа хууль Монголын ард түмний язгуур эрх ашгийн төлөө байх ёстой.  Энэ хууль ч мөн ард түмний язгуур эрх ашгийн төлөө байгаа. Гол, мөрөн, байгаль, газар шорооныхоо төлөө дуугарч байгаа хүмүүсийг буруутгамааргүй гэж үзэхгүй байна. Гэхдээ туйлширна гэдэг хамгийн аюултай гэдгийг бас хэлмээр байна. Манай улсын давуу тал бол байгалийн баялаг, ашигт малтмал. Харин үүнийгээ хэрхэн зөв ашиглаж, ард түмнийхээ амьдралыг яаж сайжруулах вэ, улс орноо хэрхэн хөгжүүлэх вэ гээд олон асуулт гарч ирж байгаа юм. Мөн зах зээлийн үед хүнсээ картаар авдаг, дэлгүүрт давснаас өөр бараагүй байсан түүх бидэнд бий. Тэр үеэс эхлээд төсвийн орлогыг хэрхэн нэмэгдүүлэх вэ, монгол хүний хөгжих орчныг хэрхэн бий болгох вэ зэрэг олон асуудал ч тулгарсан. Харин үүнээс хойш төр засаг “Алт” хөтөлбөр баталсан. Байгалийн баялгаа ашиглая, эргэлтэд оруулъя хэмээн ард түмнийг зах зээлийн эдийн засагт шилжчихлээ, хувиараа компани байгуул, уул уурхайн үйлдвэрлэл  эрхэлбэл хөрөнгө оруулалтыг дэмжих хууль баталлаа гэж уруу татаж, олон компанийг уул уурхайн салбарт ороход нь дэмжлэг үзүүлсэн. Уул уурхай бол их онцлогтой. Хөрөнгө оруулалтын 90 хувь нь эхлээд зайлшгүй хэрэг болдог. Дараа нь урт удаан хугацаанд үр ашгаа өгдөг юм. Уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа эдгээр компани нэлээд хөрөнгө зарж, их хэмжээний зээл аван тухайн үед мөрдөж байсан хууль журмын дагуу л ажилласан. Төр, засаг тэднийг уруу татаж, ашигт малтмалыг  эдийн засгийн эргэлтэд оруулаач, төсвийн орлогыг нэмэгдүүлээд өгөөч, богино хугацаанд хөгжмөөр байна хэмээн уул уурхайн бизнесийнхнийг “эрхлүүлсэн”. Гэтэл дөнгөж хөлөө олж, уул уурхайн компани гэж нэрлэгдэхүйц хэмжээнд хүрээд үйл ажиллагаагаа явуулж байсан чинь гэнэт хууль батлаад “Та нарыг зогсооно. Хориглоно, байхгүй болгоно” гэж болохгүй. Уг хуулийг хэрэгжүүлэх явц удааширч, хүндрэл гарсан. Өөрөөр хэлбэл хэрэгжүүлэх боломжгүй, нөхцөл байдал үүссэн гэж би эдийн засагчийн хувьд үзэж байгаа юм. Лицензээ цуцлуулсан компаниудын нөхөн олговор болох 4.7 их наяд төгрөгийг төрөөс татвар төлөгчдийн мөнгөөр төлөх шаардлага гарч байгаа. Тэгэхээр тэдэнд өгөх ёстой нөхөн олговрыг ойрын 10 жилд шийдэж чадахгүй. Тиймээс ингэж худлаа ярьж, байгаль дэлхийдээ хайртай болж жүжиглэж, сонгогчдод таалагдах гэж гүйх хэрэг байхгүй гэж үзсэн. Тухайн үед мөрдөж байсан хууль, журмын хүрээнд хайгуул, ашиглалтынхаа лицензийг аваад үйл ажиллагаагаа эхэлсэн компаниудыг Ашигт малтмалын тухай хуулийн дагуу нөхөн сэргээлтээ зөв хийгээд, хууль зөрчөөгүй бол үйл ажиллагаа, ашиглалтаа үргэлжлүүлээд явуулъя гэдэг өөрчлөлт оруулахаар хуулийн төсөл өргөн барьсан юм. Тиймээс Засгийн газрын саналыг авахаар хүргүүллээ. Харин Засгийн газарт нэлээд маргаантай байсан ч дэмжсэн. Ер нь аливаа юманд хариуцлагатай хандаж, үр дүнг нь мэдэрдэг. Түүнээс биш шууд хориглочихоор л гол, мөрөн, ойн сан болон усан сан бүхий газар хамгаалагдана гэж ойлгож болохгүй. Хамгийн гол нь хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх шаардлагатай байгаа юм. Харин хууль батлагдсанаас хойш лиценз олгохгүй гэдэг агуулга нь хэвээрээ байна. Монгол Улсын нийт газар нутгийн 50 гаруй хувь нь тусгай хэрэгцээний газар юм. Ашигт малтмалын хэрэг эрхлэх газар орон нутгийн тусгай хэрэгцээний газарт хайгуулын лиценз өгдөггүй, өгч ч байгаагүй. Тэгээд ч гол, мөрний бүрэлдэх эх, усан сан болон ойн сан бүхий газрын зарим хэсгийг тусгай хяналтад авчихсан байгаа шүү дээ.  

-Уул уурхайн компаниуд нөхөн сэргээлт хийдэггүй гэх шүүмжлэлийг дагуулдаг. Таныхаар хариуцлагатай уул уурхайг хэрхэн бий болгох вэ?

-Ганц уул уурхайн салбарт ч биш, бүхий л салбарыг хариуцлагажуулах шаардлагатай. Монголчууд бид хуулиа зөрчөөд сурчихаж. Үүнийг л таслан зогсоож, арилгамаар байгаа юм. Нөхөн сэргээлт хийгээгүй, хуулиа зөрчсөн бол хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа явуулж байсан ч шууд таслан зогсооно. Нөхөн олговор ч олгохгүй. Тэгж ард түмний төлсөн татварыг хэдэн хариуцлагагүй нөхдөд нөхөн олговор гээд тараачихмааргүй байна. Энэ хуулийг далимдуулаад зарим хүн лицензээ авчихаад хайгуул хийгээгүй мөртлөө хийсэн юм шиг худлаа баримт бүрдүүлээд нөхөн олговор авчих гэсэн бодолтой байдаг нь нууц биш. Ингэж бодож байгаа хүмүүст хэлэхэд “Уучлаарай, ард түмний татвараар бий болгосон төсвийн мөнгийг завшихгүй. Хариуцлагатай байгаач” гэмээр байна. Хамгийн гол нь нөхөн сэргээлтийг шалгаж, хүлээн авдаг, хаа хаанаа асуудалд хариуцлагатай хандъя.

-Таны санаачлан өргөн барьсан хуулийн төслийг намрын чуулганд багтаан хэлэлцэж амжих болов уу?

-Хэлэлцэж эхлэх л байх гэж бодож байна. Цаг хугацаа бол хамгийн үнэт, эдийн засгийн гол хүчин зүйл. Тиймээс цаг алдаж, эдгээр компани болон хүмүүсийг эргэлзээнд оруулж, замбараагүй байдал үүсгэмээргүй байна. Бүх зүйл тодорхой байх ёстой. Учир нь тухайн бизнес эрхлэгчид хоёр, гурван жилийн дараа хайгуулын лиценз цуцлагдана гэж хамаг хөрөнгөө тавиагүй, банкнаас зээл аваагүй шүү дээ. Хүмүүс газарт байгаа баялгийг ямар ч зардалгүйгээр ухаж гаргаад түүнийгээ өндөр үнээр зарж, хөдөлмөрлөхгүйгээр ашиг олчихож байгаа юм шиг боддог. Үгүй шүү дээ. Уул уурхай бол асар их хөрөнгө, хөдөлмөр зарж, нэлээд хугацааны дараа үнэхээр хариуцлагатай, зөв байвал ашиг олдог салбар. Жишээ нь Францын “Арева” групп ураны хайгуул хийж байгаа. Тэд ураны хайгуул хийгээд 13 жил болж байна. Энэ хугацаанд хайгуул хийсний үр дүнд саяхан ураны нөөц илрүүлсэн. Түүнийгээ Монгол Улсын Засгийн газартай хамтарч ашиглахаар гэрээ байгуулах гэж байна. Гадны улс орноос ирээд 13 жил болж, ихээхэн хөрөнгө зарчихаад ашиглалтаа ч явуулж эхлээгүй л байгаа юм. Дандаа хайгуул хийн хөрөнгө мөнгө зарсан. Гэтэл одоо ийм хэмжээний эрсдэл даах үндэсний компаниуд дөнгөж соёолж эхэлж байна. Монголынхоо компаниудыг дэмжмээр байна шүү дээ.

-Байгалиа хамгаална гэсэн хууль санаачлагчдын бодлого зөв. Мөн таны хэлснээр улс орныхоо хөгжил, эдийн засгийн өсөлтийг бодож байгаа нь ч зүйтэй. Гэтэл энэ асуудлыг аль, аль талын эрх ашгийг хөндөхгүйгээр зохицуулж болохгүй гэж үү?

-Ойлголцож болох байх. Лицензээ эзэмшээд хуулийнхаа дагуу үйл ажиллагаагаа явуулж байгаа компани руу байгаль хамгаалах нэрийдлээр дайрч, давшлан хөөж явуулдаг. Хөөснийхөө дараа өөрсдөө “нинжа” хэлбэрээр ямар ч татвар төлөхгүй, хулгай хийж байгаа  үйл явц ч бий. Ингэж болохгүй л гэж хэлмээр байна.

-Хуулийн төслийн нэмэлт өөрчлөлтөд хариуцлагын тухай заалт оруулсан уу?

-Хариуцлагын тухай тусдаа зүйл, заалт байхгүй. Хариуцлагын тухайд Ашигт малтмалын тухай ерөнхий хуулиар зохицуулна. Ерөнхий хуульд өөрчлөлт оруулахаар Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ-ын төлөөлөл, салбар хариуцсан яамдаас төлөөлөл оруулж томоохон ажлын хэсэг байгуулсан. Би энэ ажлын хэсэгт ажиллаж байгаа. Тиймээс уг хуульд нөхөн сэргээлт хийгээгүй компаниудад хариуцлага тооцох тухай заалтыг нэлээд чангатгаж өгнө гэж бодож байгаа. Ер нь уул уурхайн хайгуул, олборлолт хийснээр байгаль сүйтээд байдаг юм биш. Түүнийг нөхөн сэргээж болдог юм. Зарим хүн гишгэх газаргүй боллоо гэж байгаа. Ингэж бодит амьдралд нийцэхгүй худлаа ярьж, туйлширч болохгүй шүү дээ.

-Төрийн зарим үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлж болно гэж байгаа. Тэгэхээр нөхөн сэргээлтэд нь хяналт тавих эрхийг нь тэдэнд болон орон нутгийн удирдлагуудад өгөөд явж болохгүй гэж үү. Заавал хориглож, лиценз цуцлах шаардлагатай юм уу?    

-Тэдэнд ийм эрх бий. Ард түмнээс сонгогдсон төлөөлөл, сумын Засаг дарга, Иргэдийн төлөөлөгчдийн хурал тэдний үйл ажиллагаанд хяналт тавьж байгаа шүү дээ. Уул уурхайн компани хууль зөрчлөө, нөхөн сэргээлтээ хийсэнгүй гэж хяналт тавих ёстой.

-Уул уурхайн 254 компанийн лицензийг цуцалснаар тэнд ажиллаж байгаа ажилчид хүмүүсийн хэлдэгээр “нинжа” нарын эгнээнд шилжинэ. Үүнээс болоод ажилгүйдэл газар авна шүү дээ?   

-Эдгээр компанийн ард маш олон хүн амьдралаа залгуулж байгаа. Монголчуудын язгуур эрх ашиг, орлого, амьдралын сайн сайхны төлөө гэж яриад байгаа маань үүнтэй бас холбоотой юм. Тэднийг ажилгүйдлийн эгнээ рүү шилжүүлж болохгүй. Харин ч залуусыг уул уурхайн чиглэлээр ажиллуулах хэрэгтэй. Зөвхөн Тавантолгой, Оюутолгой ажлын байрны хэрэгцээг бүрэн хангаж чадахгүй. Газар нутгаа орхиод хүн бүр Өмнөговьд очоод ажиллахгүй шүү дээ. Тийм учраас аймаг бүрт байгаа уурхайнуудын үйл ажиллагааг дэмжих хэрэгтэй. Манай улс техник, технологи хөгжсөн үйлдвэржүүлэлтийн орон биш учраас мал аж ахуй, уул уурхайн салбар л бидэнд үр өгөөжөө өгч байна. Тиймээс уул уурхайгүйгээр урагш алхах боломж бидэнд алга.

-Уг хуулийг хэлэлцэж байхдаа УИХ-ын гишүүд тухайн үед үүсч болох сөрөг үр дагаврыг олж хараагүй гэж үү?

-Маш олон хүн харж байсан. Энэ талаар ярьж байсан. УИХ-ын дарга Д.Дэмбэрэл “Хуулиа эргэн харах хэрэгтэй. Гэнэт ингэж хориглож, зогсоож болохгүй. Тодорхой цаг хугацаа өгөх нь зүйтэй” гэж хэлж байсан. Тухайн үед үүнийг сонсох сөхөөгүй, хэт дурлачихаар сохорчихдог гэдэгтэй адил хэт туйлширахаар нөгөө талыг нь олж харахаа байчихдаг юм байна. Харамсалтай нь уг хуулийг хэрэгжүүлж чадаагүй л байна. Үүнд Засгийн газар болон салбарыг нь буруутгах аргагүй юм. Хууль хэрэгжихэд маш сөрөг үр дагавартай. Монголын хэдэн жилийн төсвийг нийлүүлээд ч нөхөн олговрыг өгч чадахгүй. Чадахгүй юмаа чадахгүй, боломжгүй зүйлээ боломжгүй гэж хэлэх хэрэгтэй.

-Та уул уурхайн талаар гэнэт ярьж, хуулийн төсөл санаачиллаа. Зарим хүн таныг уурхайтай юм биш биз гэж хардаж болох юм?

-Миний ах дүү, хамаатан саданд уул уурхайн үйлдвэрлэл эрхэлдэг хүн байхгүй. Би Дорноговь аймгийг найман жил удирдан ажилласан. Дорноговь өөрөө уул уурхайн гол түшиц газар. Хүмүүс надаас асуудаг л даа, “Батсууриа, чи лиценз өгчих л дөө” гэж. Харамсалтай нь надад нэг ч лиценз байхгүй. Би хариуцлагатай байхыг хичээсэн. Энэ чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэггүй. Нэг үгээр хэлбэл, миний хувьд ашиг сонирхлын зөрчил байхгүй гэж ойлгож болно. Харин Эдийн засгийн байнгын хороонд ажиллаж уул уурхай болон дэд бүтцийн чиглэлээр Өрсөлдөөний тухай хууль, Орон сууцны тухай хууль, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхийн тулд нинжа нарыг хуультай болгосон. Тухайн үед нинжа нарыг өөгшүүллээ гэж загнуулж, доромжлуулж л байсан. Гэсэн хэдий ч нөхцөлийг нь бүрдүүлээд өгсөн. Өнөөдөр 30 мянга гаруй хүн “нинжа” хочтойгоор бичил уурхай эрхэлж байна.

-Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл санаачилсны дараа танд ямар нэгэн байдлаар дарамт ирж байна уу. Таныг уул уурхайн компаниудын лоббинд автсан гэж хардах хүмүүс бий?

-Хоёр, гурван хоногийн өмнө телевизээр хүмүүс ярьж, урвагч, хулгайч гэсэн мессеж бичсэн л байна лээ. Би уул уурхайн үйл ажиллагаа эрхэлж байгаа нэг ч гадаадын компани мэдэхгүй. Тиймээс намайг лоббинд автаж, тэдэнтэй уулздаг, авлига авсан гэж хардах хэрэггүй. Хүмүүст хардах эрх бий. Гэхдээ уучлаарай, намайг +-хардах шаардлага байхгүй л гэж хэлмээр байна.

-Ярилцсанд баярлалаа.

Ц.ЭНХЦЭЦЭГ


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж