Чилид дахин газар хөдөлж магадгүй

Хуучирсан мэдээ: 2011.02.01-нд нийтлэгдсэн

Чилид дахин газар хөдөлж магадгүй

Өнгөрсөн онд хүчтэй газар хөдөлж, 500 гаруй хүний амь нас үрэгдэж, удаа дараа далайн хүчтэй цунами үүссэн тэр бүс нутагт дахин газар хөдөлж болзошгүй гэсэн судалгааг хэсэг эрдэмтдийн баг судлан тогтоожээ.

Мэргэжилтнүүдийн хийсэн судалгаагаар өнгөрсөн оны 2 дугаар сарын 27-нд Чилийн өмнөд хэсгийн далайн гүнд газрын хоёр хэсэг хатуу гадаргуу хоорондоо хүчтэй хавиралдан мөргөлдсөний улмаас 8,8 баллын газар хөдлөлтийг үүсгэж, 1835 онд байгаль судлаач Чарльз Дарвины түүхэнд бичиж үлдээсэн аймшигт газар хөдлөлттэй эн зэрэгцсэн гамшгийг авчирсан билээ.

Nature Geoscience сэтгүүлд “Газар хөдлөлтийн цаг хугацааг урьдчилан хэлэх боломжгүй юм. Гэхдээ Чилийн Консепсьон хотын ойролцоо орших “Дарвины хоолой” хэмээн нэрлэсэн бүс нутагт 7-8 баллын хүчтэй газар хөдлөлт болох таамаглалыг эрдэмтэд тогтоогоод байгаа юм” гэжээ.

Эрдэмтдийн багийн судалгаагаар Номхон далайн гүнд байгаа газрын хатуу гадаргуу Өмнөд Америкийн доогуур жилд 6,8 см түрэн орж байгаа бөгөөд 1835 оноос хойш нийтдээ 12 м зөрж орсон байна. Ийм нөхцөл байдалд бие биенийхээ дээгүүр, доогуур зөрөн орсны улмаас асар их хэмжээний  энерги хуримтлагдаж, гэнэтийн газар хөдлөлтөөр энергээ гаргаж, газар хөдлөлтийг бий болгодог ажээ.

Консепсьон хотын хойд талаар далайн гүн дэх газар 20 м хүртэл зөрсөн тогтолцоо бий болгосны улмаас 2010 оны хүчтэй газар хөдлөлтийг бий болгосон гэж эрдэмтэд тайлбарлаж байгаа юм байна.

Эх сурвалж: REUTERS
Бэлтгэсэн Д.Пунцаг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж