С.Оюун: Бид ногоон үзлийг нэгдүгээрт тавина

Хуучирсан мэдээ: 2011.02.01-нд нийтлэгдсэн

С.Оюун: Бид ногоон үзлийг нэгдүгээрт тавина

Парламентад суудалтай сөрөг хүчин болох ИЗН, МНН хоёр нэгдэж, Иргэний зориг-Ногоон нам байгуулах гэрээг өчигдөр үзэглэлээ. Энэ үеэр МНН-ын зарим гишүүн уг үйл явцыг хүчтэй эсэргүүцэж байгаагаа илэрхийлж байв. Хоёр нам нэгдэж байгаа талаар УИХ-ын гишүүн, ИЗН-ын дарга С.Оюунаас тодруулсан юм.

-Хоёр нам ямар үзэл баримтлалын дор нэгдэж байна вэ?

-Бид байгаль орчин, экологио хамгаалах ногоон үзлийг нэгдүгээрт тавьж байгаа. Үүнийг зөвхөн ИЗН, МНН гэлтгүй ямар ч улс төрийн хүчин гол болгох ёстой. Үүний дараа ИЗН-ын либераль үзэл, төвийг сахисан байр суурийг хэвээр хадгалж үлдэх юм. Хувийн хэвшил давамгайлсан нийгмийн тогтолцоог бүрдүүлэх нь чухал. Бид үүнийг ч бас гол болгож байгаа.

-Иргэний зориг-Ногоон намд эрх баригч хоёр намын эсрэг гол сөрөг хүчин болж ажиллах нөхцөл боломж, бааз суурь байгаа юу?

-Байгаа. Бид парламентад хоёр суудалтай. Гэхдээ өнгөрсөн сонгуулиар ИЗН нийт сонгогчдын 12 хувь, МНН-Иргэний эвсэл 14 хувийн санал авсан. Үүнийг тоогоор илэрхийлбэл 200 мянга гаруй сонгогч, дэмжигчидтэй гэсэн үг. Тийм учраас суурь байгаа гэж хэлж болно. Манай сонгуулийн тогтолцоо төдийлөн оновчтой биш байгаа учраас бид сууриа бүрэн ашиглаж чадахгүй байна. Тиймээс сонгуулийн хуулийг өөрчлөхийн төлөө ажиллах болно.

-Танай намд шинэ лидер гарч ирэх үү. Тухайлбал намын дэд даргын асуудал яригдаж байгаа?

-Намд шинэ лидер гарч ирнэ. Шинэ нам бий болж, үйл ажиллагаа эрчимжиж байгаа энэ үед шинэ хүн гарч ирэхийг үгүйсгэхгүй. Гэхдээ заавал олны танил хүн байх албагүй. Намын их хурлаа энэ уриралд багтааж зохион байгуулна. Тэр үеэр дэд даргын асуудал, бүр тодорхой болох байх. Харин намын даргын тухайд гэвэл  МНН-аас нэр дэвшүүлэх эрхтэй

-Танай хоёр нам нэгдэж байгааг МНН-ын зарим гишүүн хүчтэй эсэргүүцэж байна. Тэр талаар та ямар байр суурьтай байна вэ?

-Энэ бол ардчилсан нийгэмд байдаг л зүйл. Гэхдээ олонхийн саналаа цөөнх нь дэмжиж байж ажил урагшилна.

-Иргэний зориг-Ногоон намтай өөр намууд нэгдэх үү?

-Энэ талаар одоо хэлэхэд эрт байна. Эхний ээлжинд их хурлаа зохион байгуулна. Түүний дараа дээд шүүхэд бүртгүүлнэ. Тэр хүртэл өөр намтай нэгдэх талаар ямар нэг яриа гаргахгүй. Харин түүний дараа энэ тухай ярьж болох юм.

Т.ЭЛИСА


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж