Цагаан сараар үнсэх, үнсүүлэхдээ болгоомжлоорой

Хуучирсан мэдээ: 2011.02.01-нд нийтлэгдсэн

Цагаан сараар үнсэх, үнсүүлэхдээ болгоомжлоорой

Нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчнөөр өвчлөгсдийн 82.5 хувийг 15 хүртэлх насны хүүхдүүд эзэлж байна. Ер нь өмнөх жилүүдтэй харьцуулахад энэ онд өвчлөл харь­цан­гуй нэмэгдсэн аж. Саяхан л гэхэд томуугийн А хүрээний Н1N1өвчин дахин гарч 12 хүүхэд өв­чилсөн юм. Н1N1-ийн өвчлөл уг тохиолдлоос хойш буурсангүй. Ха­рин ч 20 гаруйхан хоногийн до­тор 40 орчим хүн  болж нэмэгдсэн мэдээлэл байна. Энэ талаар Халд­варт өвчин судлалын үндэсний төвийн эмч, мэргэжилтнүүдээс тодруу­­лахад “Өвчтөнүүдийн биеийн бай­дал сайжирсан. Гэхдээ хүүхэд, залуучууд энэ өвчнөөр өвчлөх эрсдэл өн­дөр байна” хэмээн ярьж байлаа. Хоёр өдрийн өмнө улсын хэмжээнд амбу­латориор үйлчлүүлсэн нийт хүмүү­сийн 8.5 хувь нь томуу, томуу төст өвчин хэмээн оношлогдсон юм. Энэ нь долоо хоногийн өмнөхөөс 1.2 дахин буурсан үзүүлэлт боловч сар ши­нийн баяр дөхөж байгаа болохоор нэмэг­дэж магадгүй аж.

Монгол түмний уламжлалт баяр удахгүй болно. Харин ханиад томуу ихтэй энэ үед золгох ёсон маань зарим талаар өвчин тараах үндэс болчихоод байдгийг эмч нар сануулж байна. Тиймээс бая­рын өдөр болж байна хэмээн назгайралгүй бага насны хүүхдээ вакцинд хамруулахыг эцэг, эхчүүдэд зөвлөж байна. Дүүргүүдийн эрүүл мэндийн нэгдэл, болон ХӨСҮТ-д А хүрээний Н1N1өвчний эсрэг вакциныг үнэ төлбөргүйгээр хийж байгаа. Мөн томуугийн хэд хэдэн өвчлөлөөс сэргийлэх гурван цэнт вакциныг Эрүүл мэндийн сайд С.Ламбаагийн тушаалаар нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хийж байна. Мөн сар шинийн баяртай холбоотойгоор томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх зөвлөмжийг нийслэлийн Эрүүл мэндийн газраас өгч байгаа юм билээ.      

Үүнтэй холбогдуулан Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Олон нийттэй харилцах албаны дарга Ч.Уртнасангаас зарим зүйлийг тодрууллаа.

-Н1N1-ээр өнөөдрийн байдлаар хэдэн хүн өвчлөөд байна. Нэмэгдэх шинжтэй байна уу?

-Өнөөдрийн байдлаар 43 хүн өвчлөөд байна. Одоогоор хүмүүсийн биеийн байдал нэлээд сайжирсан.

-Саяхан 12 хүүхэд өвчилсөн байсан. Энэ сард өвчлөл их байна гэж ойлгож болох уу?

-Ерөөсөө энэ сарын 13-нд анхны тохиолдол бүртгэгдсэн. Тэ­гээд энэ хэдхэн хоногийн дотор 43 хүн өвчилсөн гээд лабораториор баталгаажчихлаа.  Маш хурдацтай байгаа юм л даа. Одоо цагаан сараар ч өвчлөл нэмэгдэж болзошгүй.
Тиймээс бага насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд сэргийлэх хэрэгтэй.

-Энэ өвлийн хувьд ханиад, томуу өнгөрсөн оныхоос нэлээд  өндөр байна гэсэн?

-Яг сүүлийн мэдээллээр улсын хэмжээнд 140.545 хүн амбулаториор үйлчлүүлсний 13.264 нь томуу, томуу төст өвчинтэй гэж тогтоогдлоо. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 3.2 хувиар өссөн гэсэн үг. Мөн нийслэлд 67.697 хүн амбулаториор үйлчлүүлсний 5766 нь тус өвчнөөр өвчилсөн нь тогтоогдсон. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 4.4 хувиар илүү үзүүлэлттэй байгаа.  Нийт өвчлөгсдийн 55.5 хувийг дөрөв хүртэлх насны хүүхдийн өвчлөл эзэлж байгаа бөгөөд  хүүхдийн түргэн тусламжийн дуудлагын 45.6 хувийг томуу, томуу төст өвчний дуудлага эзэлж байна.

-Цагаан сараар бүр ч нэмэгддэг байх аа?

-Нэмэгддэг. Саяхан халдварт өвчний асуудал хариуцсан эмч, мэргэжилтнүүд  уулзахад уг асууд­лаар ярьж байлаа. Эх нялхасын эрдэм шинжилгээний төвийн хүүхдийн тасгийн эрхлэгч Ш.Энхтөр энэ талаар нэлээд олон зүйл хэлж байсан юм. Түүний хэлснээр өнгөрсөн жилийн цагаан сарын шинийн гурванд Улаанбаатар хотын дүүргийн эмнэлэг болон ЭНЭШТ өвчтөнөөр дүүрсэн гэсэн. Ер нь ч тийм л болчихдог болсон л доо. Яагаад гэхээр хүмүүс цагаан сарын шинийн нэгнээс гуравны хооронд айл хэсч өвчний вирустэй халбага сэрээ хэрэглэж, даарч ханиад томуу аваад, халуураад эмнэлэгийн дуудлага ихэсдэг шүү дээ.

-Тэгвэл баярын өдрүүдэд томуу, томуу төст өвчнөөс хэрхэн сэргийлэх вэ?

-Дээр хэлсэн хүүхэд, залуучууд томуу, томуу төст өвчин, Н1N1-ээр өвчлөх эрсдэл их байна. Тиймээс хүүхэд багачуудыг гадуур сэлгүүцүүлэхгүй, айл хэсч байна гээд дагуулаад, дааруулаад байхаа зогсоох хэрэгтэй байна. Бас өвчний шинж тэмдэг илэрсэн үед аль болох гэртээ өрхийн эмчээ дуудаж үзүүлэх, идээ ундаагаа тохируулж хэрэглэх нь чухал байна. Гол нь сар шинийн уламжлалт золголтоо хийхдээ үнсэх, үнсүүлэх, гар барихдаа болгоомжтой байж, болж өгвөл амар мэндээ асуух, гараа зөрүүлэх, бөхийж хүндэтгэл үзүүлдэг хэлбэрийг эрхэмлэмээр байна.

Т.Есөн-Эрдэнэ


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж