Хуучирсан мэдээ: 2011.02.01-нд нийтлэгдсэн

Дарга эмэгтэй

Сүүлийн
хэд хэдэн парламентын сонгуулиар “торолгүй” гарч ирсэн ганц эмэгтэй бол
С.Оюун гишүүн. Уг нь Т.Ганди түүний урд гишгэж, хамгийн  олон удаа
УИХ-ын гишүүнээр сонгогдсон эмэгтэй гэсэн үзүүлэлтийг эзэгнэж  байв.
Даанч өнгөрсөн сонгуульд тэр өрсөлдөөнөөс гарсан учир С.Оюун жагсаалтын
эхэнд гарсан юм. Өнөөг хүртэл сөрөг хүчний эгнээнд зогссон ИЗН-ын дарга
тэрбээр энэ хугацаанд үзэл бодлын хувьд хэнтэй ч цэц булаалдаж дөнгөхөөр
хат суусан гэхэд болно. Намын даргаар ажилласан цор ганц эмэгтэй гэвэл
бас л тэр байна. Талийгаач ахынх нь нэр хүнд түүнийг улс төрд авчирсан
гэх дүгнэлт бас байдаг. Сүүлийн хэдэн жилийг эс тооцвол уг нь улс төрийн
идэвхтэй, ялангуяа сөрөг хүчний буюу жижиг намуудын төлөөллийг
парламентад чадлынхаа хэрээр хүчтэй байлгах гэж тэр хичээсэн нь үнэн.
Энэ ч үүднээс өнгөрсөн хугацаанд Ардчилсан на­маас эхлээд
Б.Жаргалсайханы БНН, Б.Эрдэнэбатын МАШСН гээд жижиг намуудтай бүгдтэй нь
“дэр нэгтгэсэн” юм. Гэвч иймэрхүү эвсэл, нэгдэл нь төдийлөн урт настай
байгаагүй. Ер нь энэ үзүүлэлтийг нь эрэмбэлбэл тэр бусдыг ардаа орхих
байх. Хамгийн сүүлд гэхэд хаашаа юм, ямар ч гэсэн өчигдөр Ногоон намтай
нэгдэх гэрээнд тэр намаа төлөөлж гарын үсэг зурлаа. “Хэр удахыг нь
харъя” гэж залуу хосын хуриманд уригдсан нэг халамцуу эр “ерөөгөөд”
хөөгдсөн гэдэг шиг тэдний энэ удаагийн нэгдэл хэдий хугацаанд
үргэлжлэхийг харж л байя. Харин С.Оюуны  хувийн амьдрал нь тэгш, сайхан
яваа билээ. Насны хувьд нэлээд хожуу үрийн зулай үнэрлэсэн түүнтэй улс
төрөөс гадна ээмэг, бөгж, пудр, брэндийн хувцас яривал мөрөө хавчиж
мэднэ. Харин каратэ, бие хамгаалах урлагийн талаарх сэдэв эхлүүлбэл “ам
нь халах” байх. Товчхондоо Оросын “Ийм нэгэн явдал” киноны гол дүр болох
дарга эмэгтэйн төрх түүний гадаад имижийг санагдуулдаг гэхэд хэтрүүлсэн
болохгүй биз ээ.  

Н.МӨНХТӨВШИН


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж