Торрес “Улаанууд”-ын торыг хөдөлгөж чадсангүй

Хуучирсан мэдээ: 2011.02.07-нд нийтлэгдсэн

Торрес “Улаанууд”-ын торыг хөдөлгөж чадсангүй

Английн хөлбөмбөгийн түүхэнд рекорд үнээр “Ливерпуль”-иэс “Челси”-д ирсэн Фернандо Торрес өчигдөр “Цэнхэр” өмсгөлтэйгээр анхны тоглолтоо хуучин баг Мерсисайдын “Улаанууд”-ын эсрэг хийлээ. Стэмфорд Бриж цэнгэлдэхэд болсон тус тоглолтод “Ливерпуль” 1:0 харьцаатай хожиж, шинэ дасгалжуулагч Кенни Далглишийн удирдлага дор улам бүр сайжирч буйгаа нотлох шиг болов. 50 сая фунт стерлингээр ОХУ-ын тэрбумтан Роман Абрамовичийн багт ирсэн Испанийн “Алтан жаал” хочит Фернандо Торрес хачирхалтай гэмээр хувь зохиолоор “Цэнхрүүд”-ийн бүрэлдэхүүнд анхны тоглолтоо “Ливерпуль”-ийн эсрэг хийлээ. Хуучин багийнхаа үнэнч фанатуудын сэтгэлийг гонсойлгон байж, Стэмфорд Брижид ирсэн тэрбээр Английн төдийгүй Европын тавцанд өвлийн солилцооны гол дуулианы эзэн болсон билээ.

“Цэнхрүүд”-ийн босс Карло Анчелотти шинэ цэрэг Фернандо Торресийг Дидье Дрогба, Николья Анелка нарын хамтаар довтолгооны шугамд гурвалсан хүчин бий болгосон ч өрсөлдөгч багийнхаа хаалганы торыг хөдөлгөж чадсангүй. Дебут тоглолтоо хийсэн Торрест хоёр ч удаа гоолын боломж тохиосон ч “Челси”-гийн нэр дээр анхны гоолоо бүртгүүлж чадаагүй юм. Улмаар тоглолтын хоёрдугаар хагаст сэлгээний суудалд шилжсэн.

Премьер лигийн 25 дугаар тойргийн хүрээнд учраа таарсан “Ливерпуль”, “Челси”-гийн сонгодог тулааны хувь заяаг шийдсэн цорын ганц гоолыг 68 дахь минутад Стивен Жеррардын дамжуулалтаар Мейрелиш оруулсан. Тэрбээр ийнхүү сүүлийн таван тоглолтод дөрөв дэх гоолоо оруулсан бөгөөд “Улаанууд”-ын хувьд дараалсан дөрөв дэх ялалтаа авч, өдгөө 38 оноотой хүснэгтийн зургадугаар байрт бичигдэж байна. Тэд өнгөрсөн дөрвөн тоглолтод хаалгандаа ганц ч гоол алдаагүй нь уналтад ороод байсан тэдний хувьд том амжилт гэлтэй.

Харин улирлын долоо дахь ялагдлаа амссан Лондонгийн угсаатнууд 44 оноотой, онооны зөрүүгээр “Тоттенхэм”-ийн дээр дөрөвдүгээр байрт жагсч байна.

Премьер лигийн 25-р тойргийн тоглолтын дүн:

“Стоук Сити” 3:2 “Сандерлэнд”
“Астон Вилла” 2:2 “Фулхэм”
“Эвертон” 2:3 “Блэкпуль”
“Манчестер Сити” 3:0 “Уэст Бром”
“Ньюкасл” 4:4 “Арсенал”
“Тоттенхэм” 2:1 “Болтон”
“Уиган Атлетик” 4:3 “Блэкбурн”
“Вулвес” 2:1 “МанЮ”
“Уэстхэм” 0:1 “Бирмингхэм”
“Челси” 0:1 “Ливерпуль”

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж