Хуучирсан мэдээ: 2011.02.08-нд нийтлэгдсэн

Их хотын хөдөөх имиж

Сар шинийн баяр өндөрлөв. Шинийн гурав хоногийн амралт л дуусч, ажил эхэлсэн болохоос биш, цаашаа хэдэн хүртэл золгож, найрлах нь хувь хүний эрх чөлөө, айл гэрийн бэл бэнчингийн хэрэг болсон билээ.

Энэ жилийн хувьд шинийн 1-ний өдөр хоёронтоо давхацсан нь бүр ч далим болж, айл гэр, ах дүүсийн золголт хүртэл назгайраад, уужуу тайвуу, өнөр өтгөн сайхан золгож байна. Шинийн гурав хоногийн турш айлаас айлд, ширээнээс ширээнд залагдсаар, шахуулсаар ходоод нь хямарсан нөхдүүд өчигдөр ажилдаа ирцгээсэн биз дээ. Тиймээс нэг зүйлийг хэлмээр, сануулмаар санагдаад байна аа.

Монголчууд сүүлийн 100 жил сүрхий хотжиж, суурьшихдаа энд тэндхийн их олон баяр наадмыг өөрийн болгон нутагшуулж, өнгө өнгөөр цэнгэдэг болсон билээ. Саяхан болж өнгөрсөн шинэ жил, удахгүй болох Валентины өдөр, Мартын 8, Цэргийн баяр, Хүүхдийн буюу Эх үрсийн баяр, саяхнаас шинээр тэмдэглэх болсон Аавуудын өдөр гээд. Баяр болгон өөр өөрийн гэх өнгө төрх, онцлог зүйлтэй. Тэр нь жилээс жилд өөрчлөгдөж, хөгжиж дэвжиж байгаа. Харин ганц уламжлалт баяр болох Цагаан сар маань л шоодогдоод, бахь байдгаараа үлдчихээ юу гэх харамсал төрөх боллоо. Тэр ч байтугай аль сайн сайхан бүхэн нь гээгдэж мартагдаад, зөвхөн айл хэсч архи уудаг, ах дүүсээрээ жилдээ ганц золгодог уламжлал тогтсон байна.

Шинийн 1-ний ТМ телевизээр нэгэн сонирхолтой нэрвтрүүлэг гарав. Монголд сурч буй гадаад оюутнуудын дунд “Цагаан сарын ёс заншлыг хэн сайн мэдэх вэ” гэсэн уралдаант нэвтрүүлэг явуулав. Шинийн 1-ний өглөө монголчууд ямар тоглоом тоглодог вэ гэсэн асуултад Монголд сурч байгаа гадаад оюутнууд “Хорол тоглодог” гэж хариулж байхад харин хөтлөгч бүсгүй өөрөө “Яст мэлхий ч бас тоглодог” гээд зогсч байх жишээтэй. Алаг мэлхий гэх гээд хэл нь халтирав бололтой. Гэтэл өнөөдөр Монголд хорол тоглодог айл битгий хэл, хорол гэдэг тоглоом бий эсэхийг мэдэхгүй юм. Бүр багадаа хааяхан тоглосон санагдана. Харин Алаг мэлхий өрж, шагай нясалдаг айл бол мэр сэр байдаг байх. Тэгээд мөсөн дээрх шагай, хүрээнийхний тоглож, зугаацаж байсан өч төчнөөн сайхан тоглоом найдам ор тас мартагдсан байна. Хааяахан телевизийн шоу энэ тэрээс олж хараад “Хаана ингэж тоглодог юм бол” гэж санаашрах төдий.

Шинийн 1-ний орой Хятадын телевизээр нэвтрүүлсэн Бээжингийн Цагаан сарыг харлаа. Гудамжиндаа час улаан дэнлүүнүүд өлгөж, ард олон бүгд гудамжиндаа гаран бүх нийтийг хамарсан том шоу цэнгүүн хийж байна. Хятадын бэлэг тэмдэг болсон багт бүжиг, үндэсний хоол, дуу хуур… Харин манайхан шинийн 1-ний өглөө нөгөө том бандгар жийпүүдээрээ шахцалдан, замын түгжрэл үүсгэн байж Хийморийн овоонд гарч, Ганданг нэг тойрч гороолоод гүйцээ. Үлдсэн гурав хоногийг нөгөө хар захаас 200 мянгаар авсан том ууцныхаа ард бууз, архи сөгнөж, бэлгэ солилцож өнгөрөөдөг. Шинэ зүйл нэгээхэн ч үгүй, их Нацагдоржийн наян жилийн өмнө хүүрнэсэн “Хуучин хүү”-гийн үлгэр яг хэвээрээ. Үздэг, хардаг ганц зүйл нь телевиз. Ядаж телевизийн хорин хэдэн сувгаар нэвтрүүлж байгаа нэвтрүүлгүүд нь ч нэгэн хэвийн. АДБЧ, нийтийн хэдэн дуучдын тоглолт, компаниудын мэндчилгээгээр бүтэн гурав хоног нүдүүлсэн залуус дундуур нь Америкийн сагсан бөмбөгийн лигийг хальт харсандаа олзуурхах жишээтэй. Гараад явья газар үгүй, бүх үзвэр үйлчилгээний газрууд хаалттай. Их хотын хөл хөдөлгөөн, шөнийн амьдрал ч тэр чигээрээ зогсож, ёстой л нөгөө “хөмөрсөн тогоонд” орчихсон мэт. Цагаан сар маань социализмын үед “Малчдын цагаан сар” хэмээн адлагдаж, нууцаар тэмдэглэдэг байснаас дээрдсэн зүйл нэгээхэн ч үгүй.

Баяр баярын дээд гэж, орж буй оны өнгө хэмээн билэгддэг  Цагаан сараа ийнхүү шоовдорлож, тийнхүү оромдох нь сайны ёр лав биш ээ. Тэмдэглэвэл тэмдэглэсэн шиг тэмдэглэж, ядахдаа нэг үзэж харах зүйл, явах суух газартай болох нь хэзээ юм бол. Шинэ жил, Мартын 8, Валентины баярыг учиргүй хөл болон зохион байгуулж, тэр ч хэрээрээ ашиг орлого олдог том компаниуд, хотын захиргаад Цагаан сардаа бага ч болов “хөрөнгө оруулж”, нийслэлчүүд нийтээрээ очоод тоглож наадах, зугаацаж цэнгэх газартай, хийдэг ажил, үйлддэг заншилтай болбол яасан юм бэ. Мөсний шагай, хорол тоглох, алаг мэлхий өрөхийг зөвхөн телеюизийн шоунаас л хардаг байх гэж үү. Бөх нь хүртэл битүүнийхээ өдөр барилдаад дуусчихна. Хаа очиж сүүлийн үест монголчууд нийтээрээ үндэснийхээ дээл хувцсыг өмсч заншаад, өнгө донжоороо уралдах болсон ч үнэ цохиж, хөдөлмөр зарж хийсэн тэр сайхан гоёлынхоо хэргийг ч хаанаа гаргах. Үсрээд айлын тавагны тос арчихаас хэтрэхгүй байна шүү дээ.

Хэрвээ Цагаан сараар “Шинийн 1-ний өглөө Үйлдвэрчний соёлын ордонд Үндэсний шагайн харваатай, Үдээс хойш Туулын тохойд мөсний шагай, Шинийн 2-нд СТӨ-нд хүрээ дууны наадам, Орой хотын төв талбайд бүжгийн цэнгүүнтэй…” хэмээн зарлаж, нийслэлчүүд нийтээрээ тийшээ очдог байсан бол…

Б.СЭМҮҮН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж