“Ав-атар” хоёр дахь хожлоо авлаа

Хуучирсан мэдээ: 2011.02.08-нд нийтлэгдсэн

“Ав-атар” хоёр дахь хожлоо авлаа

Монголын сагсан бөмбөгийн холбооны Nissan премьер лигийн нэгдүгээр тойргийн тоглолтууд Спортын төв ордонд үргэлжилж байна. Хуваарь ёсоор өчигдөр СТО-ны А зааланд гурван тоглолт болсноос лигийн тэмцээнд шинээр оролцож буй ШШГЕГ-ын “Офицерууд” болон “Милл Хаус” компанийн “Ав-атар” багуудын олны анхаарлыг ихээр татаж байлаа.  
Өчигдрийн эхний тоглолт нь Nissan премьер лигийн I тойргийн зургаа дахь тоглолт байсан ба “Энержи Ресурс”-ын “Харцага” болон “TLG 13” багуудын хооронд болсон юм. Тоглолтын эхний хагас тэр чигтээ хамгаалалтан дор явагдсан гэхэд болно. Багуудын аль аль нь оноо тун бага авч, эхний хагаст 32:26 харьцаатай “Харцага” илүүрхсэн. Хоёрдугаар үе эхлэхэд “Харцага”-ын шилдэг төвийн тоглогч Б.Одбаяр тун хангалтгүй тоглолт гаргаж байсан хэдий ч довтлогч Ц.Мэргэн гайхалтай байж оноо түүж байсан. Харин “TLG 13”-аас Б.Дархантөгс багийн тамирчдаа манлайлж, 20 оноо авсан юм.  Шийдвэрлэх хагаст  “Харцага”-аас хамгаалагч Б.Нэмэхбаяр, залуу тоглогч Б.Дорждамба нарын алдаа тав болсноор тоглолтыг орхисон бол “TLG 13”-ын төвийн тоглогч Э.Цэрэнбаатар, А.Гансүх, багийн лидэр Б.Дархантөгс нар мөн таван алдаа гаргаж, тоглолтыг орхижээ. Ингээд тоглолтын төгсгөлд 61:60 харьцаатай “Харцага” хожил авсан юм. Энэ багаас довтлогч Ц.Мэргэн 20 оноо, 8 самбар, 4 бөмбөг таслалтаар багаа тэргүүлсэн байна.
Өчигдрийн хоёр дахь тоглолт лигийн гурван удаагийн аварга “Хасын хүлгүүд” болон ШУТИС-ийн “Акулууд” багуудын тоглолт байсан. Энэ тоглолт эхнээсээ л “Хүлгүүд”-ын давамгайлал дор үргэлжилсэн юм. Довтлогч О.Ууганбаяр, П.Болортулга нарын ээлж дараалсан довтолгоонууд оноо болж байснаар үндсэн цагт 92:67 харьцаатай “Хасын хүлгүүд” ялалт байгуулжээ. “Хасын хүлгүүд” багаас О.Ууганбаяр сайн байж, 38 оноо авсан нь өчигдрийн хамгийн өндөр оноо байлаа. Харин “Акулууд”-аас довтлогч Ц.Ганболд 25 оноо авсан байна.
Харин сүүлийн тоглолт “Офицерууд” болон “Ав-атар” багуудын тоглолт байсан юм. Ордон дүүрэн үзэгчтэй эхэлсэн энэ тоглолт цаг хагасын туршид үзэгчдийг уйдаагаагүй юм. “Ав-атар” багийн төвийн тоглогч  Лэкс тоглолтыг тун ширүүн эхлүүлсэн. Түүний будагтай талбайгаас хийсэн довтолгоонууд ээлж дараалан амжилттай болж байснаар багтаа тэргүүлэл авчирсан юм. Ингэснээр тоглолтын эхний хагас 49:36 харьцаатайгаар өндөрлөсөн байна. Тоглолтод “Ав-атар” багийн лигионер Кимарли Вильяамс хөнгөн бэртлийн улмаас оролцоогүй ч Кларенс Жеффри гайхалтай тоглолт үзүүлж байлаа.  Тэрбээр энэ тоглолтод 13 оноо авсан байна. Харин тоглолтын сүүлийн хагаст “Офицерууд”-ын  довтолгоон илт ширүүсч эхэлсэн. Холбон тоглогч С.Батбямба, туршлагатай хамгаалагч А.Од нар үр дүнтэй тоглолтын гаргаж байсан юм.  А.Одын хувьд энэ тоглолтод сэлгээнээс тоглож,  33 оноо авч багаа тэргүүлсэн юм. Гэсэн хэдий ч түүний энэ оноо багтаа ялалт авчрахад хангалттай байсангүй, 90:80 харьцаагаар “Ав-атар” хожиж, лигийн хоёр дахь хожлоо авсан байна.
Nissan премьер лигийн дараагийн тоглолтууд лхагва гаригт 17.00 цагаас Спортын төв ордонд эхлэх бөгөөд эхний тоглолт “Баянзүрх Буллз” – “TLG 13” багуудын хороонд, дараа нь “Ирвэсүүд”, “Харцага”-тай, харин сүүлийн тоглолт “Акулууд” болон “Ав-атар” багуудын хооронд болно.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж