1.5 сая ам.долларын хөрөнгө зарцуулжээ

Хуучирсан мэдээ: 2011.02.09-нд нийтлэгдсэн

1.5 сая ам.долларын хөрөнгө зарцуулжээ

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өчигдөр хуралдаж, Газрын тосны хайгуул, олборлолтын байдлын талаар Газрын тосны газрын дарга Ж.Амарсайханы мэдээллийг сонслоо.  Мэдээлэлд танилцуулснаар  газрын тосны хайгуулын 25 талбай ялгаснаас 2011 оны  хоёрдугаар сарын байдлаар 18 талбайд бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулжээ. Бүтээгдхүүн хуваах гэрээ байгуулсан 18 талбайд гадаад дотоодын 13 компани газрын тостой холбоотой үйл ажиллагаа явуулж байгаагаас 33 хувь нь  Монгол Улсын, 39 хувь нь БНХАУ-ын, үлдсэн 28 хувь нь бусад орны харъяалалтай байна. Бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ хэрэгжиж эхэлсэн 1993 оноос өнөөдрийг хүртэл газрын тосны хайгуулын ажилд 1.5 сая ам.долларын  хөрөнгө оруулалт хийгдэж,  тодорхой газруудад хайгуул хийсний үр дүнд газрын тосны 813 цооног өрөмдөж, туршилт үйлчилгээний ажлууд хийгджээ. Түүнчлэн 1998 оноос туршилтын олборлолт явуулж эхэлсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд нийт 1 сая  тонн газрын тос олборлон, 975,6 мянган тонн бүтээгдхүүнийг БНХАУ-д экспортлож, түүхий тосны борлуулалт болон бусад орлогоос 144.1 тэрбум төгрөг улсын төсөвт оруулжээ. Үүнээс 2010 онд 295,1 мянган тонныг экспортолж, түүхий газрын тосны борлуулалтын болон бусад орлогоос 57,2 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлсэн байна.

Петрочайна Дачин Тамсаг ХХК-ийн Тосон-Уул XXI талбайн газрын тосны нөөцийн тайланг 2010 онд Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцэн, газрын тосны баталгаат  зэрэглэлийн нөөцийг 119,02 сая тонноор Монгол Улсын ашигт малтмалын нөөцийн нэгдсэн санд хүлээж авчээ. 2009-2029 онд Тосон-Уул XXI талбайгаас урьдчилсан байдлаар 12,6 сая тонн тос олборлож, түүхий тосны борлуулалтын орлогоос Монгол Улсын Засгийн газарт 1,6 тэрбум ам.доллар ногдох тооцоо гарсан байна.

Сүүлийн жилүүдэд Тамсаг, Дорноговийн сав газруудад явуулж буй газрын тосны хайгуул, олборлолтын ажил эрчимжсэний үр дүнд түүхий тосны жилийн олборлолт, экспортын хэмжээ жил бүр өсөн нэмэгдэж, 2010 онд олборлолт 2,2 баррель буюу 294,2 мянган тоннд хүрсэн нь 2008 оныхтой харьцуулахад 1,8 дахин нэмэгдсэн юм байна.

Мэдээллийг сонссоны дараа УИХ-ын гишүүн П.Алтангэрэл Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл бүтэн хоёр жил яригдаж байгаа ч  одоо болтол өргөн баригдсангүй гэлээ. Харин Газрын тосны дарга “Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барих бэлтгэл ажил үндсэндээ хангагдсан”  гэлээ.

Манай улсын газрын тосны хэрэгцээ 100 хувь импортоос хамааралтай байдаг бөгөөд 2008 онд 884,1 мянган тн, 2009 онд 779,6 мянган тн, 2010 онд 886,4 мянган тн газрын тосны бүтээгдэхүүн тус тус импортоор авчээ. 2010 оны байдлаар газрын тосны бүтээгдэхүүний нийт импортын 98,2 хувийг ОХУ-аас, нэг хувийг БНХАУ-аас, 0,6 хувийг БНСУ-аас тус тус импортолсон байна.

 Цаашид манай улсын эдийн засаг, уул уурхай, үйлдвэрлэлийн сэргэлтийн байдлаас шалтгаалан, газрын тосны бүтээгдхүүний хэрэглээ 2015 он гэхэд жилд ойролцоогоор 1200,0 мянган тонн болж нэмэгдэх төлөвтэй аж.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж