Ерөнхий сайд иргэний нийгмийнхэнтэй уулзана

2011 оны 2 сарын 10

Монгол Улсын Ерөнхий сайд иргэний нийгмийн төлөөллүүдийг хүлээн авч уулзахаар төлөвлөжээ. Энэ ажлын хүрээнд УИХ-ын гишүүн Д.Оюунхорол өчигдөр Иргэний нийгэм, ТББ-ын төлөөллүүдтэй уулзаж төрийн чиг үүргийг гүйцэтгэх талаар иргэний нийгмийн байгууллага буюу ТББ-ын төлөөлөлтэй хамтран ажиллах тухай ярилцаж санал сонслоо. Төрийн зохих чиг үүргийг иргэний нийгмийн байгууллагад хариуцуулах нь иргэний нийгмийн байгууллагын хяналт төрийн тодорхой салбарт тогтох сайн талтай гэдэгт иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл санал нэгтэй байгаа гэдгээ мэдэгдэж байсан. Гэвч энэ асуудлыг ажил хэрэг болгохын тулд эрх зүйн орчинг боловсронгуй болгох хэрэгтэй гэж УИХ-ын гишүүн Д.Оюунхорол хэлсэн. Засгийн газраас ТББ-ын төлөөлөлтэй хамтран ажиллахдаа төрийн бус байгууллагуудын хариуцлагыг нэмэгдүүлэх үүднээс магадлан итгэмжлэх, аудитын шалгалт оруулдаг байх хэрэгтэй гэж үзэж байгаа гэдгээ УИХ-ын гишүүн Д.Оюунхорол мэдэгдсэн. Харин “Онги” гол ТББ-ын тэргүүн Ц.Мөнхбаяр хэрэв төрийн чиг үүргийг гүйцэтгэх ажлыг хэдийгээр ТББ-ууд гүйцэтгэх нь хөндлөнгийн хяналт нэмэгдэх сайн талтай байж болох юм. Гэвч төр өөрөө ТББ-т шалгалт хийх нь буруу гэж байсан юм. Уулзалтад оролцсон зарим хүмүүсийн байр суурийг хүргэе.

 “МЧАХ”-ны тэргүүн Г.Баасан: Бид Засгийн газар солигдох болгонд энд олон удаа уулзлаа. Энд уулзаад шүүмжлээд суух нь гол биш, харин бодит ажил хэрэг болгох хэрэгтэй байна. Бид энд ярьсан зүйл гарлаа гэхэд маргааш мартагдана. Төрийн зүгээс бидний үйл хөдлөлийг шүүмжлэх ажилд хийнэ үү гэхээс биш боломж олгохгүй байна. Иргэний нийгмийн төлөөллөөс төрийн ажилд хөндлөнгөөс орууллаа гээд иргэний хөдөлгөөнүүд төрийн хайр халамж хүртээд суух ёсгүй. Хэрэв төрийн хайр халамж хүртэх юм бол төрд хяналт тавих биш нууцаар мөнгө авдаг хулгайч болж хувирна. Бид тийм хулгайч болж хувирмааргүй байна гэв.
“Иргэний шударга шүүх”-ийн тэргүүн Х.Бат-Ялалт: Бид ямар нэг шийдэж чадахгүй асуудал гарвал хууль руу хамаг буруугаа чихээд байна. Төрийн албан хаагч, төрийн байгууллагын халдлагаас иргэдээ хамгаалдаг байх хэрэгтэй байна. Өнөөдөр хүртэл хэн нэгэнд хилсээр ял тулгах явдал оршсоор байна. Мөн газрын алба гэхэд л иргэдэд газар олгохдоо хүнд суртал гаргадаг, хүний эрх зөрчдөг явдал байсаар байна гэж мэдэгдсэн.

Харин “Монголын махны холбоо”-ны тэргүүн Л.Ганпүрэвийн хэлж байгаагаар тус холбоо нь гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулах сонирхолтой байгаа аж. Гэтэл Монгол Улсын MNS нь БНХАУ, ОХУ гэсэн хоёр хөршдөө гологдож байна. Тэгэхээр мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллах хэрэгтэй байгаа талаар дурдсан.

УИХ-ын гишүүн асан Х.Хулан: “Төрийн чиг үүрэг” гэдэг нэрийг хүлээн зөвшөөрөхгүй. Ямар чиг үүргээ хэлээд байгаа нь бүрхэг байна. иргэний нийгмийн байгууллага нь 20 жилийн түүхтэй байгууллага. Тэгэхээр энэ байгууллагад ямар ажил хариуцуулах гээд байгаа нь тодорхой бус байна. Гэхдээ иргэний нийгмийн мэргэшсэн байгууллагаар төрийн чиг үүргийг гүйцэтгүүлэх ёстой. Гэвч Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй ТББ-д тунгалаг бус байна.  Төрөөс зохих санхүүжилт хийлээ гэхэд ил тод, шударга байж чадах нь эргэлзээтэй. Төсвийн мөнгө хяналтгүйгээр  үр дүнгүй урсана гэхээр харамсалтай. Санхүүжилт хэлбэрээр олгосон мөнгө хаашаа орж юунд зарцуулагдах нь бүрхэг. Өнөөдөр энэ уулзалтад хүрэлцэн ирсэн хүмүүсээс Х.Бат-Ялалт бид хоёр үнэндээ бол илүү байна гэсэн юм.

Харин “Иргэний Алъянс” төвийн тэргүүн Ж.Занаа иргэний нийгмийн байгууллагыг Монголд итгэмжилдэг байх нь зүйтэй. Гадаадаас орж ирж байгаа төслийн мөнгийг тухайн ТББ-ын  удирдах зөвлөлийн гишүүд нь хувааж авж ашиг олдог газрууд бишгүй л байна. Тэгэхээр энэ явдлыг таслан зогсоох шаардлагатай, төрийн чиг үүргийг иргэний нийгмийн байгууллагаар гүйцэтгүүлье гэвэл иргэний нийгмийн байгууллага өөрөө ил тод байх нь чухал гэж үзэж байгаагаа хэлсэн.

Энэ талаар “Онги” голын тэргүүн Ц.Мөнхбаяр Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа төрийн бус байгууллагууд гадаадын хандивлагч нэртэй тагнуул туршуулын байгууллагын бай болсон. Өгч байгаа хэдэн төгрөгийг нь аваад судалгаа нэрээр хамаг мэдээллээ чөлөөтэй тарааж байна гэж шүүмжилсэн юм.

Б.Алтансүх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна