“Чонон сүлд” роман борлуулалтаараа тэргүүлсээр

2011 оны 2 сарын 10

“Интер ном” номын их дэлгүүртэй хамтран өнгөрсөн долоо хоногийн bestseller номуудыг танилцуулж байна. Сүүлийн хэдэн долоо хоног уран зохиолын  bestseller-т Хятадын 2005 оны хамгийн шилдэг зохиолоор шалгарч, дэлхийн 31 оронд орчуулагдан гарсан “Чонон сүлд” роман тэргүүлсээр байна.  “Үзэмж төгөлдөр, эрх чөлөөт байдлаа хадгалсаар байгаа Монгол Улсын их тал нутагт энэ номыг зориулав” гэж номынхоо өмнөх үгэнд дурдсан зохиолч Зян Рун эл бүтээлээ монгол уншигчдын дунд хамгийн их гүйлгээтэй байгаа юм. Бусад оронд “Чонон тотем” нэрээрээ алдаршсан энэ номыг монгол хэлнээ орчуулагч  Д.Болдбаатар орчуулан уншигчдын хүртээл болгосон билээ. Харин Уран зохиолын бус bestseller-ыг  Цастын орны эртний бөгөөд өнөөгийн Бурханы шашны уламжлалт билгүүн ухааны хосгүй нэгэн хослол болсон Буддизмын агуу багш нарын нэг болсон гэвш Майкл Роачын “Очир огтлогч” ном дахин тэргүүлжээ. Ингээд “Интер ном” номын их дэлгүүрийн өнгөрсөн долоо хоногийн bestseller-ийг танилцуулж байна.
 
УРАН ЗОХИОЛЫН БУС БЕСТСЕЛЛЕР
 
1. Очир огтлогч  Зохиогч: Гэвш Майкл Роач Орчуулсан: Э.Нямсүрэн.

Цастын орны өнө эртний болоод өнөө үеийн Бурхны шашны уламжлалт билгүүн ухааны хосгүй нэгэн хослол болсон “Очир огтлогч” бээр таны амьдрал ажил хоёрт амжилт авчрах залхуйн ухааныг танд өгч байна. Өнөөгийн Буддизмын агуу багш нарын нэг болсон гэвш Майкл Роач “Очир огтлогч”-ийг гурав давхарлаад танд өгөөмөр сэтгэлээр өргөн барьж байгаа юм.


 
 2. Эртний Түвдийн залуужуулах нууц жор Эрхлэн гаргасан: “Амжилтын хөтөч”төрийн бус байгууллага.

Эл номонд Түвдийн ард түмний, тэр дундаа буддын сүм хийдийн лам нарын хийдэг иогийн гайхамшигт дасгалуудын төгс хослолыг өнөөгийн бид хийж сурснаар нас залуу, бие эрүүл, урт удаан наслах боломжтой тухай энэ номонд өгүүлсэн байдаг. Эдгээр дасгал, зөвлөмжүүдийг дагаж мөрдсөөр хүн 20,30 насаар залуужсан тухай эндээс та олж уншина.

 
 
3. Монгол их хатдын нууц  Зохиогч: Жак Уэтерфорд Орчуулсан: А.Мөнгөнзул, С.Соёлжин.

“Монгол хатдын түүх бол өнөөгийн улс гүрнүүдийн эх үүслийн нууц далд түүх юм” хэмээн нэн зоримог, шинэ сэргэг сонирхолтой дүгнэлт хийгээд үүнийгээ олон баримт, үйл явдлын учир холбогдлоор задлан тайлбарласан байна. “Чингис” хааны охид байгаагүйсэн бол монголын эзэнт гүрэн өнө удаанаар оршин тогтнож чадахгүй байсан” түүхийн нарийн эмзэг нууцыг бидний өмнө нээсэн энэхүү ном домогт их хатдын яруу алдарт амьдралын тухай гэрэл гэгээт хуудсууд нь монгол бүсгүйчүүдэд зориулсан үгэн хөшөө болжээ. Монголын аугаа их Хатад амьдралынхаа турш гэр бүл, үндэс угсаагаа хамгаалж иржээ. Чингис хаан төр улсыг үндэслэн байгуулсан бол хатад эмэгтэйчүүд түүнийг амьдруулсан юм. Тэр хатад цаг хугацаа, сэтгэл оюунаа Хаан эцгийнхээ адилаар гүрэн улсаа байгуулахад зориулсан юм.

 
4. Монголын нууц товчоо          
"
Монгол үндэстний анхны түүхт дурсгалын зохиол бол Монголын нууц товчоо гэдэг зохиол мөн. Нууц товчоог олон үндэстний эртний уран зохиолын нэрт дурсгалын бичгүүдтэй зэрэгцүүлэн тавьж жишээлэн хэлэлцэж болно. Энэ зохиол бол Монголын түүхийн хосгүй баримт болохоос гадна монгол ардын оюуны чадварыг гэрчилсэн гайхамшигт уран зохиол мөн. 



 
5. Өглөөний хүн  Орчуулагч: Б.Энх-амгалан. 

Өглөө эрт босох нь мянган лантай тэнцэж, харин шөнө оройн цагаар сэрүүн байх нь зуун лантай тэнцэнэ. Эрт унтаж эрт босвол өвчин гэдгийг мартана. Өглөөний хэмнэлээ өөрчлөх төдийд л...таны амьдрал гайхамшигтайгаар хувирах болно. Ном хүний амьд­ралыг өөрчилж чадах увдистай бол таны өмнө дэлгэсэн энэхүү ном тэдгээрийн нэг нь байх болно гэдэг нь гарцаагүй хэмээн амлаж олон хүний ширээний ном болсон юм. 

Цаг хугацааны боол байсан эмгэнэлт хувь тавилангаасаа ангижирч амьдралаа жолоодогч “Өглөөний хүн” болох 100 өдрийн хувьсгал! Өглөөний хэмнэлээ өөрчлөх төдийд л… таны амьдралыг өөрчилж чадах увидастай бол таны өмнө дэлгэсэн энэхүү ном тэдгээрийн нэг нь байх болно гэдэг нь гарцаагүй ээ…


6. Дэлхийн түүх     Эрхлэн хэвлүүлэгч: Монсудар хэвлэлийн газар.

Уншигч бидний оюуны санд үнэтэй хувь нэмэр оруулж, ширээний ном болж чадахуйц “Дэлхийн түүх” хэмээх гайхамшигт номыг “Монсудар” хэвлэлийн газар Английн“Dorling Kindersley” хэвлэлийн газартай хам­тарч монгол хэл дээр хэвлэн гаргасан нь хүний мичин өвөг дээдсээсээ буюу 4.5 сая жилээс эхлээд өнөө үеийн 2007 оны үйл явдал хүртэлх мэдээллийг хамарчээ. Үе үеийг хамарсан долоон бүлэгтэйгээс гадна 7-р бүлгийн эцэст 195 улс-орны түүхийг тус бүрд нь тусгайлан авч үзсэн, зураг, үзүүлэн график бүхий том бүлэгүүдтэй.
 

7. Эмэгтэй хүний амьдрал 20 наснаас эхэлдэг   Зохиогч: Нам Ин Сүг Орчуулагч: О.Оюунжаргал. 

Хорин нас бол гэнэн хонгор, хиргүй тунгалаг гэсэн пайз зүүгээстэй байдаг нас. Гэвч ажил мэргэжил, гэрлэлт, байр сууриа бэхжүүлэх зэрэг амьдралын чухал сонголтын агшинд байгаа хорин настангуудад хорин нас гэдэг бол мөрөөддөг нас биш явах зүг чигээ тогтоодог нас, хорин насандаа ямар хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлэхээс их зүйл шалтгаална гэх мэт маш үнэтэй зүйлүүдийг бичсэн байна. Эмэгтэй хүн хорин хэдэн насаа хэрхэн өнгөрөөснөөс шалтгаалаад цаашдын амьдрал нь тодорхойлогддог. Өнөөдөр амьдрах зарчим Хүн бүрт амьдралаа бүтээх хүч байдаг гэж би итгэдэг. Гагцхүү үүний тулд өнөөдөртөө анхаарал хандуулах ёстой.
 

8. Эрчүүд яагаад муу эмэгтэйг хайрладаг вэ?

 Энэхүү номонд гарч байгаа муу эмэгтэй бол хорон муу санаатай нэгэн биш. Тэр бол хэнээс ч хараат бус ямар ч үед өөрийнхөөрөө байж чаддаг хүчирхэг эмэгтэй. Түүний өөрийнхөө үнэ цэнийг мэддэг энэ байдал нь эрчүүдэд таалагддаг. Эр хүн тэр бүр хайртай бүсгүйдээ тайлбарлаж хэлээд байдаггүй зүйлсийн тухай өгүүлж байгаагаараа энэ ном үр өгөөжтэй юм.
 




9. Далд ухамсар бүхнийг чадна  Зохиогч: Джон Кехо Эмхэтгэн гаргасан: Монголын психотроникийн хүрээлэн.

Хүний далд ухамсар гэж юу болох, түүний хүч чадлыг юунд яаж ашиглаж болохыг тайлбарласан ном.Логик сэтгэлгээ тус болох чадваргүй үед далд ухамсарт агуулагддаг асар их нөөц бололцоог ашиглах нь хамгийн хүнд бэрх асуудлыг шийдэхэд туслах болно.Та энэхүү номыг уншсанаар хүссэндээ хүрэх бүхий л аргыг олж мэднэ.“Далд ухамсар бүхнийг чадна” номдоо таны амьдралыг аз жаргал, амжилтаар дүүргэн, өөрчилж чадах хэд хэдэн зарчмуудыг тусгасан байна.
 

10. Урлаг - Хүүхдийн ном

 Дэлхий дахины урлагийн гайхамшигт төрөл зүйл, зарим нэгэн урлагийн бүтээл хэрхэн бүтсэн тухай, алдартай зураач барималчдын амьдрал бүтээл болон урлагийн янз бүрийн хэв маягийн тухай энэ номоос үзэж болох юм. Энэхүү ном нь алдартай зураач барималчийн амьдрал бүтээл, хэв маяг бүхий хөрөг, бүтээлээ хэрхэн туурвисан хийгээд түүхэн явцад тухайн арга ажиллагаа хэрхэн өөрчлөгдсөн, урлагийн түүхэнд олон арга барилаар хэрхэн бүтээсэн, хөгжлийн явцад хэрхэн өөрчлөгдөж хувьссан зэрэг маш өргөн мэдээллийг хүртэж чадах сонирхолтой ном юм.  
 
 
УРАН ЗОХИОЛЫН БЕСТСЕЛЛЕР
 
1. Чонон сүлд

 Хятадын зохиолч Зян Рунг талын малчин монгол айлд аж төрж олон жил мал хариулж, чонын бэлтрэг тэжээсэн айлынхаа малчидтай ижил дасал болон тэр л идээшин ээнэгшсэн аж байдлаа дэвсгэрлэн “Чонон сүлд” роман бичиж 2004 онд хэвлүүлсэн нь өнөөдөр дэлхийн 30 гаруй хэлнээ орчуулагдаж зохиолчийнхоо төдийгүй монгол үндэстний нэр алдрыг дуурсгасан. “Монсудар” хэвлэлийн газраас энэхүү номыг эрхлэн гаргасан нь уншигчдын таалалд нийцэж ийнхүү хамгийн хурдан хугацаанд уншигчдад хүрсэн номоор шалгарч монгол хүн бүрийн ширээний ном болж чадахуйц чансаатай бүтээл болохоо баталсан юм. Дэлхий дахинаа шуугиан тарьж, хэлнээс хэл дамжин өртөөлж, сая сая уншигчдын сэтгэлийн утсыг хөндөж орон орны ялангуяа орчин цагийн уран зохиолын шилдэг, хамгийн өндөр борлуулалттай номыг уншигчдадаа хүргэх зорилго тавьж ажилладгаараа уншигчдын танил болсон “Монсудар” хэвлэлийн газрынхан энэхүү гайхалтай номыг нэрт дуун хөрвүүлэгч Д.Болдбаатарын орчуулснаар монголчууддаа хүргэсэн юм.
 
2. Шинэ сар Зохиолч: Стефини Мэйер Эрхлэн гаргасан: Монсудар хэвлэлийн газар

 Энэхүү цуврал одоогоор 50 гаруй орны хэл дээр 116 сая хувь борлогдчихоод байгаа юм. Түүнчлэн дэлхийн нэр хүндтэй сэтгүүлүүд уг зохиолд маш өндөр үнэлгээг өгөөд байгаа бөгөөд тухайлбал, “Шинэ Сар  таамаглахын аргагүй, ер бусын уянгын түүх” - USA Today, “Сэтгэл догдлуулсан адал явдал, уянгын гайхалтай хослол, гоц бүтээл” -VOY, “Шинэ Сар... фенүүдээ 3 дахь дэвтрийг тэсэн ядан хүлээхэд хүргэнэ” - School Library Journal гэж дүгнэсэн байна.
 


3. Ажлаар амьсгалсан он жилүүд

 Өвдөмтгий дорой, бүрэг ичимхий үүргийн худалдаачин хөвгүүнээс Өмнөд Солонгосын нэгдүгээрт жагсах хүчирхэг компанийн ерөнхийлөгч хүртэлх няцаж сөгдөшгүй эр зоригоор ядуурал, хүнд хэцүү бэрхшээлийг даван туулсан хувь хүний сэтгэл хөдлөм түүхийг энэхүү номоос унших юм. Үүний зэрэгцээ Солонгосын орчин үеийн түүхийг ч мэдэж болох юмаа.



 
4. Сургамжит өгүүллэгүүд-3      Эрхлэн гаргасан: Эмпати төв

Хэдэн жилийн хөдөл­мөрөөр бүтсэн энэхүү энгүүн номын цувралд хүмүүсийн зан чанар, хүний мөс, сэтгэл санаа, хоорондын харилцаа, амьдарч буй орчны нөлөөг өгүүлдэг. Утга агуулгаараа хүнд нэгийг бодогдуулсан энэхүү өгүүллэгүүдээр бяцхан мэдлэг бага зэрэг дурсамж, хэсэгхэн аз жаргал хүртээхийг зорьсон. Зүгээр нэг уншаад өнгөрөх өөр. Харин өгүүллэг болгоныг тогтон уншиж сэтгэлдээ амилуулах аваас таны сэтгэлийн гүн дэх чавхдасыг хөглөхөөс гадна ерөнхий мэдлэгийн санд өөрийн хувь нэмрээ оруулна.
 

5. Монголын сонгомол өгүүллэг

 Өгүүллэг бол гүнзгий санааг цомхон бөгөөд сонирхолтой илэрхийлдгээрээ хэний ч таашаалыг хүлээдэг хүмүүсийн хамгаас их амтархан уншдаг, хүүрнэл зохиол сонирхогчид өөр өөрсдийнхөөрөө үнэлж цэгнэж чаддаг, монголын шинэ үеийн уран зохиолд нэлээд сайн хөгжсөн төрөл зүйл юм. Зохиолч яруу найрагч Г.Аюурзана, Л.Өлзийтөгсийн сонголтоор уншигчдын хүртээл болсон энэхүү ном нь 1920-иод оноос өнөөдрийг хүртэлх үеийг хамарсан шилдэг өгүүллэгүүдээс бүрджээ.  
 


6. Ногоон нүдэн лам

 Зохиолч энэхүү номоо монголд улс төрийн хилс хэргээр хэлмэгдэж байсан хохирогчид тэдгээрийн ар гэр, үр хүүхдэд зориулан бодит амьдралаас сэдэвлэн бичсэн ажээ. Grand book 2008, 2009 оны шилдэг номоор шалгарч, 2009 оны Азийн Уран зохиолын шагналын хагас шигшээд 24 номын нэгээр шалгарсан.





 
7. Сургамжит өгүүллэгүүд-1    Эрхлэн гаргасан: Эмпати төв

 Хэдэн жилийн хөдөл­мөрөөр бүтсэн энэхүү энгүүн номын цувралд хүмүүсийн зан чанар, хүний мөс, сэтгэл санаа, хоорондын харилцаа, амьдарч буй орчны нөлөөг өгүүлдэг. Утга агуулгаараа хүнд нэгийг бодогдуулсан энэхүү өгүүллэгүүдээр бяцхан мэдлэг бага зэрэг дурсамж, хэсэгхэн аз жаргал хүртээхийг зорьсон. Зүгээр нэг уншаад өнгөрөх өөр. Харин өгүүллэг болгоныг тогтон уншиж сэтгэлдээ амилуулах аваас таны сэтгэлийн гүн дэх чавхдасыг хөглөхөөс гадна ерөнхий мэдлэгийн санд өөрийн хувь нэмрээ оруулна.

 
8. Бүрэнхий   Зохиолч: Стефини Мэйер Эрхлэн гаргасан: Монсудар хэвлэлийн газар

 Уг зохиол англи хэл дээр хэвлэгдсэн даруйдаа сая сая уншигчийг байлдан дагуулж, нэр нөлөө бүхий сэтгүүлээс гаргадаг хамгийн их борлуулалттай номын жагсаалтыг тэргүүлсэн байна. “Бүрэнхий” зохиолын санааг зохиолч тун санамсаргүй олжээ. Тэрбээр зүүдэндээ залуухан хос бяцхан довцог дээр гараад суучихсан чухал сэдвээр хөөрөлдөж байхыг үзсэн байна. Бүсгүй нь энгийн нэгэн, харин залуу нь ер бусын үзэсгэлэнтэй цус сорогч байсан гэнэ. Ингээд гурван сарын туршид зохиол болгон бичиж дуусгажээ.  
 


9. Домогт ану хатан     Зохиолч: Б.Шүүдэрцэцэг

 Эдүгээгээс гурван зуун арван дөрвөн жилийн өмнө, арван хоёрдугаар жарны баригч хэмээх эр гал хулгана жил буюу аргын тооллоор 1696 онд Тэрэлжийн Зуун модонд Монголын тусгаар тогтнолын төлөө Манжийн эсрэг хүч тэнцвэргүй тулаанд эрэлхэгээр амь эрсэдсэн, хайр сэтгэлдээ үнэнч, халуун эх оронч монгол бүсгүй Ану хатны домгийг түүхэн үндэслэлтэйгээр өгүүлсэн байна.  
 




10. Зуун жилийн ганцаардал   Эрхлэн гаргасан: “Монсудар” хэвлэлийн газар

 Колумбын алдарт зохиолч Габриэл Гарсиа Маркесийн 1967 онд бичсэн “Зуун жилийн ганцаардал” бол Латин Америкийн орнуудын шилдэг романы нэг бөгөөд Маркес энэ бүтээлийг туурвисны учир утга зохиолын салбарт Нобелийн шагнал хүртсэн билээ. Зохиолын үйл явдал Макондо хэмээх нэгэн жижигхэн хотод өрнөх бөгөөд энэ нь Колумбын түүхэн үйл явдалтай салшгүй холбоотой юм.

Г.Даша

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна