-Осолд өртсөн жолоочийг гаргаж авсан уу?
-Осол гарсан Рэнчинлхүмбэ сумын дөрөвдүгээр багийн нутаг “ Адуутын ам” гэдэг газар буюу Хөвсгөл нуурт машинтайгаа живсэн Б-г нуурны гүнд 45 метр газарт живснийг манай Онцгой байдлын хэлтсийн аврах бүлгийнхэн олж тогтоосон. Одоогоор цогцсыг гаргаж авахаар ажиллаж байна.
-Хэдийд энэ осол гарсан юм бэ, жолоочоос өөр бэртэж гэмтсэн, амь насаа алдсан хүн бий юу?
-Шатахуун тээвэрлэгч ХӨА 92-01, ХӨА 75-79 улсын дугаартай том оврын хоёр автомашин энэ сарын 08-ны өдрийн 14.00 цагийн үед 13 мянга орчим литр шатахуун тээвэрлэж Мөрөнгөөс Цагааннуур суманд хүргэхээр явж байгаад Рэнчинлхүмбэ сумын дөрөвдүгээр багийн нутаг дэвсгэрт буюу Хөвсгөл нуураар явж байгаад осолдож жолооч Б, Э нар эсэн мэнд гарч, туслах жолооч Б нас барсан.
-Нуурын мөс цөмөрсөн гэж сонссон, яг ослын шалтгааныг тогтоосон уу?
-Чиглэлээ өөрчилж явснаас нуурын мөс цөмөрсөн байж болзошгүй гэсэн урьдчилсан таамаг байна. Яг ослын шалтгааны эцсийн дүгнэлт гараагүй.
-Живсэн автомашинуудын шатахуун нуур руу асгарсан уу. Тэдгээр шатахуун тээвэрлэгч машинуудыг хэзээ гаргаж авах вэ. Удвал шатахуун асгарах аюултай юу?
-Манай аврах албанынхан эхний ээлжинд осолдсон хүний цогцсыг гаргаж авахаар ажиллаж байна. Дараагийн ээлжинд нуурын гүнд живсэн хоёр автомашины шатахууныг соруулж авна.
-Шатахууныг соруулж авахад ямар нэгэн хүндрэл гарахгүй юу. Нуур бохирдохгүй гэх баталгаа бий юу?
-Мэргэжлийн баг ажиллах учраас нуур руу бинзен асгарахгүй байх. Удахгүй машины шатахууныг соруулж авах байх. Аймгаас нэмэлт баг ирж ажиллана.
Н.Түвшин